Монголын анхны реппэр, реп хамтлагийг үүсгэн байгуулагч Хар тас-ын Марка 10 жилийн дараа 2015 онд өгч байсан ярилцлагыг хүргэж байна. Тухайн үед 10 жилийн турш хэвлэлд ам нээгээгүй тэрбээр энэ хугацаанд багагүй бэрхшээл туучсаар хамтлагийнхаа 25 жилийн ойтой золгож байжээ.
-Сүүлийн 10 гаруй жилийн турш хэвлэлд ам нээгээгүй ховор хүнтэй уулзсандаа баяртай байна. Таныг тайз ч их үгүйлсэн байх. Хар тас гэнэт гарч ирсэн шигээ гэнэт замхарсан энэ жилүүдэд Марка хаагуур, юу хийж явав?
-Ойрын хэдэн жил суурин байж, тэнгэр газрын үйл их хийлээ /инээв/. Францад биеэ эмчлүүлэхээр очоод гурван жил амьдарлаа. Их хүнд өвчин, элэгний церриоз тусаад тэр сайхан орны буянаар таван цул эрхтэн маань эрүүлжээд эх орондоо эргэж ирсэн. Анхны эхнэрээсээ бүрмөсөн салаад шинэ гэр бүлтэй боллоо, одоо хоёр охинтой. Өмнөх амьдралаас нэг охин, нийтдээ 3 охинтой. Ам бүл, айл болоод байж байна даа.
-Франц явахдаа та өмнөх эхнэртэйгээ хамт байсан уу?
-Салаад явсан. Хамт байгаад байвал болохгүй юм байна … /бодолхийлэв/. Залуу хүмүүс бие биенээсээ хол байгаад байх тусам сална гэсэн үг юм байна. Манай эхнэр Япон руу их явдаг ажил хийдэг байсан. Тэр нь ерөнхийдөө салах шалтгаан болсон.
-Анхны эхнэртэйгээ хэдэн жил амьдарсан юм бэ?
-Уянгааг 15-тайгаас юм байна. Би тэгэхэд 17-той байлаа.
-Од болох гэж байсан үе үү?
-Ерөнхийдөө од, ид мандаж байсан үе. Уянгааг 15-тайгаас нь найраад /инээв/, 17, 18 жил хамт амьдарсан.
-Том охин чинь хэдтэй вэ?
-Одоо 16 хүрч байна.
-Уулздаг уу?
-Америкт сурч байгаа. Байнга холбоотой байдаг.
-Таны талаар усны гүнж Укагийн нөхөр гэдэг ганц өгүүлбэр л явдаг. Өнөөдрийг хүртэл энэ талаар та хоёрын хэн нь ч дэлгэрэнгүй ярьж байгаагүй?
-Би бол ярихыг хүсдэг ч үгүй. Яах юм, Уянгаа ч бас хүсдэггүй байх. Гэхдээ зарим нэг мэдээлэл дээр инээдтэй, инээдтэй юм ярьсан байдаг юм билээ.
-Алдаатай, буруу ойлгочихсон, мэдэхгүйгээсээ болоод та хоёрын талаар ташаа ойлголттой хүмүүс байвал залруулах үүднээс ярьсан нь бас зүгээр л дээ. Таны экс гэргий багаасаа спортоор хичээллэсэн, нийгмийн идэвхитэй охин байжээ. Хамт байх тэр үеийг дурсаач?
-Уянгаа энэ спорт руу орох шалтгаан, суурь нь надаас улбаатай. Найз нөхдүүд нь бүгдээрээ урлагийн хүмүүс, Гурван охин-ы Соко, Отгоо гээд. Тэд бүгд миний ард явдаг байсан. Надаас салаад тэд нартай явчихсан гэсэн үг. Надтай хамт байхдаа бизнесийнхээ санааг олж авсан. Дуу хөгжимд бас дуртай байсныг ч хэлэх үү, надтай хамт байгаад байхаар нэг нэгэндээ уусаад. Байнгын тоглолттой тэр үед манай хамтлагийнхан шиг өндөр цалинтай хүн ч байсангүй. Компанийн захирлуудаас ч илүү орлоготой байсан гээд бодохгүй юу. Хичнээн машин, хичнээн байр авчих мөнгөөр шоудаад хамаг цагаа үрсэн дээ. Шоу цэнгээн, залуу нас бүх юм гарын салаагаар урссан. Долоо хоногт хамгийн багаар бодоход 92, 93 онд нэг хүн нь 700 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Москвич 14 мянган төгрөг, Лада 20 мянган төгрөг, Лада авч унасан хүн зүгээр аймаар байлаа ш дээ. Тэгэхэд бид сард нэг хүн нь 21 мянган төгрөгний цалинтай байлаа.
Монголын бүх бүжиглэдэг залуучууд ч биднийг дийлэхээргүй байсан
-Та хэдэн настайдаа урлагт хөл тавьсан бэ? Бусдаас нэг шат давж гишгэн, хип хоп урлагийг Монголд оруулж ирэхдээ тийм жаахан байсан гэхээр сонин байна.
-Би Хөгжим бүжигт Төгөлдөр хуурын ангид сурч байсан. Хийлийн удирдаач Чинбат гуайн эхнэр Наранцэцэг багшийн шавь. Надтай нэг ангид Даваахүү гээд одоо гавьяат болсон чуулгын бүжигчин байлаа. Бид хоёр Наранцэцэг багшийн гарын шавь нь. Төгөлдөр хуурыг би боломжийн сурсан, ямар ч хүнээс дутахгүй тоглодог. Классикийг нэг их тоглодоггүй, поп тал руугаа дардаг.
-Монголд төдийгүй дэлхийд сурагчид нь цахиур хагалж байгаа Хөгжим бүжгийг орхисон гэж дуулсан. Харамсдаггүй юу?
-Хөгжим бүжиг угаасаа номер нэг. Манай ангийн сайчууд бүгд филармонид бий. Филармонийн Болормаа, Америкт Хатанбаатар хийлийн чиглэлээр тэндээ мандаж байна. Батсуурь маань Швейцарьт байгаа. Миний нэг сонин зан бий, хүнээр заалгуулах дургүй. Классик хөгжим заалгуулж сурч байхдаа үүнийгээ мэдэрсэн. Одооны хүүхдүүд шиг биеэ дааж, шинэ ертөнц нээх гээд л. Тэгээд ерөөсөө энэ сургуулиас гарсан нь дээр гэдгийг ойлгосон. Өөрийнхөөрөө л явья гэж шийдээд гарсан.
Яг гарсан жил дөнгөж MTV Монголд цацагдаж, шилдэг шилдэг реппэрүүд гарч ирж байсан. Энэ чинь миний урлаг мөн байна гээд базаж авсан. Хөгжим бүжигт байсан хүн чинь шууд сэтгээд ерөөсөө ая хийе, дуу хийх ёстой юм байна гээд хийж эхэлсэн.
-Хар тас хамтлагийн түүхийг хоёулаа эргэн сөхье. Хаанаас үүсэлтэй, хэн хэн анх үүсгэж байв, анхдагчдаас одоо сураг ажиг байна уу?
-Хар тас 11-р хорооллоос үүсэлтэй, Зоригоо Жагаа гэдэг хоёр залуу үүсгэсэн. Тэд Хар тас-ыг 90-ээд онд үүсгээд сүүлд бүрэлдэхүүнд Батсүх, Тамираа, Пүүгий, Ориг МС тэгээд би, нийт 5 хүн хамтлаг байгуулсан. Соёлын төв, Выставка хоёрт диско болдог. Эндээс шилэгдсэн, хамгийн сайн бүжиглэдэг тав нь цугларсан. Бид тав тус тусдаа аймаар бүжиглэнэ, бүгд охид хүүхнүүдийг хуйлруулна /инээв/.
Гүйцэх хүн байхгүй. Монголын бүх бүжиглэдэг залуучууд ирээд дийлэхгүй. Тавуулаа нийлээд л тэмцээнд нь ороход зүгээр дэлбэлээд гарна. Тэгээд дуугаа хийх боллоо. Бид Piblic Enimen гээд Бруклинээс гарсан арьс өнгөний үзлийн эсрэг дуулдаг хип хопын суурийг тавьсан хамтлагаас санаа авсан юм. “Хонх” хамтлаг гэхэд энгийн гарч ирсэн, Хонхны дуу сэрээч ээ гээд үг нь их энгийн. Бид шууд дайрсан, Та нарын идэж уух үнэхээр дийлдэхээ болилоо. Өмсөж зүүх хэцүү боллоо бид нар өлсөж үхлээ гэх маягаар.
-Хар тас-ын хамгийн алдартай дуу Бүрхэг тэнгэр. Тухайн үед ёстой бут авсан санагдана?
-Бүрхэг тэнгэр хүссэн хүсээгүй хип хопын анхны эхлэл, эх суурийг тавьсан хичээл гэж хэлж болно. Бүх хип хоп хамтлагууд Бүрхэг тэнгэр-ийг дуулж, үглэж сурдаг байсан. Хип хопын анхны А үсэг, цагаан толгойг тэр дуугаар бид анх тавьж өгсөн. Тэгээд явцдаа гангстер дуу хийгээд явахгүй болох нь мэдрэгдсэн. Бид нарыг цагдаа, хүчний байгууллагаас аймаар дарамталдаг байсан. Үс гэзэгнээс авахуулаад л нийцэхгүй, барьж авч зодно. Бүгдээрээ аймаар аймаар үстэй, шивээстэй, МС бол бүр битүү шивээс.
Тийм ёс суртахуунгүй юмыг яаж нийгэм хүлээж авах юм. Цагдаа, багш нар, эцэг эх гээд бүгд л эсэргүүцэж эхэлсэн дээ. Бид мөнхийн эсрэг үзэлтнүүдтэй тэрсэлдэж маш том нээлт хийсэн. Одоо энэ урсгал өдий зэрэгт хүрээд байгаад би хувьдаа сэтгэл хангалуун байдаг. Хангалттай, бид дайрсан, хийсэн, чадсан.
Надтай хамт унтаад хамт сэрдэг 30 хүн байсан
-Хар тас энэ жил 25 нас хүрч байна. Тийм эрч хүчтэй, дайчин хамтлаг алга болохгүй тасралтгүй дуулвал дуулах л байсан байх?
-Ингэсэн юм, Бүрхэг тэнгэр-ийг хийлээ. Дуунууд нь хүнд болоод байхаар байнгын зодуулж дуу хийнэ гэж юу байдаг юм гэж бодсон /инээв/. Тухайн үед П.Жасрай агсан ерөнхий сайд байлаа. Тэгэхэд бид бацаанууд байж шууд П.Жасрайг хийж байгаа юм, Жалга довны хэрүүл хийдэг Жасрай ахаа болиоч ээ гээд. Одоо тийм үгтэй дуу хэн ч дуулахгүй байгаа. Багабанди, Жасрай, Очирбатаа гээд яг нэрээр нь шууд довтолж дуулсан. Бид тухайн үеийн гангстерууд, хороололд, булан тохойд очиж дуулна. Өөр бэлдэх газар байхгүй юм чинь. Хэсэг гангстерууд нийлчихсэн, хорооллын 20, 30-аад хүн. Тэгээд дуу нь хүндрээд ирэхээр масст хамруулья, ая хийе гэж шийдсэн. Юун төлөө би төгөлдөр хуурч билээ.
Тэгээд Охин заяа гээд хит дуу болон маш олон дуунууд гаргасан. Тухайн үед хөгжим бичдэг хүн байхгүй, хөгжим нь ч байхгүй байсан даа. Хоолой бичдэг газар байхгүй. Хоовон ах л ганц бичдэг, тэр нь бас олигтой болоогүй юмуу даа. Талийгаач Гориэ Ганбаа гээд их чадалтай, хөгжим бүжгийн клашд байсан залуутай1993 онд 12 дуутай кассет хийсэн. Тэгэхэд нэг дууг нь 6000 төгрөгөөр бичүүлж байлаа. Одооныхоор бүр тамтгаа алдсан мөнгө. Бид нусанхай бацаанууд, тэгсэн хэрнээ л май гээд өгч байлаа.
– Тийм өндөр үнээр зодож кассет хийсэн юм чинь, борлуулалт алсан уу?
-Бид хүүхдүүд, тэгээд л алдчихсан. Тухайн үед кассетны хөгжим гарч ирээд, нөгөө кассетыг хуулбарлаад бичсэн газар маань зах дээр тараагаад. Тэгээд ашиггүй, менежмэнт нь байхгүй юм чинь. Одоо надад бүх юм яг эх хувилбараараа байгаа.
-Харамсалтай юм болжээ. Тэр хуучны бичлэгээ youtube рүү оруулсан уу? Ер нь хуучны дуунуудаа сэргээж хүргэх талаар бодож төлөвлөсөн зүйл байна уу?
-Фэйсбүүк, сошиал медиагаар маш олон хүмүүс та нар дахин тоглооч, тухайн үеийн хувилбараар CD-гээ гаргаач гэж ханддаг. Би CD-гээ гаргах гэж байгаа. Энэ хавар гэхэд бараг гаргачихна. Засвар хийхгүй, хийх ч шаардлага байхгүй. Үнэхээр хангалттай дуугаралт. Яг оригоороо ард түмний гар дээр очно гэсэн үг.
-Хар тас-аас гадна та ганцаараа нэг хэсэг бут авч байсан. МУГЖ Т.Ариунаатай дуулсан Үггүй мордсон чи минь дуу гараад ёстой таны хэлдгээр дэлбэлсэн дээ, тийм ээ?
-Хамтлаг маань дэлбэлээд ид өндөрлөгөө авлаа. Хамгийн аймаар, урлагийнхныг ганц алдаг юм архи. Хамтлаг нэг хэсэг байж байгаад алга болчихдог нь нөгөө архиндаа нам цохиулдаг байхгүй юу. Фэнүүд гээд байгаа хүмүүс л алдаг юм даа. Ний нуугүй хэлэхэд намайг яг 30 хүн байнгын дагаж явдаг байсан. Надтай хамт унтаад, надтай хамт босоод явдаг байсан. Би тэр 30 хүнийг байнгын архидуулдаг. Тэд ерөөсөө л намайг хөөргөх үүрэгтэй.
-Тэр үед эхнэр чинь хаана байсан юм? Тийм олон хүнтэй яваад байхаар бас юм хэлмээр юм.
-Хамт л байгаа юм чинь. Тэрэнд бас орж уусаж байна шд /инээв/. Үнэхээр энэ гоё ч байдаг юмуу. Мөнгө бол зүгээр арай дэндүү. Уудаг юм нь виски болчихож байгаа юм чинь. Тэгж аймаар живсэн байхгүй юу. Энэ бол зүгээр л дампуурал. Кинон дээр одууд мөнгөтэй болоод аймаар, аймаар бөгж зүүгээд, пээдийгээд сүүлдээ дампуурдаг ш дээ. Яг л тэр амьдрал. Тэгж яваад элгээ устгачихсан даа.
Манайхан бүгдээрээ чулууны нэртэй
-Та ингэхэд ямар айлын хүүхэд юм бэ? Гэрийнхэнд чинь урлагийн хүн байсан уу?
-Аав маань хөгжмийн зохиолч Индэрээ гэж маш олон шавьтай хүн. Чинзориг агсан, Адарсүрэн гуай гээд Монголын бүх л томчууд манай аавын шавь нар. Өөрийнх нь маш олон дуунууд алтан фондод байдаг. Нутаг усныхан нь, Баянхонгорын Байдрагийнхан бүгд мэднэ. Уул усаа их магтан дуулдаг хүн. Ээж маань насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан, хамгийн сүүлд гэмтлийн эмнэлэгт ажиллаж байгаад бас өөд болсон доо.
-Та айлын хэд дэхь хүүхэд вэ?
-Айлын бага, дээрээ хоёр эгч, нэг ахтай. Манай гэр бүлээс би ганцаараа аавынхаа замналыг дагаж урлагт орсон. Өөрөөрөө урлагийн генээ таслаад яахав, маргааш охиныгоо хөгжим бүжигт оруулах гээд бэлтгэлийг нь хийлгээд сууж байна.
-Та Хөгжим бүжгээс гараад дахиж суралцсан уу?
-Хөгжим бүжигт суралцаад дараа нь Соёлын коллежид орсон. Манай ангид Маднесс хамтлагийн дуучин Сайханаа байсан. Би хичээлдээ суухгүй, байнгын тоглолттой гээд явчихна. Гавьяат Бат-Эрдэнэ, одоо Соёлын коллежийн захирал болчихсон байна уу даа, нөхөрт анх хип хоп, реп гэдгийг мэдрүүлж байлаа. Жон жон гээд үглээд яваад байхаар чинь гайхдаг байсан юм. Тэгсэн аймаар урлаг байж шүү гэж одоо ярьдаг юм.
-Та унаган хотын хүүхэд билүү. Аль дош-ных билээ?
-Би хорооллын унаган хүүхэд, Өргөөгийн хажуу талын 2-р байрных. Одоо ч тэрнийхээ урд амьдарч байна. Тэр хавиасаа хөдөлж болдоггүй ээ, нүүсэн чинь бас нийцдэггүй юм байна. Тэнд гоё ш дээ, ард түмэнтэйгээ бужигнаад.
-Хар тас-ын Марка, Марка л гэх юм. Таны жинхэнэ нэрийг хэн гэдэг юм бэ?
-Бадмаараг ш дээ. Эгч бацаан байхад Марка гэдэг нэрийг өгсөн. Маарга нь Марка болчихгүй юу. Бадмаараг бол үнэт чулуу. Ихэвчлэн охидуудад Бадмаараг гэж нэр өгдөг. Манай гэрийнхэн бүгдээрээ чулууны нэртэй. Ах маань Номинбадрал гэдэг хүн бий. Оюунчимэг, Оюун-Эрдэнэ тэгээд Бадмаараг.
Энэ амьдралаас ганцаараа явахаар шийдэх үедээ эхнэртэйгээ учирсан
-Ингэхэд эхнэрээ танилцуул л даа?
-Эхнэр маань яах вэ, энгийн л бүсгүй. Ярих хэрэг байна уу? Одоо 24 настай, надаас нэлээн дүү. Тиймэрхүү хүүхэн авч суусан. Урлагийн хүн биш.
-Тийм урт удаан хугацааг хамт өнгөрөөчихөөд анхны гэргийгээсээ салах амаргүй байсан байх?
-Тэгээд шийдэхгүй бол болохгүй ш дээ. Амьдралд ар гэрийн уур амьсгал маш чухал. Хардалт гэж ярьдаг, тэр 100 хувь бид хоёрын амьдралд байсан.
-Хэн нь их хартай байх уу?
-Хар бол мэдрэл, сэтгэл санааны өвчин. Хартай байсан уу гэвэл байлгүй яахав. Тэр бол яг асаж байх үеийн эмоци. Одоо нуугаад яахав дээ, бүх юм болсны дараа эргээд харахад харамсах юм байхгүй. Тухайн үед яг л болох ёстой юм болсон байна гэж боддог. Салчихлаа гээд харамсах юм байхгүй.
-Та өөрийгөө эр нөхрийн хувьд тэр хүний хувьд хангалттай байж чадсан гэж боддог уу?
-Бас яаж тэгж бодох вэ дээ. Байнгын архи ууна, архиа дагаад мэдээж охид хүүхнүүд дагана. Би зовоосоон, ойлгомжтой. Мөнхийн шоудалт, мөнхийн ууж идээстэй хүнээс хүн уйдна, залхана. Нэг өдөр л явна. Эцэг эх нь ч гэсэн залхана. За, танай энэ нөхөр чинь явахгүй нь ээ л гэнэ. Манай эцэг эх тэгж ойлгож байхад хүнийх бол бүр тодорхой биз. Миний зан л тэр юм, гал руу гараа хийхээс буцахгүй, бүх юмыг нь үзье гэсэн. Үзсэн. Доошоо ч орж үзсэн. Гэхдээ би бусдад хэзээ ч доошоо харагдаж байгаагүй.
Гэтэл миний хувьд доошоо орчихсон байдаг. Тэрийгээ би хүнд харуулдаггүй. Марка Маркагаараа л байна гэж ойлгодог. Байртай бол байртай, машинтай бол машинтай, хүний хэрэглэж байгаа бүхий л юм байна. Гэтэл яг дотроо бол би сэнсэрчихсэн байсан. Сүүлдээ буг чөтгөрийг нь хүртэл хардаг болсон. Бүр алийгаа алдаж байж нэг юм гайгүй болсон доо.
-Тэр хүнд уналтын үедээ та хэнтэй хамт байв? Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Та бас нэгэн цаг үед мандаж явсан хүн шүү дээ.
-Энэ амьдралаас залхаад, явсан нь дээр юм байна гэж бодоод, бүр шийдчихсэн байсан гээд бодохгүй юу. Явахдаа болж өгвөл ганцаараа явъя гэж бодож байсан. Тэгсэн чинь харин аз болж нэг хүнтэй танилцав. Тэр бүсгүй жирэмсэн болчихсон. Тэгээд л суусан нь дээр юм байна гэж бодсон. Тэгж л энэ амьдралаа эхлүүлсэн.
-Одоо бол жинхэнэ үлгэр жишээ сайн нөхөр, сайн аав болсон уу?
-Одоо бүх юм өөрчлөгдсөн. Бүх юмыг нь үзчихлээ, туулчихлаа, бараг 10-аад үхлээс амь мултарлаа. Живж үзлээ, алуулах гэж үзлээ. Бүх л юмнаас мултарлаа, үхдэггүй юм байна. Хүний амь бөх юм билээ. Чам шиг сайн эцэг алга гэж одоо эхнэр маань хэлдэг.
-Одоо хаана амьдарч байна вэ?
-Одоо яахав тусдаа нэг байранд эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байна.
-Тэгж их мөнгөтэй харьцаж байсан хүн болохоор тансаг хэрэглээнд дасчихсан байх. Одоо таны орлого ямархуу байна? Урлагтаа ажиллаж байна уу, хувиараа ажиллаж байна уу?
-Эхнэр бид хоёр нэг юм ажиллуулдаг. Тэр маань гайгүй явж байгаад нэг өдөр л гал гараад шатчихсан. Дахиад амьдрал надаар тоглоод байдгаа барсан үе. Хүн үхээгүй болохоор сайхан. Галын дөл өөдөө ч гэж ярьдаг. Авах юмыг нь авлаа, хүний амь биш бол яахав гэж бодсон. Галаар бүх юм хаагдана гэдэг талаасаа харамсаагүй ээ. Одоо бол орлоготой, олны жишгээр амьдарч байна даа.
On &Off Камертон-оос өмнө манай хамтлагт санал тавьсан
-Таныг тойрон хүрээлж байсан хүмүүсээс амьдралын туршид ялгараад үлдэх нь үлдээд, явах нь явсан байх. Хэд нь үлдэж, хэд нь явсан байх юм?
-Найз гэж хүмүүс ярьдаг, яг үнэндээ байдаггүй ш дээ. Одоо намайг тойрон хүрээлж байгаа маш олон хүн байгаа. Тэдэнд би яг найз гэдгээр ханддаггүй. Урдны сайхан цагийнх шиг найзална гэвэл бүтэхгүй. Одоо нас тогтсон, найз гээд налчигнаад, шалчигнаад байх утгагүй амьдрал. Найзууд хааяа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болохоос наалдаад, шалчигнаад байх утгагүй. Манайд тэр нь давамгүй илүү болчихсон юм уу даа. Нэгнийгээ уруу татдагаас болоод эхнэр, нөхөр нь хардана. Миний хувьд бүгдий нь орхисон. Мэдээж урлагийн найзууд байгаа. Юмаа хийе гэвэл хийсэн шиг хийгээд тодорхой тодорхой ажлаа яриад л явдаг.
-Та хип хоп урлагийн үндэс суурийг тавьсан. Бараг ч загалмайлсан эцэг гэж байдаг бол байхаар түвшинд яригдах хүн. Таны бодлоор одоо манай хип хоп урлагийн хөгжил ямар шатанд байна?
-Тийм ээ, суурийг нь тавьсан, өөр ч бас шинэлэг зүйл хийсэн. Хар тас хамтлаг 1997 онд уналтанд орж, миний соло карьер 1998 онд эхэлсэн. Би карьераа хөөж Ариунаатай дуулаад, тэр маань маш хурдан хит болсон. Тэрнээс өмнө Болдтой Ухаарал-ыг дуулсан. Болдын зохиосон тэр бас лаг гоё дуу. Дараа нь Ариунаа хоршихгүй бол болохгүй юм байна гэж бодсон байх, надад санал тавьсан. Тэгээд Үггүй мордсон чи минь дууг дуулсан. Тэгэнгүүт Минжинсор ороод ирж байгаа юм. Ингээд 3 нөхөртэй хамтраад дахиад цойлоод ирдэг юм байгаа биз дээ. Ерөнхийдөө реп, хип хоп чимэг болдог юм байна гэдэг нь мэдрэгдээд эхэллээ. Реп, хип хопууд тайзан дээр хамт гараад ирвэл илүү хүчтэй юм байна гэдгийг тухайн үед мэдрүүлж чадсан. Хэн ч хийгээгүй юмыг хийж, анхдагч нь болж гарч ирсэн нь гоё байсан. Тэгээд нөгөө нөхрийн чинь хамрын загатнаа нь эхлээд бүр сэхүүн болдог юм байгаа биз дээ. Асар өндөр үнээр дуулдаг, нэг дуу л гэхэд сая төгрөг. Тухайн үеийн ханш өндөр байсан.
-Хар тас унахад таны хувьд хамгийн их харамссан зүйл юу байсан бэ?
-Бидэнд алдсан юм их бий. On & Off продакшн, Ононбат бид нартай 1995 онд гэрээ хийе гэж анх ирсэн. Танай Хар тас хамтлагийг гаргая, бүх клип, дууг нь хийе, менежмэнтийг нь барьж аваад бид гаргая, танайх алнаа гэлээ. Дэвэргэн зангаасаа болоод, ашгаа 70, 30 гэж солиорсон байхгүй юу. Ононбат, арай ч дээ гээд буцаж яваад Камертон-той гэрээ хийгээд тэднийг гаргаж ирсэн. Тэд 50, 50 гэж тохирсон юм билээ.
Тэгэхэд би 70, 30 гэж солиорч байдаг. Тэгээд нэг зам маань хаагдсан. Дараа нь, Хар сарнай манайхыг дэлбэ цохисон нь CD гаргасантай холбоотой. Бид анхдагч, гэтэл бид нарын дуу кассетан дээр яваад байдаг. Олигтой юм сонсогдохгүй ш дээ. Тэгэхэд тэрийг ганц дэлбэлсэн юм Хар сарнай-н CD. 1996 он л доо. Ингэж манайхыг нам дарсан, бүр сураггүй болгосон. Тэгээд 1998-2002 он хүртэл миний карьер явж байгаад 2000-аад оноос хип хопууд гарч ирсэн.
-За тэгээд л Ice top, Digital, Lumino гээд ар араасаа хөвөрсөн биз дээ. Хамтлагууд гарч ирсэн гэснээс танайхны зүгээс анхдагч гэдэг утгаараа эдэнтэй холбоотой байсан уу?
-Би энэн дээр хэдэн юм хэлье. Ice Top гэдэг нь яг миний нэр юм. Би тэд нарт өгөөгүй атал манай хамтлагийн нэрийг нөгөө хэд маань авчихсан. Тэрийг МонТаРеп-ийн Эрхэмээ өгсөн юм шиг байгаа юм. Ремо гэдэг бас манай хамтлаг байсан. Мон Та Реп бол Реп Монгол гэж тэр нэрнээс улбаатай хамтлаг.
Түүхээ ухвал нэг иймэрхүү. Ice Top гэдэг хамтлагийг анх Бага тойргийн, 23-р сургуулийг төгссөн залуучууд буюу Хангай, Жавхлан, Тулгаа, Марка гэсэн бүрэлдэхүүнээр бид 4 байгуулж байсан. Ice top бол бүр тасархай хамтлаг. 23-ын элит гаралтай хүүхдүүд бүрэлдэхүүнд нь байсан. Одоо бүгдээрээ Америкт амьдарч байгаа.
Би сүүлдээ Хар тас-д ороод Хар тас, Ice top гэж явсаар байгаад Хар тас-аа барьж авч үлдсэн. Ice top ерөнхийдөө мөхсөн. Намайг гараад явангуут бүгд тараад алга болсон. Энэ хугацаанд би маш олон бүжигчид авсан. Дийлэнх нь манай ард бүжиглэж байсан, одоо энэ од болоод байгаа залуучууд. Мон Та Реп тэр чигээрээ, Ice top Хаагий бүгд миний гарын шавь нар. Дижитал гэхэд Эрка нь манай ард бакал хийдэг байсан. Манай хамтлагаас ерөнхийдөө цэцэг шиг салбарлаад гарсан. Бүрхэг тэнгэр дуу цагаан толгой нь, бүгдээрээ энүүгээр хэлд орсон гэдэг нь ийм учиртай.
-Ер нь шинэ хип хоп хамтлагуудаас та алийг нь илүү тоодог вэ?
-За Ice top бол сайн. Гангстер гэдэг утгаараа, үглэлтээрээ тэд мэргэжлийн болчихлоо ш дээ. Яалт ч үгүй сайн. Яг хэмнэлдээ л байгаа. Бусад нь тайзыг доргиочих юм надад харагддаггүй. Gee эд нар бол зөвхөн хип хопын хүнд элемэнтүүд, үгээрээ дисс хийж гарч ирсэн болохоор тэр нь өөрийнх нь фанатуудад хүрээд байдаг. Түүнээс бас нэг их алчихсан юм байхгүй.
-Цэцэ гээд бас байдаг шдээ. Бас баахан жижиг хамтлагууд байдаг.
-За Цэцэгийн хувьд үнэндээ хэлэх юм алга. Тэр хамтлагууд ерөнхийдөө бараг boy хамтлагууд болчихоод байгаа. Guys 666-гийн хуулбар л даа. Бид нарын дараа гарч ирсэн, бас л манай дууг сонсож гарч ирсэн хамтлаг шүү дээ. Алж байна уу гэвэл алаагүй ш дээ. Үглээд байгаа юмуу гэхээр үглээгүй, үглэхгүй байна уу гэхээр үглээд /инээв/.
-Таниас хип хоп хамтлагууд зөвлөгөө авья гэж ер нь очих юм уу?
-Урд нь маш их ирдэг, бараг тайван амраадаггүй байсан. Одоо юм хөгжөөд бүх юм бэлэн болчихсон болохоор надаас асуух ямар шаардлага байхав. Харин Марка энд байсан уу, үгүй юу, Марка нээрээ яг 1990 онд эхлэлийг нь тавсан нь үнэн үү гэж эргэлзээд байгаа.
-Яагаад эргэлзэнэ гэж?
-Зарим нь эргэлзэнэ ш дээ. Сүүлийн үеийн бацаанууд мэдэхгүй. Опозит эд нар зөвхөн сошиал медиа, youtube-ээр хандалтаа татдаг хамтлагууд. Яг дээдчүүд нь тэднийг мэдэхгүй, нэг хайрцганд орчихсон нөхдүүд. Тэрийг нь харин манай кино хийдэг нөхдүүд овжин ашиглаад байх шиг байгаа юм, жаахан хөөргөөд. Түүнээс тэд миний хажууд үнэндээ барахгүй. Зүгээр 10 минут дисслэе гэсэн ч барахгүй. Тайзан дээр гараад хэн нь лаг байна гэдгээ харуулах юм бол тэд миний хажууд чихрийн цаас. Хэнбугай нь ч миний хажууд чихрийн цаас. Хамт тоглолт хийлээ гэхэд хэн нь байлдан дагуулах вэ гэдэг шал ондоо.
Бидний дараа Татар бол хамтлаг гэж яригдана, бусад нь барахгүй
-Байлдан дагуулах гэснээс та хамгийн сүүлд хэзээ тайзан дээр гарав?
-Сая би Америкт тоглочихоод ирсэн. Арваннэгэн сард Татар-ыг авч явсан. Татар бол хамтлаг ш дээ. Энд нэг юм хатуухан хэлэхэд, Татар-ын Заяа яг миний ерээд оны үеийнх шиг цаасан малгай өмсчихсөн яваа. Одоо яг хөөрдөг, уудаг, савдаг дээрээ болчихсон явж байна.
-Татар нэг хэсэг хүчтэй байж байгаад одоо ер нь жаахан замхраад байгаа шүү?
-Би чамд түрүүн хэлсэн дээ, яг гоё байгаа үеднь ард түмэн, фанатуудын зүгээс унагадаг гэж. Энэ нэг үеийг л туулаад гарч чадвал цаашаа явчихдаг. Энэн дээр амархан бүдэрнэ.
-Та тэгээд анхааруулж хэлэв үү?
-Одоо яг нүдэн дээр бүдэрч байна. Бараг манай дараа ер нь Татар гэж ярина шүү. Мундаг хамтлаг. Бусад нь яагаад ч бараадахгүй. Зүгээр тайзан дээрээ хэн нь дэлбэлэхийг л хар.
-Та 10 жилийн дараа хэвлэлд ярилцлага өгч байна. Бас ярья гэж бодсон, шийдсэн юм байгаа байх л даа. Яг юу хэлэх гэсэн юм бэ?
-Энэ талаар л ярья гэж бодсон. Цагаан толгой А-гаас, тоо нэгээс эхэлдэг. Нэг нь хэн байсан, төгсгөл нь хаана байгаа юм? Товчхондоо хэн нь хэн байсныг л мартаж болохгүй. Нэгийн тоо нь Маркаг л гэж хэлнэ. Энэ дашрамд залуу хип хоп хамтлагууддаа хандаж хэлэхэд зохиомол хайр дуулахаасаа татгалзаад нийгэм рүүгээ хандаач ээ, тэгвэл адаглаад дуу чинь мөнхөрдөг юм шүү гэмээр байна. Хайрын дуу хэзээ ч үлддэггүй, түүхэнд тийм тохиолдол байхгүй.
-Одоо та тэр үеийнхээ темпийг үгүйлээд шоудах, бүжиглэх алхам хийж байна уу. Эсвэл намба суучихсан уу? Тан шиг туршлагатай хүн уг нь шавь төрүүлбэл, хамтлаг гаргаж ирвэл болохгүй нь юу байх вэ?
-Шөнийн клубээр нэг их орохоо больсон.Одоо Юүдэнтэн crew-тэй хамтарч ажиллаж байна. Тэр нь 7, 8 хамтлаг, хип хопыг утгаар нь дуулж байгаа. Тэд 1998 онд байгуулагдсан ч дээшээ гараагүй. Яг хип хоп гангстер Old school, миний сонсох дуртай стилийг барьчихсан хүүхдүүд. Үглээ, чадвар дээрээ бүгд дийлнэ. Одоо эд нартай хамтарч ажиллаад эцсийг нь үзье гэж бодоод байна. Хоёр, гурван шоун дээр хамтарлаа.
Ер нь дийлдэхгүй хамтлаг гарч ирнэ. Бидний зорилго ерөөсөө нийгэм рүүгээ хандаж, ард түмний дуу хоолой болж явна. Өөр хэн ч тэгж дуулахгүй. Харанга энэ талх чинь хэцүү байна, өлсөөд байна гэж дуулахгүй. Камертон, Хар сарнай хэн хэн нь тэгж дуулахгүй.
25 жилийн ойгоороо Төв цэнгэлдэхэд нэг л хусна!
-Та Gee-г их гайгүй гэж тоодог юм байна, тийм үү? Ойр ойр иш татаж байна.
-Gee, Десант эд нар үнэхээр боломжтой. Гарч ирсэн нөхцөл нь ч тэр, нэлээд дээрээс даруулсан нь ч тэр. Гэхдээ маш цэвэрхэн гарч ирлээ. Яг гангууд нь байхгүй тарчихсан үед завсраар нь дайрч орж ирээд хурдацтай гарч ирсэн. Тэгээд өөрсдийнхөө байр суурийг тавьчихсан. Одоо эд нартай хэн ч маргахгүй. Миний хувьд Rokit Bay, Цэцэ эд нарыг нэг л ойшоодоггүй.
-Яагаад? Rokit Bay чинь нэлээн рейтинг өндөртэй яваад байгаа юм бишүү? Танд юу нь таалагддаггүй юм?
-За яахав, үглээ нь бол байж болно. Яг өөрийнх нь стиль. Ард түмэнд үзүүлж байгаа шийдлүүд нь утгагүй санагддаг. Клипүүдийг нь хар л даа, дандаа үхсэн, хагацсан, зовоосон, хар тамхи татсан. Нэг л өөр ертөнцөд тэр хүн амьдраад байна. Тэр ерөөсөө өөр ертөнцөд оччихсон бацаан. Нэг клипийг нь үзээд төрсөн анхны сэтгэгдэл энэ. Үхлээ дуудаад байна. Хүн чинь ирээдүйгээ зөгнөж дуулдаг. Эсвэл улс төр рүү хандаж дайрах хэрэгтэй, буу зэвсэг бариад дуулах хэрэгтэй шдээ. Тэгж чадахгүй байхгүй юу. Тэр нь надад ерөөсөө таалагдаагүй.
-Цэцэгийн тухай?
-Цэцэ бол реп биш, байгаа байдал нь ч тайзны хүн биш. Тайзан дээр ямар хүн яаж харагдах вэ гэдэг маш чухал. Гял цал, ихэмсэг, маш аймаар харагдах ёстой. Хамгийн арын эгнээнд сууж байгаа хүн шүлсээ гоожуулах ёстой. Майкл Жексон шиг л харагдах ёстой гэсэн үг.Jay Z ямар харагддаг билээ.Надад үнэндээ таалагддаггүй. Нээрээ, намайг бүжиглэхэд тэр миний бүжгийн салхинд хийснэ. Байгаа байдал нь энэ.
-Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэж үнэн үг шүү. Тэр үеэс хойш та бор дарстай нөхөрлөж байна уу?
-Ойрын 7 жил архи гэж зүйлд ам хүрсэнгүй. Анагаах ухааны хэллэгээр архины 1, 2, 3, 4-р үе гэж байдаг. Би 4, 5 дугаар үед нь орсон. Анагаах ухаанд хий юм харахыг солиорол гэдэг, тийм үү? Би тийм шатандаа очсон. Тэр бол хүний биед наалддаг ад чөтгөр. Миний амийг авах гэж байсан нөхөр бол тэр. Олон жил надаар ундаасчихсан, олон жил надаар тэтгэчихсэн, тэжээлэгчихсэн. Над шиг хүн дахиж хэзээ ч тэр албинд олдохгүй. Тийм болохоор намайг тавихгүй. Тавих юм бол амийг нь авах байсан. Маш олон бөө ч дийлэхгүй гэдгээ хэлсэн. Энийг чамаас салгах юм бол бид үхнэ гэж шууд хэлдэг байсан. Хэн ч дийлэхгүй, би сүүлдээ эвлэрсэн. Онгод тэнгэр бууж байж дарсан.
-Та бөөгийн сахиустай юмуу. Хэзээ онгоноо авсан юм?
-Би яг онго буулгах хүн нь мөн байсан ч манай дүү авсан. Одоо би дүүгийнхээ баруун гарыг, өвөг дээдсийнхээ баруун мөрийг түшиж суудаг. Тэгж байж миний бүх юмыг арилгасан. Над дээр өвөө буучихаад намайг эцгийн талаас авна гэж дайрсан. Хоёр зам л байсан. Өвөг дээдсээ түшиж суух, эсвэл онгоо авах. Аваад миний бие дийлэхгүй сар болоод л нөгөө ертөнц рүү явах байсан. Одоо миний бүх эрхтэн эв эрүүл. Цаашаа дахиад хөдөлмөрлөхөд 40, 50 жил, хип хоп дуулахад 10 жил байна гэж бодож байна.
-Та одоо уран бүтээлдээ эргээд эрчимтэй орох уу?
-Энэ жил ямар ч байсан тоглоно. Задлаад хэлэхэд Америкийн MC Hummer болон Snаp хамтлагтай хамтарч тоглолт хийнэ. Хамтлагийнхаа 25 жилийн ойгоор ирэх есдүгээр сард стадионд ганц л хусья гэж бодоод байгаа. Бид Snap-ийн I`ve got the power дууг хамт дуулах талаар түрүү жилээс ярьсан. Ерөнхийдөө саналыг хүлээгээд авчихсан. Хоёр гурван цагийн тоглолт болохоор өөр хамтлаг урих шаардлагагүй. DJ, маш сайн бүжигчид орж ирнэ. Урд нь надтай найз байсан, найзалж байсан маш олон компанийн захирлууд байдаг. Бүгд надад дэм болоод ирвэл би хүлээж авна. Улам л эрчтэй, гайгүй юм хийчих гээд үзэж байна. Мэдээж дор хаяж зуугаад сая төгрөг гарах байх. Тэгэхээр дан ганц өөрөөсөө хийнэ гэвэл барахгүй. Найз нөхдүүд маань танай сэтгүүлийг уншаад хүсэх юм бол надтай холбогдож болно гэж хэлье. Намайг зорьж ирсэн бүх хүмүүстэй нийлээд бут авнаа.
Сэтгэгдэлүүд