Онцлохулс төр

Р.Эмүжин: Оюун-Эрдэнийгээ хаячихаж байгаа юм уу?

0

Оюутолгойн гэрээний нөхцлийг сайжруулах үүргийг Хүрэлсүхийн Засгийн газраас хүлээж мордсон хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Түүний ганзаганд У.Хүрэлсүх Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэсэн алдарт үгийг Рио Тинтод хаяглан дайж байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлсэн. ЗГХЭГ-ын даргын хувьд энэ үүргээ эдүгээ Л.Оюун-Эрдэнэ удаан боловч урагшлуулсаар ирсэн.

Дубайн гэрээг эргэж харах, Монголд ашиггүй зүйл заалтуудыг нягтлах, үүний тулд хэлэлцээрийн ширээний ард суух нь эдүгээ тодорхой болсон. Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй гэж байгаа тохиолдолд гэрээг эргэн нягталж, шаардлагатай бол шалаанд оруулах нь ч зөв. Оюутолгойн хэмжээний том төслийг явцын дунд байнга эргэн харж, засч сайжруулж, хэд дахин хэлэлцээрийн ширээний ард сууж байж урагшлах ёстой. Энэ гэрээ анх 2009 онд хийгдэхдээ тухайн үеийн мөнгөний ханш, эдийн засгийн байдалд тулгуурласан байж таарна.

Сүүлд 2015 онд Дубайн гэрээг үзэглэхэд мөн л одоогоос зургаан жилийн өмнөх нөхцөл байдал, эрдэс баялгийн ханш, техник технологийн боломж зэрэгт тулгуурлан далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн гэж харагддаг. Тэгвэл өнөөдөр Монголын Засгийн газрыг төлөөлөн Рио тинто компанитай хэдэнтээ нүүр тулж, хэлэлцээр хийх нь нэгэнт тодорхой болж, энэ хүртэл явсан Л.Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайд болох гэж байна. ЗГХЭГ-ын дарга байхдаа барьж аваад, бас ч гэж шийдэл хайгаад шийдээд явж байсан хүн Ерөнхий сайд болчихоороо бүр л урагшаа зүтгэж, уургаа чангалах нь тодорхой. Гэтэл С.Ганбаатар яагаад багаа хаячихаад ганцаарчилсан тоглолт хийгээд эхлэв гэсэн асуулт гарч ирнэ. Хувь хүний хувьд ингэж ганцаарчлан тоглох, баггүйгээр шоудах нь түүний улс төрийн арга барил байж болно. Гэхдээ Оюутолгойг ингэж улстөржүүлэх нь өөрөө хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суух гэж байгаа үед гай болох уу, гавъяа дагуулах уу? Дээр нь Оюутолгой гэдэг сэдэв сонгууль болгоны сонгодог поп өнгө болсоор удлаа. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үед МАХН-ын улс төрийн тоглолтын гол хөзөр нь Оюутолгой гэдгийг тэд ийнхүү зарлачихлаа.

Тэр тусмаа байгуулагдаагүй Засгийн газарт шаардлага тавиад сууж байна. Оюутолгой компани 2010 оноос хойш 2.8 тэрбум ам.доллар буюу 5.8 их наяд төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт татвар байдлаар төлсөн, ковид-19 тахалтай хийж буй тэмцэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1.7 тэрбум төгрөг ханливлах шийдвэрийг өнгөрсөн оны 10 дугаар сард гаргажээ. Мөн тус компанийн ажилтнууд 455 сая төгрөгийг УОК, ЭМЯ-нд цар тахлын эсрэг хандив болгон өргөжээ. Манай Татварын ерөнхий газраас 2020 оны сүүлээр Оюутолгой компанид 649 тэрбум төгрөг буюу 228 сая ам.долларын нөхөн ногдуулалт акт тавьсан. Энэ нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн эхлүүлээд явж байгаа ажлын нэг хэсэг гэдгийг ч хэвлэлүүд мэдээлж, өөрөө мэдэгдэл хийж, ЗГХЭГ-ын дэд дарга Солонго ярилцлага өгсөн байдаг. Энэхүү нөхөн торгууль болон далд уурхайн хөрөнгө оруулалт буюу Дубайн гэрээний асуудлыг хөндөн нэг мөр шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд хандаад байгаа юм.

Нэгэнт зохих шүүх байгууллагад нь хоёр тал санал нэгтэй хандчихаад байгаа үед МАХН гэнэт ганцаарчилсан тоглолт хийгээд эхэлсний цаана улс төрийн ашиг хонжоо л харагдаж байна даа. Шинэ Засгийн газарт Л.Оюун-Эрдэнэтэй сандал суудал наймаалцах гэв үү, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн шоугаа эхлэв үү? Өөртөө ашиггүй юманд өнөө Энхбаяр хөдөлнө гэж үгүй шүү дээ.

За зарим эдийн засагчдын хардаж байгаагаар Чита дахь зэсийн шинэ ордод боломж олгохын тулд Монгол Улсыг зэсийн зах зээлээс гаргаж хаях гаднын санхүүжилт энэ хүртэл ороод ирэв үү? Нэг л асуудал тодорхой. Сонгууль ойртохоор л Оюутолгойг мөлждөг, олон нийтийн мөрөөдлөөр симфони тоглодог синдром бүх нам, бүх улстөрчдөд бий, байсаар байх болно.

Коронавирусний халдвартай 2 иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигчид нийт 41 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу тээвэрлэнэ

Өмнөх нийтлэл

Наркологийн эмнэлэг, Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусны зорчигчид болон батлагдсан тохиолдлын хавьтал нийт 11 хүнээс халдвар илэрчээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох