Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан Заамар ХХК-ийн уурхайд осол гарсан гэх мэдээллийн мөрөөр тус компанийнхантай холбогдон албан ёсны тодруулга авлаа. Албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөөдөр 17 цагийн үед тус уурхайд хөрсний нуранги үүссэн бөгөөд уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж эхний ээлжинд 2 ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэнээр биеийн байдал хэвийн байна гэж байна.
19 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллахуулахаар аваачаад байна.
Мөн уурхайн 1 ш экскаватор, 1ш бульдозер тус хөрсний нурангид дарагдаад байгаа бөгөөд одоогоор дарагдаад байгаа ажилчид тус техникүүдийн кабинд байгаа операторууд юм байна.
Энэ осол нь урьд шөнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн явдалтай холбоотой бөгөөд энэ газар хөдлөлт нь хөрс нурах, гулсалт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна. Мөн тус уурхайн зэргэлдээх ажиллаж эхлээгүй хоёр ч уурхайд ийм нуранги үүсээд байгаа юм байна.
Сэтгэгдэлүүд