нийгэм

Жүжигчин Бооёо: Би хошин урлагт олон шинэ залуучуудыг хоолонд нь хүргэх гэж зүтгэсэн.

0

-Нэгэнт инээдмийн баяраас яриагаа эхэлснийх хошин урлагийн өмнөх жүжигчдийнхээ тухай дурсахгүй юу. “Элдэв зураг”-ийн Жанчивдорж, Дашхүү, за тэгээд Дорлигжав, Цэвээнравдан, алиалагч Батсүх, Латиф гээд аваргууд байлаа даа?

-“Шинэ үе” продакшнаа байгуулчихаад байх үедээ Жанчивдорж гуай, Дашхүү ах хоёрыг урьж тоглолтдоо оролцуулдаг байлаа. Алиалагч Батсүх ах маань бидэнтэй мөн л уран бүтээл хамтарч хийгээд явж байсан. Тэр он жилүүд энүүхэнд л юм шиг санагдаж байна.

Цэрэнпагма, Дорлигжав, Цэвээнравдан энэ хэд бол инээдэм гэдгийг жинхэнэ утгаар нь олон түмэнд мэдрүүлдэг, хошин урлагийн жүжигчдийн ур чадвар ямар байхыг үлгэрлэн үзүүлсэн авьяастнууд. Тэд үе үеийн уран бүтээлчдийн зүрхэнд мөнхөрч үлдсэн байна. Бүгдийнх нь зүрхэнд өөрсдийнхөө бүтээсэн дүрээрээ тамга дарчихаад яваад өгсөн байна. Тэдний л гар хөлөөс зүүгдэж хошин урлагийн босгыг алхжээ. Баачка ах (гавьяат жүжигчин Д.Батсүх) надад хэлдэг байсан. “Миний хүү мундаг шүү. Инээдэм гэдгийг зөв мэдэрч тоглож байгаа чинь сайн хэрэг” гэж урмын үгээр шагнаж байлаа. Инээдэм гэдэг бол хэт их маазрал бас биш, жинхэнэ жүжигчний ур чадварыг шалгадаг төрөл жанр юм байна гэдгийг аваргуудаас сонсоод ойлгож байлаа. Батзаяа, Сосорбарам, Чаминчулуун, Туяа гээд бүгд л бидэнд үлгэрлэж ирсэн, хошин урлагийн зам мөрөөр замнасан уран бүтээлчид. Бүгдийнх нь тухай л яримаар байна.

-Та хэсэгтээ л чимээгүй байлаа. Чимээтэй байлаа гээд ч яах билээ. Танай хамтлагийн жүжигчин бүсгүйчүүд нэгнээ халуун усаар шалзалж, нийгэмд дуулиан дэгдээсэн. Уг хэрэг түүнийг тойрсон шуугиан намжиж амжаагүй байтал танай хамтлагийн авьяаслаг залуу жүжигчдийн нэг Билгүүн автын ослоор, цаг бусаар амиа алдаж дараалсан айхтар юм боллоо?

-Морь жил надад их хатуу байлаа. Дараалсан хоёр айхтар зүйл гэж өөрөө манай продакшнтай холбогдуулж хэлж байна. Миний хувьд бас нэг айхтар зүйл, уй гашуу тохиосон. Олон түмэн мэдэж байгаа. Оюутан ахуй цагаасаа салалгүй нөхөрлөсөн уран бүтээлийн анд Амбий маань бурхны оронд одсон. Үүнд маш харамссан.

Сэтгэлийн дарамт, уй гашуу энэ бүхнийг хүн даваад л гарах хэрэгтэй. Хүмүүний амьдралын зовлон гунигийг тойрч өнгөрч болдоггүй. Хатуу бэрхийг сэтгэлийн хатаар даагаад л гарах чадвар хүнд байх л учиртай. Миний бие энэ хугацаанд ингэж л бодож, өөрийгөө зоригжуулж, хатуужиж байлаа. Манай хамтлагийн хувьд дараалсан хоёр айхтар зүйл тохиосон. Зовлон зүдгүүр амсаад ирэхээр хүн өөрийн эрхгүй хатууждаг юм байна.

Хүнээрээ байж хорвоог туулахсан гэж боддог юм байна. Бусдынхаа зовлонг өөрийнх мэт хуваалцаж, уй гунигийг нь хамтдаа амсах учиртайг ойлгодог юм байна. Бусдын жаргалыг мөн өөрийнх мэтхүлээн авч чин зүрхнээсээ баярлаж чаддаг байх хэрэгтэйг сайтар ухаарлаа.

Манай “Шинэ үе”-ийн залуучууд энэ бүхнийг хамтдаа л давж гарсан. Хүмүүний амьдралын баяр гуниг ээлжилдэг шиг жаргал зовлон хэмжээтэй байдаг хойно бидэнд учирсан аюул зовлон ингээд дуусч байгаа байх гэж итгэж найдаж байна даа. Хэн хэн нь хүлээцтэй, тэвчээртэй байж чадалгүй тийм айхтар зүйл хийсэн уран бүтээлч хоёр дүүгийнхээ өмнөөс харамсаж байна. За тэгээд төрсөн дүү шигээ сэтгэлдээ хадгалж, хайрлаж явсан бүрлээч Билгүүнийхээ араас ямар их харамсаж байна гээч.

Харамсаад ч ханахгүй юм. “Шинэ үе” продакшныг байгуулж залуучууд, дүү нараа олны танил болгосон гэхээсээ илүү тэд өөрсдөө хошин урлагт тодрон гарч ирсэн авьяастнууд байсан. Бооёогийн хүчээр биш тэд өөрсдийнхөө хүч хөдөлмөр, авьяас чадвараараа мандсан юм шүү. Би ингэж хэлэх дуртай. Хүнд бэрх цагт бидний зовлонг хамт хуваалцаж, гудманд таараад “За Бооёо минь хугарч, нугарч болохгүй шүү.

Зовлонг даагаад гарна шүү. Билгүүний осол золгүй явдал. Түүнд чи өөрийгөө буруутгаад шаналаад байх хэрэггүй. Ард түмэн чамайг, та бүгдийг урьдынхаараа л хайрлана” гэж хэлэхэд нүдний нулимс гарах шиг болж байсан үе надад бий. Сэтгэлийн дэм өгч, уй гунигийг минь хуваалцаж байсан ард түмэндээ баярлаж байна.

-Оюунтуул, Алдармаа хоёрын дуулианы дараа та манай сонинд ярилцлага өгч байсан. Түүнээс хойш чимээгүй байлаа. Шүүх хурлын явцын талаар танаас асуух гэсэн юм. “Олон хүний нэр төрийн асуудал яригдана” гээд шүүх хурал хаалттай болсон. Тэр ямар учиртай юм бол?

-Яалт ч үгүй л нэг тогооноос хоол идэж явсан хоёр уран бүтээлч дүү минь. Тэр хоёрхэн хэн нь гэмшдэгээ гэмшээд бүх зүйл болоод өнгөрсөн. Миний бие нэгэнт болоод өнгөрсөн тэр хоёрын асуудлыг сэргээж, сэдрээж, үйл тамыг нь үзэх гэж байгаа юм шиг дахин дахин ярихыг хүсэхгүй байна. Нэг нь эмчилгээндээ яваад, нөгөөдөх нь хариуцлагаа хүлээгээд байж байгаа. Хоорондоо сайн ойлголцсон. Амьдралын зам гэдэг урт шүү дээ.

Залуу хүнд алдах онох зүйл бишгүй л тохиолдоно. Тэр хоёрыг олон сайхан ирээдүй, он жилүүд хүлээж байгаа. Бүхнийг дахиад шинээр эхлээд зүтгэхэд залуу хүмүүст цаг хугацаа байна. Цаашид урлагтаа зүтгэх үү, өөр салбарт хүч сорих уу гэдэг тэдний өөрсдийн асуудал. Хэрвээ урлагт хайртай гээд бидэн дээрээ хүрээд ирвэл цаашаа гэхгүй. Шинэ бүтээлдээ дүр хуваарилаад урьдынхаараа ажилдаа орно.

-Талийгаач Билгүүний талаар танаас бас л асуухгүй өнгөрч болохгүй нь уучлаарай. Та түрүүнд хэллээ, төрсөн дүү шигээ хажуудаа авч явжээ гэж. Үнэхээр авьяаслаг сайхан залуу байсан. Даанч богино настай байжээ?

-Хамтлагтаа залуу жүжигчид сонгож авах гэж Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангид очихдоо Билгүүнийг анх олж билээ. Найдангийн Ганхуяг багшийн анги л даа. 110 тоотод хоёрдугаар курсынхэн хичээллэж байхад нь би орсон юм. Отгоо, Ганбаа, Билгүүн гурав чинь нэг ангийнхан. Хуруу зааж, өөрийн биеэр зүсэлж авсан дүү нар минь юм. Билгүүн шууд л нүдэнд тусч билээ. Туранхай, жижгэвтэр, дэлдэн банди нүд нь гялалзаад зогсож байсан сан. Их сэргэлэн, хурц нүдтэй хүүхэд харагдсан. Ангийн нөхдийнх нь өмнө зогсоож байгаад “Ах нь чамайг хамтлагтаа авна. Чи маш их таалагдаж байна.

Хаанахынх вэ” гэж асуутал “Төмөр замынх” гэв. Бид хоёр чинь нэг дорынх юм байна гэж бодтол миний төгссөн 51 дүгээр сургуулийг төгссөн болж таараад бүр ойртуулчихаж билээ. Ингэж хоёрдугаар курсын оюутан хүү манай хамтлагт орж ирээд амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл ахынхаа дэргэд явсан. Үеийнхэн дундаа үнэндээ цахиур хагалсан жүжигчин байлаа. Нэгнээ амьдад нь магтаж, хайрлаж байя гэж хүмүүс хэлдэг.

Би дүүгээ сэрүүн тунгалагт нь нүүрэн дээр нь хэлдэг байсан. “Чи бол үеийнхнээсээ тасарч байна шүү” гээд л хэлнэ. “Үнэн үү, Бооёо ахаа” гээд баярлаад ирнэ. Үнэндээ золгүй, азгүй юм болсон л доо. Манай жүжигчин Аси тэргүүтэй гурав дөрвөн уран бүтээлч хамт явсан. Бусад нь зүгээр. Аси маань одоо киноны уран бүтээлд орчихоод явж байна.

-Удахгүй танай продакшны кино нээлтээ хийх гэж байна. Тэр талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Хөгжилтэй гэр бүл” гэж инээдмийн кино юм. Уг бүтээл дөрвөн гол дүртэй. Түүний нэгд манай бүрлээч тоглосон. Уран бүтээлч хүн хэдий орчлонгоос явсан ч гэсэн хүмүүсийн сэтгэлд дэлгэцийн бүтээлээрээ гэрэлт цамхаг босгодог. Талийгаач дүү минь “Хөгжилтэй гэр бүл” киноны дүрээр тийм гэрэлт цамхаг босгож чадсан. Бид бүхний дараа үеийн ур чадвар энэ киноноос харагдана гэж бардам хэлэх байна. Билгүүнийг “За чи, нам авлаа ш дээ. Угийн од хүн. Гэвч энэ кино чамайг улам бүр мандуулнаа” гэж хэлж байсан. Гэвч киноныхоо нээлтийг үзэж чадсангүй нь харамсалтай. Энэ бүтээлд урилгаар гавьяат жүжигчин Чаминчулуун, Оюундарь, драмын театрын жүжигчин Нармандах, Пүрэвдорж болоод хошин урлагийн Өлзийхүү, Аси гээд олон уран бүтээлчид оролцсон. Инээдмийн жанрын гол бүтээл болно байх гэж итгэж байна.

–Монголын хошин урлаг нэгэн үеийн гол төлөөллүүд бүр тодруулж хэлбэл, тулгын гурван чулуу нь Амбий, Хүрлээ та гурав байсан. Хамтарч уран бүтээл хийж байхдаа олныг хэрхэн яаж байлдан дагуулж байлаа. Хошин урлагийнхан гэхээр хүмүүст Амбий, Бооёо, Хүрлээ гэсэн нэр л шууд буудаг. Гэвч уран бүтээлийн анд тань хорвоог орхилоо. Анх танилцаж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Сайхан хүнийг дурсах сайхан байдаг. Инээдмийн баярын энэ өдөр андаа дурсаад сууж байгаа минь надад сайхан байна. Нэг талаар сонин сэтгэгдэл төрж байна. Итгэхгүй ч байгаа юм шиг. Хүрлээ бид гурав ямархан уран бүтээлчид байсан, хэр хэмжээний уран бүтээл олонд хүргэж сэтгэлийн цэнгэл эдлүүлснийг яриад баршгүй. Манай Амбий бол хошин урлагийн төлөө төрсөн, хүмүүст инээдэм хөгжөөн, сэтгэлийн баяр баясгалан өгөх гэж хорвоод ирсэн уран бүтээлч байлаа. Бид хамтарч ажиллаад дараа нь тус тусынхаа бизнесийг хөөсөн. Амбий маань өөрөө бас хамтлаг байгуулсан. Гэвч сэтгэл зүрхнээсээ алхам ч холдоогүй дээ.

Би муу найзыгаа үргэлж бодож, бие хаа нь гайгүй л байгаа даа. Ойрд ямар бүтээл дээр ажиллаад манаргаж байгаа бол гэж боддог байлаа. Сүүлд өнгөрөхийнх нь өмнө очиж уулзсан. Огтхон ч гуньж гутралгүй хорвоог орхисон.

Бид хоёрын танилцсан түүх бас сонин. Би СУИС-ийн оюутан боллоо. Манай хүн Дорнодоос мөн оюутан болоод ирж байгаа юм. Бид хоёр удаа ч үгүй дотно нөхөрлөлөө. Манайхаар орж гарч, хооллож ундалж хамаг л юманд хамт байлаа. Тэгтэл Амбийгийн аав Цэвэгсүрэн гуай Дорнодоос яриад “Миний хүү яажшуухан байна. Наана чинь аавтай нь хамт Дорнодын театрт ажиллаж байсан Намсрайжав гэж найруулагч бий. Тэднийхийг сураад очдог юм шүү” гэж хэлэхэд мань эр хэдийнэ олоод ирчихсэн, хүүтэй нь нөхөрлөчихсөн байж билээ.

Ингэж хорь ч хүрээгүй хонгор зүстэйгээсээ нөхөрлөсөн юм. Соёл урлагийн их сургуульд хамт суралцаж, хамт төгсөж, драмын театрт хамт ажиллаж, дараа нь “Шинэ үе”-ийг хамтдаа байгуулж байсан гээд бодохгүй юу. Найзынхаа тоглосон бүхий л уран бүтээлийг нь үздэг. Хамгийн сүүлд “Содура” киног нь үзээд өөрийн эрхгүй найзынхаа авьяас билгээр бахдаж сууна. Ийм л дотнынхоо андыг, төрснөөс ялгаагүй хайрт дүүгээ ойрхон алдлаа. Ахиад хэлэхэд, баяр гуниг ээлжилдэг хорвоо юм даа. Илүү ихийг хийж бүтээх он жилүүд намайг хүлээж байгаа гэдэгт итгэл дүүрэн байнаа, ах нь.

Автобусанд уучлаарай хажууд чинь сууж болох уу гээд нэг залуу асуухаар нь зөвшөөртөл…

Өмнөх нийтлэл

Цэндбаатар:Намайг байртай болгож өгсөн Монголын ард түмэн болон Мөнх-Эрдэнэ ахдаа баярлалаа. Надад одоо…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм