Бусдыг муулж доош нь хийх чамд амархан. Өөрийгөө хөгжүүлж өсөж дэвжих нь чамд хэцүү байдаг. Ингэж өөрийгөө өөрчлөх гэж зовж байхаар бусдыг муулж өөртэйгээ адил тэрэгний дугуй гэж тооцох нь чамд хавьгүй амар. Магадгүй би түүнээс илүү гэж мэдрэх нь бүр ч таатай. Ийм хүмүүс өөрөөсөө бусдыг илүү гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Би л мундаг нь гэж бүхний эхэнд өөрийгөө тавихыг хүсдэг. Онгироо дээрэлхүү бусдыг хүндлэхгүй үл тоосон хандлагтай байдаг. Бас зусарч хуурамч зан гаргадаг. Бусдыг магтваас түүнээс дутуу болчихгээд байдаг болохоор барагтай л бол магтаалын үг амнаасаа унагахгүй. Хэрэв та ийм бол энэ зангаа эртхэн засаарай. Эргэн тойрны хүмүүс чинь чамд дотроо дургүй байгаа шүү. Ийм биш бол тийм хүнээс харин аль болох холхон байгаарай. Тэр өөрийнхөө эрх ашгийн төлөө юуг ч зольж чадна шүү.
Бусдыг байнга магтаж явдаг хүн хамгийн гайхалтай. Тэр даруухан эелдэг дөлгөөн байдаг. Бусдын сайхан чанарыг байнга олж харж чадаж байна гэдэг ухаантай байгаагийн шинж. Тэр өөрийнхөөсөө илүү бусдын эрх ашгийг тавьж чаддаг. Ийм л хүн чиний жинхэнэ найз шүү. Түүнтэй аль болох ойрхон байгаарай. Сайн хүн эсэхийг бусдыг бага муулж их магтдагаар нь мэдэж болно. Бусдыг муулахыг биш өөрсөдөө сайжлах тухай л хичээцгээье. Бусдыг муулах дээр биш магтах дээр л илүү төвлөрцгөөье.
Бүхнийг хайрла
Тараг идэхдээ тугалнаас уучлалт гуй. Уучлаарай тугалаа сүүг нь булаагаад уучихлаа гэж дотроо хэл. Тараг идэхдээ үнээнд, буханд, саальчинд, тараг бүрсэн хүнд талархваас зохистой бүх хүнд баярла. Тараг идэхдээ өвсөнд, усанд, үүлэнд, наранд талрах. Нар мандахгүй бол, бороо орохгүй бол, гол урсахгүй бол, өвс ургахгүй бол яаж үнээ тугаллаж сүүг нь бид нар уух билээ. Бүх зүйлс нарийн уялдаа холбоотой. Та ганцаараа энд ирэх боломжгүй. Таны аз жаргалд мод ургаж байгаа нь, амьтад амьдарч байгаа нь, хөрш тань аз жаргалтай байгаа эсэх нь, хүү охины тань ангийн хүүхдүүдийн хүмүүжил, тэдний ар гэрийн хүмүүсийн амьдрал ч нөлөөлж байдаг. Гэр бүлээ хайрлана гэдэг, үр хүүхдээ хайрлана гэдэг, эх ороноо хайрална гэдэг хөршөө хайрлахаас, хамтран ажлагсадаа хайрлахаас, нэг нэгнээ хүндлэхээс, машиныхаа цонхоор чихэрийн цаас шидэхгүйгээс л эхэлнэ. Эс бөгөөс таны амьдрах, таны үр хүүхдийн амьдрах нийгэм там болж хувирна. Та ганцаараа орших боломжгүй. Бүх зүйлс нэг нэгнээсээ хамааралтай. Тиймээс бүхнийг хайрла.
Эерэг байхдаа идэвхтэй, сөрөг байхдаа тэсвэртэй бай
Сэтгэл тань сөрөг байвал үг яриа тань ч хэг ёг гэсэн аястай, үйл хөдлөл чинь нь ч ширүүн дориун хор буцалгам болчихдог. Тиймээс сөрөг үедээ хийсэн үйлдэл бүр хэлсэн үг болгон чинь муу үр дагварыг л дагуулдаг. Харин сэтгэл тань эерэг байвал үг хэл тань зөв зүйтэй үйлдэл тань аядуу зөөлөн хайр татам болчихдог. Сөрөг чанар бол устгагч, үгүйсгэгч, эвдэн сүйтгэгч чанар юм. Эерэг чанар бол бүтээн байгуулагч, талархан хайрлагч чанар юм. Иймд эерэг үедээ хэлсэн үг хийсэн үйлдэл бүхэн таньд аз жаргалыг дагуулах болно. Үүний учир эерэг байхдаа аль болох идэвхтэй бай. Олон зүйл хий. Одоо л шийдвэрээ гаргадаг цаг зөв байх болно шүү. Сөрөг байгаа бол юу ч бүү хий. Юу ч бүү ярь. Ямар ч шийдвэр бүү гарга. Одоо л шийдвэр гаргадаггүй цаг шүү. Буруу байх болно. Эерэг байхдаа идэвхтэй бай. Сөрөг байхдаа тэсвэртэй бай.
Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн
Сэтгэгдэлүүд