Хаваржин сонгуульдлаа, манай улстөрчид. Найм, есдүгээр сард Орон нутгийн сонгуулиа ярьсаар аравдугаар сард сонгуульдаж дуусна. Сонгуульдсаар намрын сар дуусна. Орон нутгийн сонгууль дуустал коронагийн хориогоо тавих эсэх нь тодорхойгүй. Ингэж байтал өвөлтэйгөө золгоно.
Гэтэл сүх далайтал үхэр амгалан гэгчээр өвөл иртэл сайд дарга нар амар амгалан байцгаана. Дээр дооргүй, хаа сайгүй зугаалсан, амарсан улс л байна. Өвөл ирдгээрээ ирнэ. Корона дэлхийг айлгасан хэвээр.Дотооддоо хэзээ алдахыг таашгүй. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Харин яаж амьдрах вэ гэдэг л асуудал болоод байна. Энд тэнд төлөх зээл төлбөрүүд зөндөө байдаг. Эх сурвалжийн мэдээллээр их дүнтэй зээл авахаар дахин яригдаж байгаа гэнэ. Татвар төлөгч бидний нуруун дээрх ачааг л нэмэх нь дамжиггүй. Гадаадад гацсан иргэд нь хүний газар хэцүүдэж буйгаа дуулгасаар байгаа ч ойшоож байгаа нь төдийлөн алга. Хилээ хаачихсан. Энэ байдлаараа эдийн засаг хүндрэх нь эргэлзээгүй. Алдарт Билл Гейтс нэгэнтээ “Зун бол амралт бус бусдаас тасран холдох боломж” гэж хэлсэн. Амьдралд, цаг хугацаанд зун амардаг гэсэн ойлголт байхгүй. Тэр ойлголтыг хүмүүс бид өөрсдөө л бий болгосон. Энэ үг монголчуудад илүү хамаатай мэт. Зуны сар богинохон. Харин уртаас урт өвөл, хавар намар үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, хүйтний улирал их. Ид ажиллаж байх өдрүүдэд найр цэнгээн хэсчихээд өвлийн хүйтнийг яаж давах вэ. Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн барж гарах вэ. Энэ зун амралтгүй ажиллаж байгаа төрийн байгууллага гэвэл шүүхийнхэн л байна. Идсэн уусан гэж олон арван жил яригдсан ч дэмий л хардах халаглахаас хэтрэхгүй ирсэн хэргүүд ар араасаа шүүхээр шийдэгдлээ.
Өндөр алба хашиж байсан хүмүүсийн буруутай эсэхийг шүүлээ. Хачирхалтай нь томчуудыг биш, энгийн иргэддээ ял өгсөөр ирсэн гэж гомдоллодог байсан чинь тэр ч буруугүй, энэ ч буруугүй гэлцээд нэг хэсэг нь өмөөрч хамгаалаад сүйд. За тэр ч яахав.
Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд нар ялалтын баяр, сонгуулийн ядаргаагаа тайлаад хөдөөгүүр яваа дуулдана. Төрийн ордон эзгүй, эзэнгүй.УИХ-ын гишүүнээр шинээр сонгогдсон Г.Дамдиннням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг гурав ирэх жилүүдэд хамтдаа багийн тоглолт хийх зорилго тавьсан бололтой. Энд тэнд уулзалт зохион байгуулж, сайд нарын ам хэлийг асууж явааг эс тооцвол УИХ-ын гишүүд нэг л их налайсан улс. Ордон ажин түжин оргиод Ерөнхий сайд ээлжийн амралтаа авч, Хөвсгөлд Ерөнхийлөгчтэй сэм уулзалдаад ирж яваа дуулдана. УИХ-ын дарга Г.Занданшатар мөн л хөдөөгөөр явлаа.
Өдийд өвөлдөө бэлтгээд зав чөлөөгүй ажиллаж байх ёстой төр засгийнхан маань ирэх өвлийг хэрхэн давах юм бол. Манай улс өнгөрсөн оны өдий үетэй харьцуулахад нүүрсний экспорт тавин хувиар буурчээ. Гэтэл төсөвт 42 сая тонн нүүрс олборлоно гээд тусгасан. Гэтэл ийм хэмжээний нүүрс экспортлох ямар боломж байхгүйг эдийн засагчид хэлж байна. Энэ мэтээр төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгараад байгаа.
Өнөөдрийн байдлаар зарим салбарын сайд салбартайгаа танилцах ажил хийж байна. Уулзлаа, ярилцлаа, танилцлаа гэсэн ганц нэг хэвлэлийн мэдээ л үзэгдэж байна. Хийх ажлаа ярьж байгаа сайд алга. Ер нь юу ярихаа ч мэдэхгүй байх шиг. Гадаад харилцааны сайд НҮБ-ын суурин төлөөлөгчийн авч уулзлаа, элчин сайдыг хүлээн авч ярилцлаа гэж мэдээлсэн ч гадаадад гацсан иргэдээ хэрхэн татаж авах талаар тодорхой төлөвлөгөөгүй, ерөнхий юм яриад л өнгөрсөн. Төлөвлөгөөт албан уулзалтууд болж л байдаг. Үүнийг нэг их гайхуулаад байх юм алга.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдтайгаа салбарынхаа ажилтай танилцаад явна лээ. Хөшгийн хөндийд ажиллаж, Шинэ Зуун мод, Майдар хотын төлөвлөлт, ажлын явцтай танилцав. Майдар хотыг бүтээн байгуулахад нь 40 тэрбум евро хэрэгтэй гэв. Сонсохоос ч аймар том тоо. Хүндхэн эдийн засгийн нөхцөл байдалд шинэ хот ч яамай л байна.
Шинээр нэмэгдсэн Соёлын яам төвхнөж амжаагүй, бүтэц бүрэлдэхүүн нь ч тодорхой болоогүй байна. Сайдыг нь салбарынхан нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэл гаргасан. Сайд нь тэдэнтэйгээ хэрэлдээд завгүй байх шиг.
Эрүүл мэндийн сайд, Шадар сайд нарын байр суурь коронагийн асуудлаар нэг удаа дуугарсныг эс тооцвол хийх ажлаа олигтой ярьсангүй. Сошиалаар улстөржиж, шахалт дарамт үзүүлэхийг авч хэлэлцэхгүй шүү гэсэн үг хэлнэ лээ. Дотооддоо коронаг алдаагүйд бидэнд баярлаж яв, илүү дутуу юм гоншигноод байх шаардлагагүй шүү, бид тэрийг чинь авч хэлэлцэхгүй шүү гэж л хэлээд байх шиг.
Хөдөө аж ахуйн сайд өдийд хамгийн их ажилтай байх хүний нэг. Ерөнхийлөгчид загнуулж, асуултад нь бүдэрснээс хойш бүлх залгисан мэт чимээ тасарлаа. Хууль зүйн сайдын Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ утсаар ярьж, үл хүндэтгэсэн байдал гаргасан бичлэг нийтийн сүлжээнд тавигдаж баахан шуугив. Хууль зүйн сайдтай холбоотой бас нэг шуугиан нь МҮОНТ-ээр гарч байгаа “Пабло Эскобар” олон ангит киног гаргахыг Цагдаагийн ерөнхий газраас хориглосон мэдэгдэл байв. Иргэд үүнийг мөн л олноороо эсэргүүцсэн юм.
Энэ мэтчилэн шинэ сайдуудын ажлын гараа танилцах дадлагаас эхэлж, иргэдийн үгийг сонсохгүй, шахалт дарамтанд чинь орохгүй шүү гэсэн сүрдүүлгээр эхэлж, хааж боосон, ихэрхсэн өнгө аяс цухалзаж эхэллээ.
Зунжингаа зам нь эвдэрч, ганц борооны ая даахгүй урслаа. Олон ч хүний амь авч одлоо. Зам тээврийн сайд нь таг чиг л байна. Энд тэнд зам хаалаа гэснээс зам засч байна гэж дуулдахгүй юм.
Коронавирусээс болоод хичээлийн шинэ жил эхлэх эсэх нь тодорхойгүй хэвээр… Боловсролын сайд нь юу хийж явдгийн бол. Олон хүүхэд боловсролын хоцрогдолд орох нь ээ.
Одоо энийгээ боль оо, ажлаа яаран эхлүүл. Улс орныхоо асуудлыг ярь. Ажлаа хий, сайд нар аа.
Сэтгэгдэлүүд