энтертаймент

Ливерпулийн аймшигт үхэлтэй сүлэлдсэн эмгэнэлт түүх

0

 

Английн хөлбөмбөгийн түүхэнд хараар бичигдэх хэд хэдэн үйл явдал байдгийн хоёр нь алдарт “Ливерпуль” багтай холбоотой. Саяхан “Арсенал”-“Ливерпуль” баг Английн Премьер лигийн 33 дугаар тойрогт тоглоход 22 жилийн өмнө болсон “Хиллсборо”-гийн аймшигт явдалд амь үрэгдсэн 96 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн минут дуугүй зогссоныг хөлбөмбөг сонирхогчид харсан байх. Ингээд “Ливерпуль”-тэй холбоотой хоёр эмгэнэлт явдлын түүхийг хүүрнэе.

“Ливерпуль”-ийн түүх хөлбөмбөгийн амжилт, аз жаргалыг өгүүлэхээс гадна бас аймшигт үхэлтэй сүлэлдсэн байдаг. 1985 онд Бельгийн “Эйзель”, 1989 онд “Хиллсборо”-д болсон гэмгүй балиашгуудын үхэлд “Ливерпуль”-ийг тэр дундаа балиашгуудыг нь буруутгах нь бий. Англи улс хөлбөмбөгийг үндэслэгчийнхээ адилаар бас хөлбөмбөгт хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг үүсгэгч болон тэмдэглэгдсэн. Дор “Ливерпуль”-тэй холбоотой хоёр аймшигт явдлын талаар товч дурслаа.

 “Эйзель”-д Платини олон хүний цогцосны дэргэд баярлан гүйсэн нь

1985 оны тавдугаар сарын 29-нд Бельгийн нийслэл Брюссель хотын “Эйзель” стадионд “Ливерпуль”-“Ювентус” Аварга багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтод таарчээ. Ливерпулиэс 60 мянга балиашиг ирсний ихэнх нь халамцуу байлаа. Тоглолт эхлэхээс цагийн өмнө стадионы уур амьсгал дайн дажинг санагдуулам байв. Хашгиралдан орилолдож, туг дарцагаа дэрвүүлэхийн сацуу галт пуужин байн байн буудуулна. Цагдаа нар хөөрсөн балиашгуудыг хэвийн байдалд нь оруулж чадахгүй байлаа. Английн галзуурсан мэт балиашгууд Италийн балиашгууд руу арслан мэт хүрхэрч, алуурчин мэт дайрахад бэлэн байгаа нь тодорхой харагдана. Азаар тэднийг дунд тор тусгаарлаж байв. Гэвч хоёр багийн балиашгуудыг тусгаарлаж байсан Z хэсгийн тор нурснаар английн танхан фанатууд галзуурсан мэт италичууд руу дайрав. Аюул ирж буйг хараад сандарсан италичууд авралаа хайн зах руу гүйхдээ унасан нэгэн дээрээ гишгэн зүтгэв. Ийнхүү 38 итали, 1 бельги хүн стадионд амь насаа алдлаа. Тэднийг зүгээр л гишгэчихсэн юм.

Хоёр багийнхан тоглолтыг хойшлуулахыг хүссэн ч шүүгч шүглээ үлээлээ. Мишель Платини торгуулийн цохилтоор хожлын ганц гоалыг оруулсан. Агуу франц эр баярлан дэвхцэн гүйснийг хожим хэвлэлээр ихэд шүүмжилсэн. Хэвлэлийнхний бодлоор “Платини 39 хүний авсан дээгүүр харайн баярласантай ялгаагүй хэрэг” гэнэ. Энэ явдлын дараа Платини зодог тайлна гэж шийдсэн гэдэг. Платиниг орхиё.

Ливерпулийн зарим балиашгууд “Италичууд өөрсдөө л бидэн рүү хараал урсгаж, чулуу шидээд байсан шүү дээ” гэж өөрсдийгөө дараа нь өмөөрч байлаа. Зарим нь тоглолтыг зохион байгуулагчдыг буруутгаж байв. Цагдаа нарын тоо хангалттай байгаагүйг ч олонтаа дурьдлаа. UEFA хэрэг явдлын гол буруутан Английн балиашгуудыг хэрхэн шийтгэхээ бодож олжээ. Энэ бол таван жилийн турш Европын цомын гурван тэмцээнд Английн ямар ч багийг оролцуулахгүй байх тухай шийдвэр байв. Харин хэргийн эзэн “Ливерпуль”-д шийтгэлийг хугацааг долоог жилээр тогтоосон юм.

Харин “Эйзель” стадионыг бүрмөсөн нурааж, буурин дээр нь Бодуэн хааны сатдионыг босгожээ. Мөн шинэ стадиондоо хэзээ ч клубүүдийн хоорондын тоглолтыг хүлээж авахгүй гэсэн хатуу шийдвэр гаргасан байна. 1985 онд болсон тэрхүү аймшигт явдлын гэрч болон нэг л зүйл үлдсэн нь стадионы гол хаалга.

“Эйзель”-д болсон явдлыг өөрийн нүдээр үзсэн “Ливерпуль”-ийн балиашиг Жеральд Маккинли ийн дурсжээ “Тэр хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг ямар ч хүчээр зогсоох боломжгүй мэт санагдаж байсан. Европ, Англид эмх замбараагүй танхай балмад явдлууд хөлбөмбөгийн үеэр газар авч байсан. Энэ эмх замбараагүй байдал, танхайрлыг хэзээ нэгэн цагт заавал зогсоох ёстой байлаа. Гэвч үүнийг зогсоохын тулд тийм их үнэ төлсөн нь эмгэнэлтэй.  “Эйзель”-д болсон тэр аймшигт явдал надад машинистгүй хурдалж яваа галт тэрэг шиг л санагддаг” гэжээ.

Ник Хорнби “Fever Pitch” хэмээх номдоо “Эйзель”-ийн талаар ингэж бичжээ “1985 оны хавраас байдал нэг л таагүй тийшээ салхилаад эхэлсэн. Эхлээд Лутонд “Миллоул”-ын балиашгууд танхайрч, цагтаа нар ичгүүртэйгээр зугтаасан. Эмх замбараагүй байдал үүнээс болж газар авсан. Үүнээс л бол хатагтай Маргарет Тэтчер балиашгийн үнэмлэх гээчийг сэдсэн юм шүү дээ. Дараа нь “Челси”-“Сандерленд”-ын тоглолын үеэр танхай балиашгууд талбайд гарч тоглогчид руу дайрсан. Энэ хоёр явдал ердөө хэдхэн долоо хоногийн л зайтай болсон. Зөвхөн энэ хоёроор ч тогтохгүй. Энэ бүхэн “Эйзель”-ийн аймшигт явдлын эх үндэс нь болж өгсөн.

Хамгийн хачирхалтай хүмүүсийн үхлийг “зугтаалт” гэж дүгнэсэн явдал. Фанатууд өрсөлдөгчдөө айдас хүйдэс төрүүлж, тэднийг айж зугтаахыг харан доромжлон шоолох л гэсэн бодол тээж явдаг. Гэтэл нийгмийн дунджаас дээгүүр давхаргын италичууд энэ байдлыг нь сайтар ойлгоогүй. Яаж ч ойлгох билээ дээ. Тэд урьд нь Английн стадионд болдог явдлуудыг хараагүй байсан юм чинь. Тэд английн танхай фанатуудыг хараад хурдхан холхон зугтаахыг тулд хэсгийнхээ хамгийн зах руу хамаг хүчээ шавхан гүйлдсэн. Торон хана нурж, балиашгууд ямар аймшигтай байдалд байгааг зурагтаар үзүүлж байлаа. Павароттитой төстэй бүдүүн, сахалтай эр тэндээс зайлах гэж гараа сунган тусламж гуйж байхыг зурагтаар их тод харуулсан. Гэвч хэн ч түүнд туслахаар очоогүй. Түүнийг огт мартаж чаддаггүй юм. Тэр оны арванхоёрдугаар сард “Арсенал”-ын балиашгууд “Ливерпуль”-ийн балиашгууд руу “Алуурчид! Алуурчид!” гэж хашгиралдаж байсан. Гэхдээ миний бодлоор Английн ямар багийн фанатууд тийм нөхцөл байдалд адилхан л байх байсан болов уу. Цагдаа нар маш муу ажилласан. Тэд танхай фанатуудыг хараад өөрсдөө алмайрчихсан байх” хэмээн бичжээ.

“Хиллсборо”-гийн аймшиг

1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд Шеффилдийн “Хиллсборо” стадионд бас аймшигт явдал боллоо. Английн цомын хагас шигшээ тоглолтод оролцохоор “Ливерпуль” тэр өдөр тэнд очсон юм. Өрсөлдөгч нь “Ноттингем Форест” байлаа.

Балиашгуудын танхай явдлаас сэргийлж хөлбөмбөгийн талбайг тойруулан торон хана босгосон нь хүний амь эрсдэх нэгэн хүчин зүйл болсон. Мөн босоо үзэгчдийн хэсэг байсан нь байдлыг улам дордоход хүргэсэн юм. Тоглолт 15.00 цагт эхлэх ёстой байв. Замын бөглөрөл зэрэг асуудлаас болоод маш олон тооны балиашгууд стадионы гадаа хоцорч иржээ. 14.00-14.45 хооронд жижиг төмрөөр хашил хийсэн стадионы хаалга дээр балиашгууд багтаж ядан тэмцэлдэж байв. Стадионд цөөхөн нь орж гадаа маш олон хүн орохоор зүтгэж, хоорондоо нудралцан нөхцөл байдал хяналтаас гарах шинжтэй болж ирлээ. Энэ үед цагдаа нар асуудлыг шийдэх арга олжээ. Энэ C хаалгыг онгойлгож балиашгуудыг зэрэг оруулах явдал байв. Хамгийн харамсалтай нь тэр хаалганы өмнө зааглагч хашилт төмөр байсангүй. Хаалгыг нээмэгц цугларсан олон хашилт төмөргүй хаалга руу улайран дайрав. Нарийхан хонгилоор стадионд дамжиж хүрдэг байж. Хэдэн зуу бараг мянган хүн тэрхүү хаалгаар зүтгэсээр оржээ. Босоо үзэгчдийн хэсгийн хамгийн урд зогсож байсан хүмүүс хойноос ямар ч бодлогогүй оруулчихсан олон хүний түлхэлтэд дайрагдан, урд хананд наалдаж амьтай голтой байж ядаж байв. Гэтэл гаднаас орогчид болон цагдаа нар стадион дотор байдал ямар байгааг огт төсөөлөлгүй хүмүүс нэмж оруулсаар байжээ. Жижигхэн зайд чихэлдэн тэмцэлдсэн хүмүүсээс олон нь ухаан алдан унаж, бүр амиа алдаж эхэллээ. Дөнгөж 15.06 минутад тоглолтыг зохион байгуулагчид байдлыг анзаарч, шүүгч тоглолтыг зогсоолоо. Торон хананы жижиг хаалгыг тэр даруй нээж, бас зарим хүмүүс ханыг даван “махан овоо”-ноос гарахаар зүтгэж, заримыг нь дээд хэсгийнхээ татаж авч байлаа. Амьсгал бачуурсан, ухаан алдсан, бүр амиа алдсан хүмүүс хүн шингэрэх үед газраар нэг байгаа нь ил боллоо. Цагдаа, эмч нар тийм олон тоон гэмтэж, шархтсан хүмүүст анхны тусламж хүргэж чадахгүй байсан тул зарим үзэгчид тус болно. Зарим хүмүүс рекламын жижиг самбрыг нураан авч носилк хийн хүмүүсийг зөөнө.

Энэ аймшигт явдал 96 хүний алтан аминд хүрсэн бөгөөд 766 хүн бэртэл авчээ. Тоглолтыг зурагтаар шууд үзүүлж байсан тул Английн сая сая хүн аймшигт ядлын гэрч болсон юм. Цагдаа нар, стадионы зохион байгуулагч, ажилчид энэ явдлын гол буруутан байсан нь мэдээж.

“Хиллсборо” дахь аймшигт явдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэлж “Энфилд”-ийн Шенклийн хаалганы өмнө дурсгалын хөшөө босгосон байдаг. Мөн хэрэг гарсан “Хиллсборо”-д хөшөө босгожээ.

Энэ явдлаас хойш босоо үзэгчдийн хэсгийг үгүй хийж, стадион бүр үзэгчдийн суудалтай байх тухай шийдвэрийг Английн хөлбөмбөгийн холбоо гаргасан юм.

ДАШТ 2018-ын хамгийн үзэсгэлэнт хөгжөөн дэмжигч бүсгүй “Порно од” байжээ /Фото +18/

Өмнөх нийтлэл

Хөлбөмбөгийн ДАШТ-ний хамгийн үзэсгэлэнтэй хөгжөөн дэмжигч охид /Фото/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент