Онцлохулс төр

Сайдад өгөх зөвлөгөө

0

Халаа сэлгээгүй, халаасны хүнээ төрд шахдаггүй сайдтай байхыг хүснэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим 14 яам, 17 сайдтайгаар бүрдсэн билээ. Үүнээс Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, Х.Нямбаатар нарын таван сайдыг эс тооцвол бусад нь “битүү морьд”. Хэний ч санаанд байгаагүй сайдууд ажлаа авахтай зэрэгцэн яамны ажилчдын дунд ажлын байртайгаа үлдэх сэн, шинэ удирдлагатайгаа ойлголцоод, гар сэтгэл нийлж ажиллах сан, тэрний, энэний хүн гэсэн үзлээр албан тушаалд хандах вий гэсэн айдас, болгоомжлол үүсдэг.

Ямар сайндаа л зарим нь сайдын нүдэнд торохгүй, чимээгүйхэн байж байгаад зан зангаа авалцчих юм сан хэмээн нэр цохож, зүс танилцахаасаа эмээж байгаа бол нөгөө хэсэг нь байсгээд л сайдын өрөөгөөр гүйдэлтэй болж, өмнөх хойдхоо магтан, матаж, өөрийгөө дөвийлгөн саймширч, бусдыг булхай, луйвар, буруу гарын хүн мэтээр ойлгуулах гэж аргаа барж байгаа сурагтай. Яах аргагүй муухай монгол хүний ааш аяг мөн дөө. 

Сайдад саймширч, хормой дэвсэж амьдрал, ахуйгаа дээшлүүлдэггүй юм гэхэд дордуулчихгүй байх хүсэлтэй ажилтан байхад хамгийг нуруундаа үүрч, гараас гаргаж, бичиг цаасны ажлыг ягштал тэвхийлгэчихээд, чимээгүй суух мэргэшсэн, чадамгай нь ч бий. Ер нь тэгээд олны ааш эрээн, бараан байдгийг шинэхэн сайдууд юу эс андах билээ.

Тэгэвч салбараа өндийлгөж, өөрийн нэрээр хаяглагдах яамныхаа бодлого, ажлын уялдаа, үр дүн, өнгө төрхийг өөд нь татах уу, уруу нь харуулах уу гэх эгзэгтэй хариуцлагыг үүрч байгаагийнх нь тухайд олон олон ачааных нь хажуугаар онцолж нэг л хэм хэмжээ, ёс зүйг эрхэм болгохыг хүсье. Юу гэвээс, бүтэц, орон тоо хумигдаагүй л бол ажлаа мэддэг, арга туршлагатай, мэргэшсэн үнэт боловсон хүчнээ багаа бүрдүүлэх нэрийдлээр битгий халаарай. Халаасныхаа хүмүүсийг дэргэдээ суулгачихаад, аманд нь зөөлөн боорцог үмхүүлэхийг хүсвэл л төрийн ажлыг хийх урт холын зам харгүй чинь баларч, манантаж байгаа нь тэр шүү. Тиймээс тэрний хүн, энэний хүн гэсэн хаяг, шошгыг өөрийн гараар өрхийг нь татаж, галыг нь манах яамныхаа ажилчин, боловсон хүчин, мэргэжилтэн, хэлтсийн дарга нартаа бүү зүүж, халах, сэлгэх тушаал битгий үйлдээрэй. Ингэвэл л яам дотор бичил, бичил “яам” үүсэж, баг бүрдэх бус балаг тарих бүлэг үүснэ шүү. 

Манай үе үеийн сайд, дарга нарын албан тушаалд хүрсэн даруйдаа гаргадаг нийтлэг нэг алдаа бий. Тэр нь эрх мэдэлдээ ташуурсан ажлын байрны цомхотгол үйлддэг гажуудал. Сүүлийн жилүүдэд энэ гажуудал газар авч яам, тамгын газар гэлтгүй хороо, дүүрэг мэтийн төрийн хамгийн жижиг нэгжид ч халдварлачихсан. Яваандаа иргэдийн сэтгэхүй ч энэ байдалд дасах хандлагатай болж ирлээ. МАН эрх барьж, Засаг толгойлбол, төрийн том, жижиг байгууллагад эрх мэдэлтнүүдийн халаасны хүн, хамаатны хүн, ах дүү, найз нөхөд, хүргэн бэр, нутаг усныхан шургалдаг үзэгдэл гаарчихсан. АН бялуу хуваасан бол хөл, толгойгүй халаа, сэлгээ болж, үймж бужигнадаг. Энэ нь эргээд төрийн албыг төрлийн алба болгох, бүтцийн яам, агентлагуудын орон тоог данхайлгачихдаг.

Яг ийм жишгийг Төрийн албаны зөвлөлөөс ч, тодорхой хяналтын байгууллага нь ч тоохгүй өнөөдрийг хүргэснээс болж төрийн бодлогын залгамж халаа алдагддаг, мэргэшсэн боловсон хүчин гудамжинд гардаг, ажлаа мэддэггүй шахааны хүнээс болж доод шатныхан нь авлига, хээл хахуульд өртдөг, хэн чадаж байгаа нь дураараа дургидаг, хүнд суртал газар авдаг. Тэгэхээр ганц сайдын таашаалд яамны ажил таарч, таацахын тулд ямар том хор уршиг бий болдгийг бид сүүлийн хорин жилд хангалттай харж байгаа. Ийм амин хувиа хичээсэн, алдаа завхрал үүсгэгчдээс болж өнөөдрийг болтол төрийн яамд, агентлаг, газар хэлтэст туршлагатай боловсон хүчний тоо цөөрсөөр л байна. 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИА СЭРГЭЭГЭЭД ХАРЧИХААРАЙ, САЙД АА

2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хуулиа сэргээгээд харчихаарай гэдгийг зөвлөе. Хуулийн гол үзэл баримтлал нь, төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадахуйн зарчимд үндэслэхээс гадна тухайн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурт нийцсэн боловсон хүчнийг сонгон шалгаруулж, зохих албан тушаалд нь томилох явдал. Мөн үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагч нарыг шатлан дэвшүүлэх зарчмын дагуу сонгон шалгаруулж, томилох зэрэг хууль хэрэгжиж эхлээд дөнгөж нэг жил болж байна. Бид дээрх хуулийг хэрэглэж эхлээд нэг жил болж байгаа ч шинэ Засаг бүрдэж буй энэ цаг дор эргэн сануулахад гэмгүй хэмээн санана.

Учир нь, дээрх хуулийн сайн, мууг дүгнэж ярих тодорхой, улс төрийн үйл явц, сонгуульт томоохон ажил өнгөрсөн нэг жилд өрнөөгүй. Тиймээс парламент бүрдэж, шинэ Засгийн газрын танхим бүтэж, сайд нар тодорхой болж байгаа энэ цагт тус хууль цай, хоол шиг хэрэг болно. Тодруулбал, сайдуудыг дагасан халаасны хүмүүсээр яамд дүүрч мэдэх халуун цаг одоо тохиож байгаа учраас төрийн албыг бужигнуулахгүй байх ёстойг энэ хууль сануулахаас гадна, жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлнэ. Хэрэв төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлөх, ямар нэгэн байдлаар нөлөөлөх оролдлого хийвэл тухайн нөлөөлөл үзүүлсэн улс төрийн албан тушаалтанд мөн адил хариуцлага тооцох хуулийн зохицуулалтыг хуулинд тусгасан. Тиймээс шинэхэн сайдтан та хууль ёс, төрийн хүний ёс зүй, хэм хэмжээг эрхэмлэвэл өмнөх сайдынхаа дэвшүүлсэн зөв зүйтэй, үр ашигтай бодлогыг үргэлжлүүлээд, алсын хараагүй, буруу гажуудсан ажлыг засаад явах боломжтой. 

Өмнөх хуулиудад төрийн албан хаагчийг олноор нь чөлөөлөх, халах улмаар шүүх дээр ялсан тохиолдолд тухайн төрийн албан хаагчид учирсан хохирлыг тухайн байгууллагаас буюу төрөөс төлдөг байсан. Тэгвэл шинэ хуулиар шүүхэд нэхэмжлэх гаргаж, буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар дээрх хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон. Ингэснээр улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагчийг халж, солих асуудал гарахгүйгээс гадна төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа болсон ажлын байр, мэргэжил, урт хугацаандаа олж мэдсэн, хурааж хуримтлуулсан дадлага туршлага нь ийнхүү дээрх хуулиар хангагдаж, хамгаалагдсан гэдгийг онцлоё.

Энэ хуулийн дээгүүр жаалсан хэнбугай ч үүрэгт ажлаа өгөх ёстой болчихсон учраас Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхож, Ерөнхий сайд нь үүрэгдсэн хариуцлагыг нэр төртэй биелүүлээрэй. Угаас өндөр хөгжилтэй, хүнээ дээдэлдэг, төрийн бодлогын залгамж халааг чухалчилдаг, мэдлэг шүтдэг, чадавхийг сайшаадаг орнуудын хөгжлийнх нь гол үндэс нь төрийн албан хаагч нь мэргэшсэн, чадварлаг байх гэсэн ганцхан зарчимд тулгуурладаг юм билээ. Тэгэхээр манайд ч ийм байх бүрэн боломжтой. Энэ боломжийг хангах гол хүч нь яамдын сайдууд. Шинэхэн сайдууд ажлаа аваад юу амжуулсныг сонирхлоо.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны тухайд Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, бие бүрэлдэхүүнд хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдээ үе шаттайгаар татах хүртэл иргэдийн санал санаачилга болон суугаа, хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллахыг чиглэл болгожээ. Түүнчлэн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөж ажиллах, дипломат албаны эрх ямба, дархан эрхээ урвуулан тамхи, хар тамхи болон бусад хууль бус бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, худалдаалах зэрэг аливаа хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, консулын болон визийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс гарч буй шүүмжлэлийг бодитоор хүлээн авч, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хувийн ашиг сонирхлоос үргэлж ангид байхыг чиглэл болгож ажиллахаа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Гадаад харилцааны яам бол мэргэшсэн, ажлаа мэддэг боловсон хүчин шаарддаг, онцгой статустай яам. Тиймээс бүтцийн өөрчлөлт, ажилтны цомхтгол хийхгүй” гэв. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы тухайд, Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, ажлаа эхлүүлсэн байна. Тэрбээр “Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхэд мал аж ахуйн түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Газар дээр нь танилцахад дэд бүтцийн ажил ахицтай явж байна. Монгол Улсын ажиллах хүчний 40 хувийг бүрдүүлдэг 288 мянган малчин, малын эрүүл мэндийн салбарын 1200 гаруй эмч, 2400 гаруй иргэний амьдралд эдийн засгийн үр өгөөж авчрах төслийн ажлыг үзлээ. Яамныхаа бүтэц, зохион байгуулалтыг алдагдуулахгүй” гэдгийг хэллээ. Бусад чиг үүргийн яамдын сайдуудтай тодорхой бус шалтгааны улмаас холбогдож чадсангүй ээ. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтцэд нэг яам нэмэгдсэн нь Соёлын яам. Олны дэмжлэг, Монголын соёл урлаг, ёс заншил, үнэт зүйлийг сахин хамгаалах, төлөвлөн бодлогоор авч явах шинэхэн яамны бүтэц, үйл ажиллагаа олны анхаарлын төвд буй. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан. Цар хүрээ өргөн, үр өгөөж өндөр, өнөөдрийн нийгэмд хамгийн хэрэгтэй байсан тус яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх долоон газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөсөн. 

Соёлын бодлого гэдгийг энэ салбарт ажиллаж байгаа 6000 гаруй хүнд л хамаатуулж байснаас өнөөдрийнх нь шиг нүдээ олсон шийдвэр гаргах гэж аль ч Засгийн газар зориглож байсангүй. Биднийг ийнхүү соёлоо бодлогогүй, бор зүрхээрээ хөтөлж явах зуурт ард түмнийх нь нэг хэсэг ёс зүйн болон итгэл үнэмшлийн чиг баримжаагаа алдаж, уулгалан довтолж, уурсан бухимдаж, юунд ч дийлдэхгүй муйхарлаж мэдэхээр харанхуй зам руу түлхэгдэхэд бэлэн болсон байв. Нийгэмд алгуурхан тэлж буй элийрлийн өмнөхөн Соёлын яамыг байгуулж, мэргэжлийн, салбараа мэддэг хүнд жолоог нь атгуулсан нь яах аргагүй У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн оновчтой алхам байсныг энд онцлох нь зүйтэй билээ. 

Өнгөрсөн зууны 1960-1970-аад онд Соёлын яамтай байлаа, Монгол Улс. Энэ үед соёл, урлагаар дамжуулан үзэл суртлаа түгээж байсан. Хүн нэг бүрт хүрч, сэтгэлийг нь хөдөлгөн нөлөөлж чаддаг соёлын давуу талыг ашиглаж чадвал нийгэм даяараа илүү хурдтай төлөвших боломжтойг харуулж байв. Өнөөгийн залуусын, мэрж, мөлжсөөр байгаа кино, урлаг, соёлын үнэт өв бие даасан бодлогын яамтай байх үед төрөн гарч, өнөөдрийг хүртэл бидний оюун санааны түүчээ болж яваатай маргах хүн гарахгүй болов уу. Ийм чухал яамны жолоог залуудаа доктор болж, гайхагдаж явсан түүхч, академич С.Чулуунд атгуулсан нь нүдээ олсон томилгоо байв. Одоо харин багаа бүрдүүлж, мэргэжлийн, ажлаа мэддэг, олон нийтэд яамны бодлого, үйл ажиллагааг цэгцтэй, нээлттэй өгч чаддаг, залуу үеэрээ бүрдүүлээсэй гэдгийг дайя. Юутай ч яамдын сайдаар ажиллах үүрэг хүлээж, тамга гардсан дээрх хүмүүсээс амьдралд нийцсэн, бодлого, үйл ажиллагаа, чирэгдэлгүй, хүнд сурталгүй арга ажиллагааны менежмент хийхийг олон хүн хүлээж, харж байна. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Баабар : Гэрийн авгайгаас төрийн авгай

Өмнөх нийтлэл

С.Баярцогтын эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэлд шүүхээс ял оноосон

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох