-ТҮҮНИЙ ДУУДАГДСАН ХЭРЭГТ ХАМААТУУЛАН УИХ-ЫН ХЭД ХЭДЭН ГИШҮҮНИЙГ Ч УХАЖ, ТҮНХЭХ БОЛОЛТОЙ-
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн Ч.Давааням гэгчийн 4 сая 370 мянган ам.долларыг буцаан татаж Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн мэдээлэл өнгөрсөн намар олны дунд хэсэг цацагдаад чимээ дарагдсан.
Тэгвэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр Голомт банкны үүсгэн байгуулагч Д.Баясгаланг саатуулан шалгахтай зэрэгцэн мань Ч.Давааням болон түүний хоёр дахь эхнэр С.Шагдарсүрэн нарыг АТГ-аас дуудаж байцаалт авчээ. Улмаар Ч.Даваанямыг хорьж шалгах шаардлагатай хэмээн үзэж саатуулсан гэдгийг эх сурвалжаас хэлж байна.
Ч.Давааням нь Ш.Отгонбилэг агсны багын найз бөгөөд найзын зуучаар Т.Энхжаргал, Ж.Оюунгэрэл нартай танилцаж, Петровис компанийг үүсгэн байгуулсан. Энэ үед Ардчилсан нам ялж, Ж.Оюунгэрэл намын нөлөөгөөр НИК-ийн захирлын ажлаас халагдаад, гэртээ байж байсан гэдэг. Улмаар Стар телевиз, Хийморь кабелийн телевизийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол контракт компанийг удирдаж, Петровисоос хувьцаа эзэмшдэг болсон байна. Петровисын захирал Д.Энхчимэг нь Ч.Даваанямын анхны эхнэрээс төрсөн том охин нь тул ааваасаа шатахууны бизнесийг нь залгамжлан авсан байдаг.
Харин кабелын суваг, шатахууны бизнес гэхчлэн олон сэжмээр Ерөнхий сайд асан С.Баяртай сүлбэлддэг Ч.Давааням хоёр дахь эхнэр С.Шагдарсүрэнгийн хамт АНУ-д толгой эргэм дүнтэй үл хөдлөхүүдийг нааш цааш наймаалцан, төрийн мөнгийг угаадаг байх гэх хардлагад өртөж явсаар өдгөө ийн АТГ-ын хаалгыг татлаа.
Түүний хэрэгт хамааруулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Содбилэг нарыг ч шалгах шаардлага үүсч магадгүй гэдгийг учир мэдэх нөхөд хэлж байна. Уншигчид санаж буй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.Магнай тухайн үед Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилогдсон даруйд өөрийн хүсэлтээр албан ажлаа хүлээлгэн өгч байв. Гэтэл түүний үед НИК ХК дээр 4.2 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байсныг МАН-ын гишүүн, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах байсан Т.Аюурсайхан тухайн албан тушаалд томчуудын лоббигоор тохоон томилогдсоныхоо дараа хүчингүй болгосон гэгддэг. Нөгөөтэйгүүр, НИК ХК, Петровис ХХК-иудын ихэнх хувийг эзэмшигч Ж.Оюунгэрэл, О.Содбилэг нар өөрсдийнхөө бизнесийг хамгаалах үүднээс Т.Аюурсайханыг дээрх албан тушаалд томилуулахад чамгүй хүчин зүтгэж байсан гэдгийг тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байлаа.
Ер нь ч Ш.Отгонбилэг агсан, Н.Багабанди, С.Баяр нарын улс төр, бизнесийн бүлэглэлийн толгойнууд өдгөөгийн бизнесийн хамтрагчид гэдэг нь тодорхой юм. Ганцхан жишээ хэлэхэд, Ж.Оюунгэрэл захирлын төрсөн өдөр Москва хотын нэгэн томоохон ресторанд болж, баярт нь Петровис болон НИК ХК-ийн нууц ноёнтнууд, түүний дотор экс Ерөнхий сайд С.Баяр, Ч.Давааням, Петровисын Батням зэрэг цөөн тооны хувь эзэмшигчид цуглаж баяр хүргэж байсан юм. Тэгэхээр товчхондоо, улстөр бизнесийн бүлэглэлүүдийн удирдлагын хэсгээс ийнхүү сугалан шалгаж эхэлсэн нь хэсэг бүлэг олигархиудын дунд тэсрэлт, сануулгын эхлэл болоод байна.
… Тиймээс хууль хяналтын байгууллагууд хэн нэгний зурсан зураг, сценариар хөдөлж, шоудаагүй л бол нүгэл нүдээ олдгийн торгон жишээнүүд улам далайцтай хөвөрсөөр байх нь ээ…
Ч.Даваанямын шалгагдах болсон хэргийн мөрөөр бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ…
niigmiintoli.mn
Сэтгэгдэлүүд