Иргэд ногдол ашгаа горьдож хүлээсээр, эцэс сүүлдээ цөхөрч гүйцэж байна. Энэ сарын 1-ний өдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага сарын өмнө албан ёсоор сүржин мэдэгдэл хийсэн. Гэтэл хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Өнөөдрийг хүртэл ганц ч хүн ногдол ашиг гэж гар дээрээ авсан юм алга. Авах үгүй нь хүртэл тодорхой бус байна. 2019 онд ашигтай ажилласан хувийн хэвшлийн компаниуд ногдол ашгаа хэдийн тарааж эхэлсэн атал нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон “Эрдэнэс Тавантолгой” иргэдийг хойноосоо улам чирэгдүүлсээр. Нэгж хувь цаанд 90 төгрөг ногдож байгаа бөгөөд 1072 хувьцаатай иргэн 96,480 төгрөг халааслах ёстой. Таван ам бүлтэй өрх гэхэд л 482,400 төгрөг авахаар сэтгэлээ чилээж байна. Энэ бол төр засгийн зүгээс өгч байгаа дэмжлэг биш. Хувьцааг нь эзэмшдэг компани ашигтай ажилласан тул ногдол ашиг нөөцлөх боломж иргэдэд бүрдсэн гэсэн үг. 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй тус компани 200 орчим тэрбум төгрөгийг иргэдэд хуваарилна. Үүний 60 орчим тэрбумыг одоогоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн. Энэ нь нэг сая хүний ногдол ашиг юм. Үлдсэн 140 тэрбум нь хэзээ байрших эсэх нь одоо болтол тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, 1.5 сая хүний ногдол ашгийг “Эрдэнэс Тавантолгой” дутуу шилжүүлжээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн дагуу мөнгө дутуу орж ирвэл ногдол ашиг тараах боломжгүй гэж дээрх төв мэдэгдсэн. Гэтэл үүнийг төр дийлэнх хувьцааг нь эзэмшдэг компани өөрөө зөрчсөөр буй. Зохицуулалтын журмаар 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 100 хувь төвлөрсний дараа ногдол ашгийг шилжүүлэх юм байна. Сангийн яамыг төлөөлөн ажиллаж буй тус төв нийт ногдол ашгийг хоёр, гурав таслах бус нэг дор зэрэг олгоно гэлээ. Бие бие рүүгээ ногдол ашгийн удаашралыг чихсээр хоног хугацааг барж байна. Брокерын компаниуд Үнэт цаасны төвийг урдаа барьж буй бол тус төв Сангийн яамыг, Сангийн яам нь “Эрдэнэс Тавантолгой”-г үүнд буруутгах аж.
“Эрдэнэс Тавантолгой” компани Сангийн яамнаас гаргасан зохицуулалтын журмын дагуу ажиллах ёстой. Бүртгэлийн ямар нэгэн асуудалгүй сая орчим иргэний ногдол ашгийг тараах мөнгө ҮЦТХТ-д байна. Үлдсэн иргэдийн мөнгө ороод ирвэл олон жил хүлээсэн ногдол ашиг шилжих нь. 1072 хувьцааны ногдол ашгийг “Эрдэнэс Тавантолгой” болон Сангийн яам үндсэндээ түгжжээ. Гэтэл 2.5 сая хувьцаа эзэмшигч ногдол ашгаа өдөр бүр харуулдсаар сууна. Эрх баригчид сонгуулийн оноо цуглуулахын тулд ногдол ашгийн мөнгийг УИХ-ын сонгуулийн өмнөхөн бүхэлд нь нэг дор тараахаар дансандаа дарсаар байна гэх хардлага хөвөрч эхэллээ. Ногдол ашиг бол халамж биш. Компани болгон тухайн жил ашигтай ажиллавал хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаг нь хууль. Гэтэл энэ хуулийг эрх баригчид гажуудуулж, сонгуулийн пиар болгохоор зэхэж байна. Харин орлогогүй, цалингүй болсон өлмөн зэлмүүн иргэдэд хэдэн төгрөг нь хэрэгтэй байх юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт ногдол ашгаас хамгийн их өгөөж хүртэх хувьцаа эзэмшигч нь төр. Тодруулбал, 800 орчим тэрбум төгрөгийг төр авах бол 2.5 сая хувьцаа эзэмшигч дөрөв дахин бага буюу ердөө 200 тэрбум төгрөгийг энэ удаа хувааж авна. Ийм байтлаа төр өөрөө ногдол ашиг олгох ажлыг шуурхайлах бус гацааж, иргэдийг бухимдуулах болсон нь хөрөнгийн зах зээлд ч хөшүүн загнаж, давхар давхар бий болгов.
Засгийн газрын мэдээ сонин
Сэтгэгдэлүүд