энтертаймент

Өөжгийгийн гитартай танилцсан түүх

0

Пентатоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Өөжгий буюу Д.Өлзий-Орших өөрийн ‘Гитартай танилцсан түүх’ -ээ хуваалцлаа.

1975 онд Сөгнөгөрийн өвлийн амралтанд аав ээж дүү бид дөрөв амрахаар явсан юм. Тэр үед Соёл-Эрдэнэ хамтлагийн ‘Сэтгэлийн жигүүр’ дуу ид хит болж хүчээ авч хүн болгон л аялж байдаг байлаа. Амралтанд үдшийн бүжиг болж ямар нэг хамтлаг (Аягүй бол Соёл -Эрдэнэ өөрөө ч байсан байж магадгүй кк) уг дууг дуулдаг байгаа. Тэгэхэд би гэдэг хүн анх гитар гэдэг зүйлийг харсан бөлгөө.

Миний аав уг нь 1963 онд анх гитар үүрч явдаг хөвгүүдийн нэг байсан гэж байгаа юм. Харин яагаад ч юм намайг мэдээ ороход аав тоглохоо орхицон байсан уу бүү мэд лав л манайд гитар байгаагүй. Дараа нь хуучин Улсын филармони буюу Муурын байшинд очиж аавын мөрөн дээрээс жинхэнэ Соёл-Эрдэнээ үзсэн. Тэгээд л гитар хэмээгч 6-н утастай зүйл жаахан хүүгийн сэтгэлийг соронз мэт татаж эхлэв ээ.

Хоёрдугаар ангид орсон жил аав ээжийг шалсаар байгаад анхныхаа гитарыг авахууллаа. Харамсалтай яагаад ч тоглож чаддагүй. Учир нь 9 настай хүүхдийн гар жижиг, дээр нь тэр үеийн 36 төгрөгний орос гитарны гар өргөн, утас нь хэт хатуу, дээр нь байрны архаг гитарчдаар заалгах гэхээр тоож өгөхгүй гэх мэтчлэн олон бэрхшээл тулгарснаар гитараа хаяхаас өөр аргагүй боллоо.

Дээр нь нөгөө гитар манай Мангарын 23-р байрны атамануудын гараар орж сураг алдрав.
Тэгээд гитарыг 1-р удаа шууд хаясан юм. 

Зургадугаар ангид орсон намар өндөр хашаан дээрээс үсрээд хөлөө гэмтээв. 2-3 хоног битүү хавдар болоод гэрт хэвтэж байтал өвөөгийн танил нэг өвгөн ирээд хөлийг минь барих юм боллоо.
Мань хүнийхээр бол шагай нь гужсан ( Яасан ч гэсэн үг юм бүү мэд. Ккк) байна хэмээх онош гарч эвэнд нь оруулж өгнө гэж намайг нус нулимстай хутгалдтал баахан мушгилаа. Маргаашнаас нь байдал бүр бишдээд нөгөө муу хөлийн шагай тулам болтлоо хавдав. 10-аад хоног гэртээ давстай хар цайгаар боогоод ер зүгээр болсонгүй ээ.

Эцэст нь эмнэлэг бараадлаа даа хөөрхий. Онош бол аймар. Ясны бэртэл нь идээлээд остеомилет билүү юу билээ нэг аймаар өвчин болсон байх бөгөөд бүүр хөлөө өвдгөөр нь тайруулахдаа тулдаг байна ш дээ.

Золоор арай ч тайруулсангүй эмнэлгийн орон дээр 5 сар хэвтэж, 4 удаа хөлөндөө хагалгаа хийлгэж хирэндээ л хөөрхөн юм үзэв.

Анги ч улирлаа.
Харин тэр хооронд дахиад нэг гитар авч суга таягтайгаа орцонд сууж байрныхаа хүүхдүүдтэй жаахан жаахан тоглож сурч эхэллээ. Хамгийн анх тоглож сурсан ая маань ‘Үл мэдэх хүүхэлдэйн’ киноны ая. Хамгийн анхны аккордыг нь тоглож сурсан дуу бол мэдээж алдарт ‘Эмээ, Өвөө, Бясаа гурав’. Нэг билэг дэмбэрэлтэй юм болсон нь эмээгийн дүү болох МУГЖ гайхамшигтай хөгжимчин эгч Мядагбадам агсан тэр гитарыг анх хөглөж өгсөн юм.  Магадгүй тэр агуу хөгжимчний хөглөсөн гитар намайг энэ зам руу эгнэгт чирч оруулсан байхыг үгүйсгэхгүй. Ингэж л нөхөр гитар бидэн хоёрын нөхөрлөл эхэлсэн бөлгөө.

40 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх орон сууцны зээл олгоно

Өмнөх нийтлэл

37-р Точка ОАУСК – 1-р анги

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент