нийгэм

Махны үнэ дахиад өсвөл Ч.Улаан сайдын толгойгоор монголчууд яах ч билээ

0

Өнгөрсөн хавар махны үнэ 14 мянгад хүрсэн. Өнөөдөр ч төдийлөн буугаагүй байна. Нэгдүгээр сард ажлаа хүлээж авсан Ч.Улаан  сайдтай холбогдох эхний асуудал бол энэ. Одоо удахгүй хүнсний ногооны үнэ ч тэнгэрт хадах нь. Шинэ ургацын ногоо үнэтэй байгааг иргэд их, бага ярьж байна. Яагаад үнэтэй байна гээд салбарын яам анхаарал хандуулж байгаа юм алга.

Асуудал нь энгийн л дээ. Манай улсын хүнсний ногооны хэрэгцээний дийлэнхийг Сэлэнгэ, Дарханы бүс нутагт тариалдаг. Ялангуяа хүн амын тал орчим нь төвлөрсөн Улаанбаатар хотын хүнс Дархан, Сэлэнгээс хамааралтай. Гэтэл Дарханы замын ажил энэ зунжин боллоо. Хажуугаар нь тавьсан түр зам үер усанд урсаж хүн зорчих битгий хэл яваад ирсэн машин хүртэл эвдэрч байна. Одоо тариа ногоо хураалтын цаг эхлэх нь. Харин тээврийн гол зам нь там. Уг нь ХХААХҮ-ийн сайд Засгийн газрын гишүүнийхээ хувьд ажлыг нь эрт эхлүүлэх талаар шахаж, ядаж түр замыг нь чанартай тавиулах тал дээр анхаарал хандуулж болох байлаа.

Гэвч өнгөрсөн зун энэ Засгийн газрын хамгийн ахмад сайд, зургаа дахь удаагаа УИХ-ын гишүүн, сайд хийж байгаа хүн найр наадамд л илүү шимтэх шиг боллоо. Энэ тухай доор дурдах болохоор ингээд орхиё. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр боллоо. Энэ хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэдийн амьдралд тулгамдаад байгаа асуудлын талаар голыг нь олсон үг хэллээ. Мах, гурилын үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайд толгойгоороо хариуцаарай гэчихэв. Энэ намар ногооны үнэ, дараа хавар махны үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайдын толгойгоор яалтай ч билээ дээ. Өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан, одоо яаж ажиллаж байгаагаас нь харахад энэ сайдад итгэл төрөхгүй байна аа.

Тэтгэврээ хүлээсэн, төрийн өндөр албанд наалдсан хүн л харагдаад байна. Ийм болохоор үүнийг бичиж байгаа юм. Энд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгийг жаахан дэлгэрүүлж сонирхуулах нь зөв байх. Тэрбээр “Нэгдүгээрт, мах, гурил, төмс хүнсний ногоон дээр маш их анхаарна. Манай стратегийн бүтээгдэхүүн. Монголын ард түмний амьдрал мах, гурил хоёр дээр тогтож байгаа шүү. Үүнийг маш сайн бодож байх ёстой. Энэ бол үндсэн хэрэглээ. Өнгөрсөн хавар бол мах 14 мянган төгрөгт хүрсэн. Түүнд иргэд ихээхэн бухимдсан. Үүн дээр бид сургамжтай, анхааралтай ажиллах ёстой юм байна гэдгийг бүгдээрээ олж харсан. Ч.Улаан сайд махны экспортыг нэмэгдүүлье гэж байна.

Нэмэгдүүлж чаддаг бол сайхан байна. Гэхдээ дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангачихаад дараа нь махны экспортоо ярина шүү. Ард түмэн 14 мянган төгрөгөөр кг мах авч байхад махны экспорт хийгээд хэрэггүй шүү дээ, ер нь бол. Би үүнийг олон удаа хэлж байгаа. Эхлээд ард түмнээ хангачих. Ард түмэн нь 14 мянган төгрөгөөр мах авч идвэл бидэнд 70 сая мал байгаад яах юм, экспортод мах гаргаад яах юм. Тийм учраас нэгдүгээрт дотоодын хэрэгцээг хангах ёстой. Дараа нь бол экспортын асуудлыг бодох ёстой” гэсэн юм.

Мөн тэрбээр “Тийм учраас махан дээр бол онцгойлон анхаарах ёстой шүү. Би Ч.Улаан сайдад албан ёсоор үүрэг даалгавар өгч байна. Засгийн газрын хурал дээр ч хэлж байсан. Ирэх жил махны үнэ, гурилын үнэ тэнгэрт хадвал ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан та толгойгоороо хариуцна шүү. Үүнийг би эртхэн хэлчихье. Эртхэн шиг зохицуулалтаа хийгээрэй, арга хэмжээгээ аваарай. Мал нядалгаа эхлэхээс өмнө би үүнийг хэллээ шүү, Ерөнхий сайдын хувьд. Зохицуулалт хийж чадахгүй алдчихаад янз янзын учир шалтгаан, тайлбар тавиад байх шаардлага байхгүй шүү, тэр үед бол. Үүнийг анхааралдаа ав” гэсэн юм. Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайд болоход олон жилийн туршлагатай, зангарагтай хүн ирлээ гэж салбарынхан нь баярлаж байсан байх. Жирийн сэтгүүлчийн хувьд ч тэгж харж байлаа.

Гэтэл энэ хүний зай нь дууссан юм байна. Улсын ажлыг улстөржилттэйгээ хольж хутгаад байх шиг. Дарханы замаар Улаанбаатарын хүнс ирдэгийг бодолцсон ч тэр замын ажил дээр өөрөө очоод зогсож байсан ч болохгүй юмгүй. Сангийн сайдаар хэдэнтээ ажиллаж явсан хүн Засгийн хурал дээр санал гаргаад түр замд төсөвлөсөн хөрөнгийг нэмэгдүүлээд зангараг харуулах болов уу гэсэн тэгсэнгүй. Дархан-Улаанбаатар чиглэлийн 200 гаруй км түр замд 6.5 тэрбум төгрөг төсөвлөсөн болж, стандартын дагуу хийгээгүй түр зам нь машин тэрэг эвдэлж, хүн ардыг эдийн засгаар нь хохироож байна. Энэ замаар зорчихоо иргэд тэвчиж болно. Харин тэр замаар ирэх хүнсний үнэ иргэдийн түрийвчийг, ядарсан хүний ходоодыг өлөн зэлмэн байлгах юм. Ногоочид ч гэсэн техникээ татах, бүтээгдэхүүнээ худалдахад хүндрэл үүснэ. Тийм болохоор Ч.Улаан сайдад хамаатай гээд байгаа хэрэг.

Тэгвэл ийм ажил явагдаж, ногооны үнэ өсөх эрсдэл үүсч байхад Ч.Улаан сайд хаана байв гэдэг асуулт гарна. Олон нийтийн мэдэж байгаагаар бол өөрийнх нь дэмжлэгтэй байгуулагдсан морины холбоогоороо дамжуулж наадмын хурдан морины уралдааныг уяачдын гомдол, цөхрөлтэй хутгасан юмдаг. Ганц улсын наадам ч биш л дээ. Энэ зун бороо хур орж зам харгуй муудаж байхад эрхэм сайд хэдэн наадам хэссэн бол. Уг нь бол Монголын морин спорт уяачдын холбоо гэж тогтсон, төвхнөсөн 1996 онд Монголын олимпийн холбоонд элссэн Олон улсын олимпийн холбооны хартаар Монголд морин уралдаан зохион байгуулах эрхтэй төрийн бус байгууллага байлаа. Тус холбооны даргад Ч.Улаан сайдыг санаатай явсан гэдэг. Гэвч уяачид улстөрчдийг с онгохгүй гэж шийдс энийг мэдэрмэгцээ өөрийн нөлөөгөөр шинэ холбоо байгуулчихсан.

Тэр нь Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо. Анхны хурлаа Төрийн ордонд хийж аархаад л. Өнгөрсөн хаврын мах үнэ орж байх үеэр болсон явдлыг яриад байна л даа. Сайдын дэмжлэгтэй юм болохоор дорхноо бүртгэгдээд зогсохгүй улсын наадмын морин уралдааныг зохион байгууллаа. Төрийн наадмыг элдэв будлиангүй зохион байгуулсан бол ч яахав. Харамсалтай нь, эрлийз морь гэдэг хоч зүүлгэж нэртэй зүстэй олон уяачын хурдан хүлгийг уралдаанаас хассан байна лээ. Түүгээр тогтохгүй эрлийз морьдыг наадамд уралдуулахдаа 20 сая хүртэлх төгрөгийн авлига зохион байгуулагчид нь авч байсан тухай барин тавин ярих уяачид олон байна.

Эрлийз биш морийг ч хүртэл уралдаанаас хасахаар сүрдүүлж авлига авсан гэх юм билээ. Энэ талаар нь бичсэн манай сонины сэтгүүлчийг АТГ, ЦЕГ-т өгчихсөн айлгах гээд явж байгаа нь бол шог л доо. Зүй нь бол энэ газруудаараа өөрийнхөө цэвэр ариун эсэхийг сайн дураараа сайд хүн шалгуулж байх ёстой юм. Улсын наадмын түрүү бөх нь допингийн асуудалд холбогдоод наадам үзэж баярлаж хөөрч явсан олон хүний сэтгэлд сэв суулгачихаад байна. Хурдан морины уралдаан нь угаасаа холион бантан болсон. Төрт ёсны том уламжлал, өв соёл шингээсэн монгол түмний наадам цэнгэлийн хүндлэлийг шороотой хутгах нь аймгийнхаа уяачид дунд нэр олох, магадгүй таван халтар цаасны хэрэгцээг нөхөхөөс илүү нүгэлтэй юм. Учир нь наадам бол их гүрнүүдийн дунд тусгаар тогтносон монгол түмний дархлаатай холбоотой зан үйл.

Тийм болохоор наадам цэнгэл гэхээсээ хүндэтгэл, бахархалын өнцгөөр монгол хүн ханддаг билээ. Ч.Улаан сайдыг зориуд муулах гэсэн юм алга. Зүгээр сайдын ажил авснаасаа хойш ямар ажил хийж олон нийтийн анхааралд орсон талаар л бичээд байна. Тухайлбал, эхнэрийнхээ дүүд амьд мал экспортлох эрх өгөх гэж байсныг нь Ерөнхий сайд зогсоосон. Өөр нэг эхнэрийнхээ дүүг яаман дээрээ зөвлөхөөрөө ажиллуулж байна гээд баахан мэдээлэл явсан. Энэ бүгдийг бол уучилж болж байна. Гэхдээ төрийн өндөр албан тушаалд насаараа ажиллачихаад өнөөдөр махны үнэ өндөр байхад экспорт яриад дахиад Ерөнхий сайдад донгодуулж байгааг нь бол ойлгохгүй юм. Бүр хачин жигтэй зүйл бол салбартаа хүйтэн хандаж, махны үнэ нэмэгдэхэд хараад сууж байсан нь байх шүү. Харин тэр ХХААХҮийн сайд нь малаа төрөл зүйлээр нь сайжруулах байтал “эрлийз морь” гэсэн сэдвээр зөв буруугүй сэлэм эргүүлж байгаа бол зүгээр л онигоо. Өнгөрсөн хавар махны үнэ өсөхөд шинэхэн ажлаа авсан болохоор бэлтгэлгүй байсан байж мэднэ.

Харин намар болохоор ургац хураадаг, түүнийгээ хаанаас хураадгийг мэдэрч, харж байхад заавал агрономич эсвэл сайд байх албагүй л дээ. Хоолондоо ногоо хэрэглэдэг л бол ойлгомжтой. Гэтэл ийм түмний нүдэнд бүтэн зун торж байгаа зам руу хялайж ч хараагүй байх аа. Одоо дахиад энэ намар шинэ ургацын ногооны үнэ нэмэгдвэл яах вэ. Ирэх хавар махны үнэ нэмэгдвэл тэр “хариуцсан толгой”-г монголчууд хэрхэх юм бэ, Ерөнхий сайд аа. Дээр дурдсан жишээнүүд дан ганц ХХААХҮ-ийн сайдын адал явдал, аливаа паян биш. МАН-ын үйл хэрэг гэж харагдана. Монголын ард түмэн иймэрхүү ажилд сонгуулиар дүнгээ тавьдаг юм. Үүнийг улс төр сонирхдог хэн ч мэднэ. Хугацаа нь ч дөхчихлөө дөө.

Үндэсний шуудан

У.Хүрэлсүхийг огцруулах саналыг дахин УИХ-д өргөн барих гэж байна

Өмнөх нийтлэл

Барилгын туслах хийдэг 17 настай хүү лифтний хонгил руу унан амиа алджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм