зөвлөгөө

Монгол хүний Японд улсад баримтлах алтан зарчмууд

0

 

Японд ирээд багагүй цаг өнгөрлөө. Энэ хугацаанд мэдэрсэн, ухаарсан зарим зүйлээс хуваалцмаар санагдлаа.

Цагаа зөв зохицуулах хэрэгтэй

Цаг зав /цагийн ажил, ажил, хичээл, бусад хөгжөөнт цаг/-аа зөв зохицуулах хэрэгтэй. Японд богино ч бай, урт хугацаагаар ирсэн ч бай өдөр хоног асар хурдтай өнгөрдөг. Учир нь бидэнд суралцах, хийх зүйл хэтэрхий ихтэйд байдаг юм. Бүгдийг тодорхой хэмжээгээр амжуулахын тулд өөрт ногдсон бүхнийг хуваарилах нь үр дүнтэй. Шинэ орчин, тэс өөр нийгэмд олон зүйл суралцахын хажуугаар зам зуур өөрийнхөө сонирхлыг олж чадсан бол түүндээ илүү цаг оногдуулж гардан ажиллаж бай. Би чадахгүй байх гэж хойш суусан бүхэн минь харамсал болж өнгөрөхөөс цаашлаагүй олон тохиолдол надад бий. Түүний хажуугаар бас амрах цагаа тооцоолох чухал. Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралдаа дарагдаад нүдээ сүүмийлгэчээд өөр дуртай зүйлээсээ урмыг мэдрэхгүй байна гэдэг хайран санагдана. Залуу насаа сайхнаар мэдэрч чадах бүхнийг эрч хүч, зоригтойгоор хий.
Энд нэгэн хэвийн амьдралыг урсгах гэж би ирээгүй, үгүй бол эх орондоо хэвтэж байх байсан.

Хийсэн бүтээсэн зүйлтэй, эргэн санах дурсамжтай, бэрхшээл нэг ч түүнийгээ харилцан ойлголцож дэмжиж туслах олон нөхөд, нутаг нэгтнээр хүрээгээ тэлэх хэрэгтэй.

Ганцын амьдрал гэж энэ хорвоод үгүй. “Би би би” гэж зүтгэх, “би ийм л хүн” гэж ярих, хол газар хүний нутагт нэгнээсээ ашиг хонжоо хайх одоо үед л энгийн зүйл мэт болсон болохоос уул шугамандаа байгаагүй нийгмийн үзэгдэл. Эсрэгээрээ их хөдөлмөрийн нийгэмд хааяа нэг алжаалаа тайлж, сэтгэлээ сэргээж нийлж сууцгаах нь мэдээжийн хэрэг ч “бид энд зүдэрч байна” “бид нэг нутгийх” гээд өдөр дамнан цэнгэж өөрийнхөө, өрөөлийн ажлыг ч уях нь асар дэмий хэрэг.
Зүгээр л дундыг барьж учрыг тунгааж бас өөрөөсөө бусдыг ялгахгүй эсвэл хэрэгтэй цагт мэддэгээ мэддэггүйдээ зааж зөвлөдөг байх л зүйтэй.

Бусдаасаа суралцах хэрэгтэй.

Өөртөө давуу мэдлэг байгаа гэж бодсон ч миний чадаагүй ямар нэг зүйлийг өөр нөхөр минь бүтээж биелүүлсэн тохиолдол олонтаа. Ирээд жигдэрсэн хүнээс, удаагүй ухаалаг нэгнээс ер нь бусдын амьдралын ухаан, үйл хөдлөлөөс суралцах зүйл хязгааргүй их.
Хүн хүний өссөн төрсөн орчин, хүмүүжил өөр өөр учраас бусдад үзэл бодлоо тулгахгүйгээр бусдаас хэрэгтэй гэсэн арга барил, харилцан туршлага солилцох нь хамтран амьдрах, ажиллах орчинд ямар их хэрэгтэй нь баталгаатай үнэн.

Бидний номер нэг зорилго бол хэл

Япон орчинд байгаа хүн японоор л нэвтрэлцэнэ. Суралцахаар ирсэн хүн л уйгагүй хичээллэдэг юм биш. Хэлний мэдлэггүйгээс асар олон боломжийг алдана. Хүн хүний суралцах арга барил өөр л дөө. Мөн ойр зуурын мэдлэгтэй ирсэн эсвэл огт А ч үгүй ирсэн гээд бүгд харилцан адилгүй. Гэхдээ орчинд нь байгаагийнх гээд хэн ч гэсэн хэсэг хугацааны дараагаар өөрийн эрхгүй ойлголцдог болсон байдаг. Чухамдаа хэр их хичээл зүтгэл гаргаснаас шалтгаалан үнэлгээ мэдээж өөр өөр. Би өөрийн сурах барилыг хамгийн зөв гэжсбоддог. Энэ бол “Ичиж зовохыг мэдэхгүй ярь, мэддэг хэдэн үгээ ч холбо. Учир нь би японд төрж өсөөгүй болохоор мэдэхгүй байх нь миний эрх. Буруу зөв ярилаа ч гэсэн “яаанаа тэгэж буруу яриад байхдаа яадаг байнаа” гэж хэлэх мулгуу тэнэг хүн цөөн гэж бодож байна. Байсан ч дараа нэг өдөр би түүнд үзүүлээд өгнө гэж бодох. Хар яриа сурсан ч дараа нь түүнийхээ бичгийн зөв хэлбэрийг шалгаад үзчихдэг байх хэрэгтэй. Болсон болоогүй, зөв буруу нь мэдэгдэхгүй, учрыг нь ч сайн ойлгоогүй хар яриа сурчихаад түүнийгээ хэлэндээ сайн гэж хийрхсэн хүн хамгийн наад зах нь японоор и-мэйл бичихэд эсвэл хэн нэгэн өөрөөсөө дээд хүнтэй харьцахад алдаа гаргаж, оноо алдах нь тоогүй зүйл гэж боддог. Сурвал сурсан шиг л сурмаар байна шүү дээ. Өнөө үед бидэнд суралцах бүхий л орчин бэлэн байна. Японд ирчихээд гоё, үнэтэй утас авчихаад аль нэг толь бичиг татаад хэрэглэхийн оронд нүүрэндээ нааж зургаа дарах эмэгтэй битгий хэл эрэгтэй хүн их болсон.
Би тийм мундаг биш ч өөртөө таарсан суралцах арга барилаа олсондоо баяртай бас бусаддаа зөвлөх дуртай.

Мөнгөний үнэ цэнийг мэдрэх

Энд ирээд монголоос эцэг эхээрээ амьдрах зардлаа байнга гаргуулдаг азтан ховор байх. Мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай дэлхийд өртгөөрөө 2рт ордог оронд ирээд дор хаяж3 сарын дараагаас хүссэн хүсээгүй мөнгө гэдэг зүйлд санаа зовж, ажил олж хийхийг хүснэ. Өртгийн зөрөөг бодоод ажиллах хүчээр ирсэн хүмүүс ч ялгаагүй. Борви бохис хийлүй ажиллаад цалин авах өдөр ирэхэд баярлах шаналах зэрэгцдэг нь маргаангүй. Хөдөлмөрөөрөө хөлс хүртэх янзтай сайхан ч амьдралдаа яаж эвтэйхэн зарцуулах вэ гэсэн оньсого таавар шиг зүйл толгой өвтгөнө.
Гадаадад очсон гэхээр бүгд баян байдаггүй юм. Ялангуяа япон гэгч урсгал зардлаа дийлэхгүй стресст өртөх амар улсад оюутан хүн байтугай тогтсон ажилтай нэг нь мөнгө хуримтлуулахад хэцүү.
Сурах зорилготой ирээд өдөр шөнөгүй сургалтын төлбөрөө бодсоор,хуульд заасан цагаас нь хэтрүүлж ажилласаар сурсан ч зүйлгүй олсон ч зүйлгүй нутгийн зүг буцах хүн олон. Хамгийн гол нь энд тэнд олон газар их мөнгө олно гэж нойр хоолоо хасч ажиллласны хэрэг огт байхгүйг ойлгосон. Гэртэйгээ ойр тогтсон нэгээс олондоо 2 ажлыг тууштай хийгээд түүнийгээ нарийн тооцож зарцуулж хэвших нь чухал юм билээ.
Цалинг голж шунах бус би ийм зэргийн хөдөлмөрийн чадвартай, тиймээс би өөрийгөө үнэлж хөлсөө амтархан хүртэх нь хамгийн сайхан.

Нэг хэсэгтээ учраа олох хүртлээ тэр ч цалинтай энэ ч боломжийн гэж сольж хольж гүйсээр учраа олчихдог нь тэр ч мөнгөний тал дээр асар тооцоотой байхгүй бол хүний нутагт бие биедээ ч урам хугарах үе гарах вий гэдэг айдас бас бий.

Цаашид яахаа сайн бодох хэрэгтэй.

Япон явмаар байна, явчихвал тэгээд л болоо, цаашдаа яах нь тухайн үедээ л болог дээ гэж юмыг хойш тавьдаг монгол хүний дутагдалтай зан бас бий. Мэдээж бүгд тийм биш. Сургуулиар ирээд цаашид дэвшин суралцах сургуулиа эсвэл төгсөөд ажиллах газраа ирснээсээ хойш удлаа гэхэд хагас жилийн дараагаас тооцоолж бэлтгэх нь хамгийн зөв. Мэдээж визний асуудал энэ тэр олон бэрхшээл тулгарахыг эрт тооцоолохгүй бол цаг тулаад ирэх үед цаг, мөнгө ихээхэн зарцуулагдана. Өөрийн зорилго мөрөөдлөө сайн тунгааж түүндээ таарах байр суурийг олохгүй бол визний төлөө гээд дургүй зүйлээ хийж өөрийнхөө гал дөлийг унтрааж өөрийгөө японд уях алба байхгүй шүү дээ.

Үндсэрхэг үзлээ зөвөөр ашиглах хэрэгтэй

Гадаадад гараад л гэнэт эх орноо хайрлах хүсэл бадарч эхэлдэг. Миний эх орон бол сайхан. Юутай ч зүйрлэшгүй. Гэхдээ усыг нь уувал ёсыг нь дага гэдгээр эдний соёлыг дагахдаа дагаад хэрэгтэйг нь шингээж авах нь зорилгод нийцнэ. “Монгол хүн угийн бардам, хэний ч дор орох ёсгүй”, “муусайн самурайнууд” гээд л аашилж дураараа загнах нь дэмий хэрэг. Үнэхээр монгол хүн бол хаа ч дасан зохицох, хэнээс ч чадвараараа дутахгүй байж нэр төрөө өндөрт өргөж явах үүрэгтэй. Хий хийрхэл сайн зүйлд хүргэхгүй биз ээ. Түүний оронд авъяасгүй ч бай улс орныхоо төлөө өөрөөсөө авъяасыг нээ. Би энд ирснээсээ хойш өөрийнхөө бага зэрэг дуулах чадвартайг мэдсэн. Монгол соёлынхоо нэгээхэн хэсгийг олонд сурталчилж чадсан. Энэ л миний чадах хувь нэмэр. Үгүй бол өөрөө нэмэргүй байж хийдгээ хийж бүтээсэн хэдэн сумо нарынхаа амжилтаас эсвэл бүгдийн мэдэх Чингис хаан, тал нутаг, нүүдэлчин амьдралаас өөрөөр монголоо илэрхийлж чадахгүй байна гэдэг дэндүү хуучирсан хэрэг.
Мөн японд тодорхой хугацааг өнгөрөөхдөө үйлчилгээ гэдгийн хамгийн сайхныг мэдэрч дасаад эргээд монголдоо буцахаараа бухимдаж хэцүүддэг үе байдаг шүү дээ. Илүү гарч цоройдоггүй юм аа гэхэд эдний соёлоос 100 жилээр хоцорсон ч хамаагүй бид ч бас хөгжлийг цааш дамжуулах үүргийн эзэд.
Мэдэрсэн өөр олон зүйл байгаа хэдий ч эхний ээлжинд эргэн санахад ч хэрэгтэй болов уу гэсэндээ энд тэмдэглээд үлдээе гэсэн юм.

Эх сурвалж: Japannews.mn

Н.Ариунтуул

Өнөөдөр 23 хан насандаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаалгасан О.Анужин гэж хэн бэ?

Өмнөх нийтлэл

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө