Онцлохулс төр

Р.Эмүжин: Яг үнэндээ Баттулга өөрөө хулгайч биш байсан ч болоосой доо…

0

Би л лав Х. Баттулгыг Монгол Улсын нэрийн өмнөөс өршөөнө!

Энхрий хайрт, эрх мэдлийн эгнэшгүй эзэн Хаантан энэ удаа гозойлгосон эрхий хуруугаараа “Голыг нь гогод” хэмээн дохив. Өөрийн бэлтгэсэн сүрэгтээ Энхсайхан, Эрдэнэбат, Баярцогт, Да.Ганболд, Бямбасайхан нарыг хаяж өглөө. Сүрэг тэднийг хэмлэн мэрж, зовлогон дээр овооролдсон цөөвөр мэт “Ал, цаазал, хөрөнгийг нь хураа, хувцсыг нь тайлаад зод, ороолго, илүү их зовоо, илүү их тамла, манай хаантан юутай энэрэнгүй вэ, мандан бадраг” хэмээн түрхрэн хашгиралдаж байна. Зуун жилийн дараа түүх эргэж буй нь энэ. Эргэн сануулъя. Манай хаантан цаазаар авах ял хүсэмжлээд, хүчээр ч болсон сэргээх гэж хэтэрхий их мэрийснийг санаж байна уу?

Дараахан нь манай яруу алдарт хаантан Ерөнхийлөгчийн засаглалд тэмүүлж, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр хэн гэдгээ хэт тод харуулсан. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монголыг элсүүлж, НҮБ-ын индрээс буулган Орос, Хятад хоёрын саварт оосорлон оруулах оролдлого ч түүнийх байлаа. Харин саяхан До яамыг сэргээе гэж догшин дуугарсан. Түүнд хүссэн, санасан бүхнийг нь өгсөн бол хэлмэгдүүлэлт бүрэн утгаараа, бүтэн агуулгаараа эхлэх байв. Гэвч өнөөдөр үйлчилж буй Ерөнхийлөгчийн эрхэт хэмжээт цаазат Монгол Улсад цаазаар авч чадахгүй ч цааш нь нууж цоожлоод байх эрх түүнд хангалттай бий. Зуун жилийн өмнө Данзанг барьж өгсөн буруутан нь гайтай муу Харли Дэвидсон хэмээх мотоцикл байв. Монгол доллартай болъё, монгол хүн Харли уная хэмээн баруунжиж дуугарсан Солийн Данзан энэ үзэл бодолдоо үнэнч байсаар 41 насандаа цаазаар авхуулав. Тэр үед Ардын эрхэт хэмжээт цаазат Монгол Улс гэж байв. Харин энэ удаа гол буруутан Оюутолгой болов. Оюутолгойн олз, гарзыг цаг хугацаа харуулах учиртай. Тиймээс ч би энэ сэдвээр дуугарах дургүй. Энэ гэрээ сайн, муу ямар болсныг эс тооцон, хүлээн зөвшөөрч болох ганцхан өгөгдлийг нь олж хардаг. Орос, Хятадаас хамааралгүйгээр, тэдний нөлөөнд авталгүйгээр, монголчуудын бие даан, толгой мэдэн гуравдагч ертөнцтэй хийсэн анхны гэрээ гэдгийг хэлэх ёстой. Монгол гэдэг улс Оросын нөлөөнөөс гарч, өөрийн гэсэн төр засагтай болсныг дэлхийд чимээлсэн ганц гэрээ. Бүр цорын ганц гэрээ шүү. Мөнгөөр үнэлшгүй үнэ цэнэ нь үүндээ оршдог. Аяга хоолоор үнэлшгүй агуулга нь энэ юм. Тэгээд ч Оюутолгой 2020 оны зөвхөн эхний улиралд татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 73 сая ам.доллар, үндэсний худалдан авалтанд 105 сая ам.доллар, Ковид-19 вирустай тэмцэхэд зориулж 455 сая төгрөг хандивласан.

Гэтэл Оюутолгойгоос хойш 10 жил өнгөрөхөд дорвитой том ганц гэрээ хийгдсэнгүй, ганц ч бүтээн байгуулалт эхэлсэнгүй. С.Баярцогтыг Оюутолгойгоор шалтаглан хорьчих гэхээр олон улсын тавцанд Монгол Улс энэ гэрээгээ ялын төвшинд үзэж байгаа нь ил тод харагдана. Ажил биш гэмт хэрэг, гэрээ биш гэмт хэргийн хамсаатан гэж аль, аль талыг нь, түүний дотор монголчууд өөрсдийгөө үнэлж буйгаа нотлох юм. Тиймээс ч албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэсэн тайлбар Баярцогтын 10 жилийн ялыг дагалдаж байна. Харли дэвидсон, монгол доллар хоёрт тэмүүлж, хөгжингүй гуравдагч орнуудтай холбогдон улсаа хөгжүүлэх гэж зүтгэсэн С.Данзанг эх орноосоо урвасан гэх хэргээр цаазаар авахад ард түмэн ханцуйдаа залбирсан. Гуравдагч оронтой гэрээ байгуулсан С.Баярцогтыг албан тушаалын гэх хэргээр яллахад ард түмэн ал, цаазал, бүх насаар нь шоронд хатаа, бүүр ясыг нь мөлж хэмээн хашгирч, ханцуй шамлан дайрч байна. Тэд хоёулаа хоёр хөршөө алгасч, гуравдагч улсыг мөрөөдсөн язгуур гэмтэй, яах аргагүй ялтай. Үзэл санааны ял гэдэг чинь энэ л дээ. Монгол монголыгоо зуун жилийн дараа зуудаг нохой шиг дахин шүүхэд гарч буй өөрчлөлт энэ байлаа. Гэвч Орос, Хятад хоёроос хараат бус гэрээ үзэглэсэн болгоны хандыг хага дарж, хананы цаана хатаах ёстой.

Үүнийг хэн нэгэн хийх ёстой. Үйлдлийнхээ дараа тэр хэн нэгэн ч бас хоригдох юм уу, цаазлуулах ёстой…яг ийм дарааллаар явж байна. Ардын эрхэт хэмжээт цаазат Монгол Улсад хэлмэгдсэн болгон нь, хэлмэгдүүлсэн болгон нь эх орноо энэ хоёр том хөршийн хараат байдлаас гаргаж, дэлхийн чихэнд дээлтэй соёлтой нь бүртгүүлчихвэл амь зэргийн золио, алба зэргийн солиог нь төлье хэмээн зүтгэж байв. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан…бүгд нөхдийнхөө цусаар, өөрсдийнхөө амиар нөхөж төлсөн, төлөх тоолондоо алхам урагшилсан. Гэтэл өнөөдрийн ялгаа нь ард олноороо жагсан ардчилсан хувьсгал хийж, эрх чөлөөнд тэмүүлж, эх орноо бүх тивд таниулж, гуравдагч хөрштэй толгой мэдэн том гэрээ хийсэн жижигхэн муу Монголыг алхам алхмаар ухраан, Ардын эрхэт хэмжээт цаазат Монгол Улсын төвшинд буцаан аваачих явдал юм. Тиймээс хэлмэгдсэн, хэлмэгдүүлсэн болгон нь, хөхүүлэн хашгирч буй хүн сүрэг ч ухралтын төлөөс, уналтын жийрэг болгон эрх чөлөө, эрүүл мэндээрээ золиос төлөх болно. Манай яруу алдарт Ерөнхийлөгч, энхрий хайрт эзэн хаантан Баттулга ч бас энэ төлөөсийг тун удахгүй төлж, хувьчилж авсан Баянгол, Махимпекс, Талх чихэрээ хураалган, төмөр замаас луйвардсан 280 сая доллараасаа болон хоригдох болно. Өөр олон ч өгөө авааны хэрэг нэмэгдэнэ. Өргөн түмнээрээ тэр үед дахиад л ал бул, шоронд хатаа, шонд дүүжил хэмээн хашгиралдах болно. Зуун жилийн өмнөхөөс ялгаатай нь урагшлахын төлөө бус, ухрахын тулд энэ бүхнийг хийх болно. Тэр цагт эх орноосоо урвасан гэж ялладаг байсан бол энэ цагт идсэн уусан, авсан, шамшигдуулсан гэсэн ялтайгаар яруу алдарт коммунизмын үнсэнд бүгдийг нь бүрэн зуурах болно.

Тэр цагт Оросын нөлөөгөөр, Орост аваачин үгүй хийдэг байсан бол энэ цагт Монголд монголыгоо зулгаана. Учир нь Хөх Монгол гэдэг улс байдгийг хөх дэлхий даяараа мэдэх болсон шүү дээ. Тусгаар Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд нарыг Орост хорьчихож болохгүй. Болдог байсан, одоо бүх дэлхийн өмнө болохгүй. Тэр цагт эх орноосоо урвасан Бодоо, Данзан нарыг цаазалж, эд хөрөнгө болох хэдэн мал, дээл хувцас хураалаа хэмээн Их хүрээний модон хашаан дээр бичиг наадаг байсан бол энэ цагт сошиолоор шүүж, солиоруулан гааруулж, нийтийн цаазын тавцанд нийгмийн сүлжээнд гутаан доромжилдог болсон. Тэр цагт идсэн гэж эрүүг нь татаад ч, ууталсан гэж уушгийг ухаад ч юм олддоггүй байсан бол энэ цагт залгиагүй хоолой, зажлаагүй шүд, томроогүй гүзээ, тордоогүй бизнес олдохоо больсон. Энэ нь л махны машин эргэх маш таатай нөхцөл, тааламжтай амталгаа. Зуун жилийн өмнөхөөс ялгаа нь энэ, гэвч төгсгөл нь адилхан. 1922 оны 8 дугаар сарын 31-ний намрын тэр нэгэн өглөөний бүүдгэр тэнгэрийн дор цаазаар авхуулсан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд Догсомын Бодоо бүх албан тушаалаасаа татгалзсан өргөдөлдөө ” Хэн нь Монгол, хэн нь гадаад, хэн нь дайсан, хэн нь нөхөр, аль нь зөв, аль нь буруу болохыг танихаа болив” гэж бичсэн байсан бөгөөд ял авахаасаа өмнө бүх эрх мэдэл, алба тамгаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн байсан юм шүү. Түүнд Орост Элчингээр ажиллах санал тавихад “Орост Элчингээр явснаас Монголдоо малчин болъё” хэмээн хөдөө мал дээр гарсан түүхтэй. Яг үнэндээ Орост элчингээр явсан бол бусдыгаа цаазлах илд болоод буцаж ирэх байснаа мэдсэн ч биз.

Гэвч тэр бол анхны хэлмэгдэгч байлаа. Түүнийг хэлмэгдүүлсэн Сүхбаатар, Данзан нар дараа нь өөрсдөө ч хэлмэгдсэн. Чойбалсан Москвад нас барсан. Энэ сүлжээ 20 шахам жил үргэлжилсэн. Тун удахгүй бид ч бас хэн нь гадаад, хэн нь Монголыг танихаа больж, аль нь зөв аль нь бурууг мэдэхээ байна. Өнөөдрийн Ерөнхийлөгч Баттулга ч хэсэг хугацааны дараа хоригдол болно. “Орост элчин байснаас Монголдоо малчин болъё” гэж хэлж чадах хүн гарч иртэл энэ бүхэн үргэлжилнэ. Юу гээч, би л лав тэр үед Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын нэрийн өмнөөс өршөөх болно. Түүний идсэн уусан, шамшигдуулсан бүхнийг ялгүй үлдээнэ. Учир нь хэн нэг нь том эрх ашгийн төлөө жижиг эрх ашиг, жижиг алдагдлаа мартаж байж энэ төгсөшгүй сүлжээ, зогсошгүй махны машиныг унтраадаг юм. Тэгээд ч эгнэшгүй хүчит, ялгуусан алдарт, яруу төгөлдөр манай хаантан чинь 17 чингэлэг спиртийн хэргээс эхлээд ял аваад хоригдчих вий гэсэн яндашгүй том айдастай болж, тэр айдас нь сүүлд АТГ-т шалгагдаж байх үед нь эмгэг болтлоо тэлж яваа энгийн л нэгэн Яармагийн хөвгүүн шүү дээ. Энэ айдсаараа өнөөдөр өөртөө байгаа бүхнийг бүтээсэн, энэ айдастаа туугдаж яваа нэгэн гэдгийг ойлгоё. Монгол айл бүрийн хойморт цусан зам татуулж, монгол зүрх бүрийг чичрүүлж байсан махны машиныг зогсоох арга нь өршөөл юм бол өр, өширхлөөс айж яваа энэ хөвгүүнийг өршөөе. Монгол Улс тусгаар бодлогоо авч үлдэхийн тулд хэтэрхий гэмтнийг ч өршөөх учиртай бол үхрийг ч, үйлдлийг ч өршөөе. Өршөөнө л гэхгүй бол энэ хүн чинь өөрөө мэнд үлдэхийн тулд өөр илүү үнэ цэнэтэй тусгаар бодлогоор минь туулай харайлгаж тоглоод байна.

Эс тэгвээс Бодоог Данзан хэлмэгдүүлж, Данзанг Элбэг Ренчино хэлмэгдүүлж, Элбэг Ренчиног Чойбалсан хэлмэгдүүлж…нэг нэгнийгээ барьж идэж, барж дуусган байж туулсан түүхийн эргүүлэг дахин сэхэхгүй болтол дайрах нь. Орост элчин болоод, эргээд цаазын илд барьж эх орондоо ирснээс, Монголдоо малчин болъё гэж хэлж чадах тэр хэн нэг нь төрөх болтугай, төөрөлгүй гарч ирэх болтугай! Яг үнэндээ Баттулга өөрөө хулгайч биш байсан ч болоосой доо…тэгвэл хулгайчуудыг хулгайчтай нь хамт өршөөх тухай дуугарах шаардлага юусан билээ?

С.Баярцогт: “Монголын төрд үнэнч зүтгэх” үнэхээр халтай гэж үү?

Өмнөх нийтлэл

Гадаадад буй Ч.Сайханбилэг хий хашгирч байгааг С.Баяр шүүмжлэв

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох