Хоёр эмэгтэй автобусанд ийн ярилаа. Нэг нь “Хүүхэд ханиад хүрчихжээ. Ямар эм авч өгөх вэ. Боломжийн үнэтэй, гайгүй сайн эм юу байдаг билээ” гэхэд нөгөөх нь “Дөнгөж ханиад хүрч байх эхэн үед нь инсти гээд найруулдаг уусмал өгчихөөр гайгүй болчихдог юм. Өдрийн хоёроор уулгахад болно. Манай гэрийн ойролцоо эмийн санд зургаан ширхэгтэй нь 4500 төгрөг гэдэг. Зарим газар 5400 төгрөгийн үнэтэй байдаг юм билээ’’ гэв. Нээрэн л нэг улсын, нэг үйлдвэрийн, нэг төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн эмийн сангуудад яагаад харилцан адилгүй үнэтэй байдаг юм бол. Үүнээс өгсүүлээд эм тойрсон шүүмжлэлтэй асуудал мундахгүй. Иргэд эмийн сангаар үйлчлүүлэхдээ арай хямд үнэтэй хэрнээ баталгаа, найдвартайг нь илүүд үздэг ч яалт ч үгүй гэр, ажлынхаа ойролцоо байрлаж буйг сонгодог. Хүмүүс толгойны болон өвчин намдаах, ханиад томууны эсрэг, дархлаа дэмжих зэрэг эмийг түгээмэл хэрэглэдэг. Гэтэл тухайн эм нэг улс, нэг үйлдвэрийнх атлаа хоёр өөр үнэтэй байдаг нь хачирхалтай. Хотын төвийн болон гэр хорооллын эмийн санд өвчин намдаах эм, уусгаж уудаг сироп 500-1000 төгрөгийн зөрүүтэй байна. Гэхдээ зарим нь байршлаасаа хамаарч ийм байдаг бол нэг хэсэгт нь энэ огт нөлөөлдөггүй. Тухайлбал, хүмүүсийн сайн мэддэг түгээмэл хэрэглэдэг буюу найруулж уудаг терафлю хотын төвийн эмийн санд 2500 бол хэдхэн метрийн цаана байрлах нөгөө нэгд нь 2800 төгрөгийн үнэтэй байгаад учир бий. Энэ мэтээр ихэнх эм хамгийн багадаа 100 төгрөгийн зөрүүтэй бол мянга, арван мянга төгрөгийн ялгаатай байх нь ч бий. Зарим тохиолдолд түүнээс ч илүү үнийн зөрүүтэй байдагт иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа. Энгийнээр бодоход нэг үйлдвэрийн талхыг бүх дэлгүүрт адил үнээр зардаг шиг нэг улс, нэг үйлдвэрийн нэг нэр төрлийн эмийг мөн адил үнээр л худалдаалмаар. Гэтэл тийм байдаггүй нь хувийн хэвшлийнхэн дураараа үнэ тогтоож, нэмдэг, хөөсрүүлдэг, зохиомлоор хомсдол үүсгэж, эмийн зах зээлд эзэн суусны илэрхийлэл гэж олон хүн тодотгож буй. Үүнийгээ эм, эмийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид, эмзүйч нар өнөөх л валютын ханш, шатахууны үнэ өссөнтэй холбон тайлбарладаг. Эдгээр хүчин зүйл нөлөөлж болох ч үнэн хэрэгтээ тэд хүмүүсийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан эмийнхээ үнийг өсгөж, бууруулдаг бичигдээгүй хуулийг дагаж мөрддөг. Тухайлбал, томуу, томуу төст өвчин эрчимтэй дэгдэх үеэр “чоно борооноор” гэгчээр үүний эсрэг эмийн үнэ нэмэгдэж, хомсдол үүсдэг тал бий. Өнгөрсөн өвөл Н1 N1 дэгдлээ гэх сургаар вирусийн эсрэг хамгийн үр дүнтэй, өндөр үйлчилгээтэй тамифлю /осельтамивир/ эмийг хувийн томоохон эмнэлгүүд эмийн сангуудаас их хэмжээгээр худалдан авч, хомсдол үүсгэж байсан удаатай. Өмнө нь 38500 төгрөгөөр зарж байсан эмийг вирус дэгдлээ гэх сургаар бөөнөөр нь авч, 100-160 мянган төгрөгөөр дамлан борлуулж буй талаар хүүхэд нь өвдсөн ээжүүд нийгмийн сүлжээнд зураг хөрөг, баримттай нь нийтэлж байв. Эмийн үнийн нэмэгдлийн тухайд өнгөрсөн жил 7500 төгрөгөөр худалдаж байсан вакадо хэмээх шингэн нөхөх бэлдмэлийг одоо 10400 төгрөгөөр зарж байна. Үүн шиг бусад болон зүрх, судас, ханиад, хатгалгаа, хордлогын үед голчлон хэрэглэдэг зарим эм өнгөрсөн жилийнхээс 2000-20000 төгрөгөөр нэмэгдсэнийг эмзүйч нар хэлж байлаа. Манай улс эм импортлогч орон. Агаар, орчны бохирдлын нөлөөгөөр халдварт болон халдварт бус өвчин ихэсч, тэр хэрээр эмийн импорт жил ирэх тусам нэмэгдэж байна. 2017 онд 441 тэрбум төгрөгийн эм оруулж ирсэн нь 2016 оныхоос 226.5 тэрбумаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Эмийн түүхий эд авахад 2.3, урвалж, оношлуурт 22.2, эмнэлгийн хэрэгсэлд 178.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, эм хангамжийн зах зээлд 600 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байдаг гэсэн үг. Иймд үнэ өсөх нь зах зээлийн зарчим, эмийн импорт хувцас хунар, хүнсний бүтэагдэхүүн оруулж ирдэгтэй яг адилхан системтэй. Ямар ч ялгаа байхгүй гэж ханган нийлүүлэгч, эмзүйч нар үзэж буй. Гэхдээ аль ч улс орон эмийг үндэсний аюулгүйн байдлын салшгүй хэсэг гэж үздэг тул үүнийг зохицуулсан бодлого зайлшгүй шаардлагатай. Нэг улсын, нэг үйлдвэрийн, нэг нэр төрлийн эмийг байтугай үйлчилгээ нь ижил хэрнээ өөр нэртэй эмийг харилцан адилгүй үнээр борлуулж байгаа нь зах зээлд хэт илүүдэл үүсгэснээс болсон гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Эм ханган нийлүүлэгч 300 гаруй, эмийн 46 үйлдвэр, эмийн сан 2000 орчим байгаа нь төрийн байгууллагууд энэ салбарыг хяналтгүй орхисонтой холбоотой аж. Иймд сүүлийн 30 жил “эцэггүй хүүхэд” шиг явж ирсэн улсын эм хангамжийн салбарыг эзэнтэй болгох цаг нь болжээ. Эс бөгөөс иргэд тавхан алхаад л таарах олон эмийн сангийн нэг төрлийн эмийг харилцан адилгүй үнээр худалдаалж бид төөрч эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсоор байх нь. Дараагийн удаад бид нэг үйлдвэрийн эмийг харилцан адилгүй үнээр худалдаалдаг, эрэлт, хэрэгцээ далимдуулж үндэслэл, судалгаагүй, огцом хөөрөгдөж буй хувийн хэвшлийнхэнд хэн, хэрхэн хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой талаар албаны хүнийг байр суурийг хүргэх болно. Эмийн үнэ ханшийн тухайд иргэд ямар бодолтой байдаг салаар тэдний байр суурийг сонслоо. ЭМИЙН САНГУУДАД НЭГ ТӨРЛИЙН ЭМИЙГ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ ҮНЭЭР ЗАРДАГТ.Нямдэндэв: -Эмийн сангууд нэг төрлийн эмийг харилцан адилгүй үнээр зарж байна. Жишээлбэл, видака гээд алат асатын хоёр сарын хэрэглээний эм эмийн сангуудад 38000, 40000, 45000 төгрөгийн үнэтэй байдаг. Үүний нэгэн адил бусад эмийг мөн адил харилцан адилгүй үнээр худалдаалдаг. Алат асатынхаа эмийг ууж дуусаад шинжилгээ өгдөг. Шинжилгээний хариунаас шалтгаалж үргэлжлүүлж уух эсэхийг эмч шийддэг. Уг нь энэ эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байдаг ч тэр бүр авч чаддаггүй. Гэхдээ энэ удаад би 45000-аас хөнгөлүүлж 38000 төгрөгөөр авсан. Тав, зургаан мянган төгрөг тэтгэврийн бидэнд нэмэртэй шүү дээ. Бид эм, тан авахдаа хаана хямдхан байна гээд яваад байж чаддаггүй. Хамгийн ойр байгаагаас л авах юм. НЭГ УЛС, ҮЙЛДВЭРИЙН ЭМ АДИЛХАН ҮНЭТЭЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙО.Билгүүн:-Ер нь олон эм, тос, витамин эмийн сангуудад харилцан адилгүй үнэтэй байдаг юм билээ. Хамгийн багадаа 100 төгрөг. Зарим тохиолдолд 10000 төгрөгийн ч зөрүүтэй байдаг. Үүнээс ч илүү их зөрүүтэй байхыг үгүйсгэхгүй. Манай эхнэр саяхан харшлын нэг тос 10000 төгрөгөөр авсан. Гэтэл өөр нэг эмийн санд тэр тос нь 8000 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Бид эмийг талх шиг өдөр бүр байнга худалдан авдаггүй болохоор үнэ ханшийг нь тэр бүр мэддэггүй. Гэрт эсвэл ажилд хамгийн ойр байрлаж буй эмийн сан руу ороод л авчихдаг. Гэтэл өөр эмийн санд арай хямд байж байдаг. Тиймээс нэг улсын, нэг үйлдвэрийн нэг нэр төрлийн эмийг бүх эмийн санд адилхан үнэтэй худалдаалах зохицуулалтыг салбар яам хийж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна эрүүл мэндийн даатгалаар хөнгөлж буй эм олдоц муутай байдаг. Эм авах гэхээр л санхүүжилт дууссан гэх юм. C.ЮмсүрэнЭх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэлүүд