Онцлох

Б.Ундармаа “Капитал”-ын дампуурлаас “хуурай” гарах уу?

0

Банкны салбарын ердөө л 1.1 хувийг бүрдүүлсэн “Капитал” банкны алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, активынх нь 80 гаруй хувийг найдваргүй зээл эзэлснээр Монголбанкнаас албан ёсоор дампуурлыг нь зарласан билээ.

Энэ банкны 99.97 хувь нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нэр дээр байгааг 2018 оны албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Гэсэн ч тэрээр “Надад “Капитал” банкны ямар ч хувьцаа байхгүй. Энд улс төрийн асуудал байгаа” хэмээн мэдэгдсээр байгаа ч АТГ-ын мэдээлэл өөрийг хэлээд байна.

“Капитал” банкинд 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламж эзэмшигчид өчигдөр Монголбанкинд хохирлоо барагдуулах талаар шаардлагаа хүргүүлсэн юм. Энэ үеэр хадгаламж эзэмшигч П.Чогдон “Банкны дийлэнх хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа хариуцдаг гэж сонссон. Тэр 20 гаруй компанитай болохоор тэр хэмжээгээрээ эрсдэлийг даана. Биднийг хохиролгүй болгоно гэж ойлгож байгаа” гэсэн юм.

Тус банкинд Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг байршиж байжээ. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг гэдэг нь ЖДҮХС-гийн 47, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг байжээ. Банкны тухай хуулийн 71.1-д зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлуудыг барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэл гаргах үүрэгтэй юм.

С.ЭРДЭНЭ: “КАПИТАЛ” БАНКИНД ХАДГАЛУУЛСАН МӨНГӨ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ

2014 онд тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөгийг “Капитал” банкинд байршуулсан талаар мэдээлэл цацагдсан. Улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгийг арилжааны банкинд байршуулсан нь хууль зөрчиж байсан. Тухайн банк ямар нэг эрсдэлд унавал Нийгмийн даатгалын сангийн их хэмжээний мөнгө “алга” болно гэсэн дүгнэлтийг Үндэсний Аудитын газраас хүртэл гаргасан нь бий. Тэгвэл энэ талаар С.Эрдэнэ ““Капитал” банкинд хадгалуулж байгаа мөнгө хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар өгч байлаа. Үүнээс улбаалаад зарим эх сурвалж С.Эрдэнийг өөрийн мэдлийн хөрөнгөөр “Капитал” банкийг дэмжсэн гэж ярьсан. Саяхан түүний зохион байгуулсан “АН-ын онц их хуралдай” жагсаалтай ч холбоотой байж мэдэх талаар нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж онцолж байлаа. Учир нь тус банкны аудитын тайлан дүн мэдээнд хэдэн сар дараалан “улаан” гэрэл асчихаад байсныг зарлаагүй хүмүүс энэ жагсаалын дараа гэнэт шуугиан болгосон байх талтайг эх сурвалж хэлж байгаа юм.

ДАМПУУРАЛ ДУУДСАН ЗЭЭЛДЭГЧИД ХЭН БАЙВ?

Энэ банкны дампуурлын үндэс нь чанаргүй зээлдэгчид. Тэд хэн болох, хэчнээн төгрөгийн барьцаа тавьсныг нийтэд зарлахыг хохирогчид шаардаж байна. Банкны алдагдал 380 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хохирлын хэмжээг илүү эрт зарлах боломж байсан. Монголбанк хяналтаа хангалтгүй тавилаа хэмээн хадгаламж эзэмшигчид шүүмжилж байв.  Нийт хадгаламж эзэмшигчдийн 0.5 хувь буюу 800 гаруй хүн 20 сая болон түүнээс дээш хэмжээний мөнгөө тус банкинд хадгалуулсан байжээ.

Г.АЛТАН ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАДГАЛАМЖАА БУСДЫН НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛСЭН ҮҮ?

“Алтжин” худалдааны төвийн захирал  Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар их хэмжээний хадгаламжтай байсан тухай хохирогчид хэлж байлаа. Банк татан буугдах сургаар тэд хадгаламжаа бусдын нэр дээр данс үүсгэсэн гэсэн мэдээлэл байгааг мөн зарлалаа. Иймд энэ тухай мэдээллийг ил тод зарлах ёстой гэж тэд үзэж байна.

АЛДАГДЛЫГ 50 ЭСВЭЛ 100 ТЭРБУМ БАЙХАД НЬ ЗОГСООХ БОЛОМЖТОЙ БАЙСНЫГ ЗАРИМ ХҮН САНУУЛЖ БАЙВ

“Капитал” банкны зээлийн төвлөрөл, эх үүсвэрийн төвлөрлийг нарийн шалгаж, тодорхой хязгаараас хэтэрсэн тохиолдолд шууд арга хэмжээ авах ёстой байсан гэж эдийн засагчид шүүмжилж байна. Эдийн засагч Б.Амгалан “Анхнаасаа энэ тухай мэдээллийг эртхэн мэдээлэх ёстой байсан. Монголбанк энэ тухай оройтож зарлалаа” гэж ярьсан юм. Магадгүй энэ алдагдлыг 50 эсвэл 100 тэрбум байхад нь зогсоох боломжтой байсан талаар зарим хүн сануулж байлаа. Түүнчлэн татвар төлөгчдийн мөнгийг цаашид эрсдэлд оруулахгүйн тулд төрийн сангуудын менежментийг хувьд шилжүүлэх ёстой гэж үзэх хүн олон байна.

Ж.Цогзолмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ “булуу”-гаа даах уу?!

Өмнөх нийтлэл

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнийг ажлын байраар хангажээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох