Шинэлэг, үнэ цэнэтэй санаануудыг ердөө арав гаруй минутад багтаан хүргэдэг TED шинэ оныг урам зоригтойгоор эхлүүлэхэд тань туслах илтгэлийн жагсаалтыг танилцуулжээ. Дашрамд дурдахад доорх бүх илтгэлүүд монгол хэлнээ орчуулагдсан юм.
Аз жаргалтай болмоор байна уу? Талархаж сур – Дэвид Стейндл-Раст
Хүн бүр л аз жаргалыг туйлын хүсэл зорилгоо болгон амьдардаг. Тэгвэл аз жаргал гэж юу вэ, түүнийг хаанаас олох боломжтой вэ? Энэхүү асуултын хариултыг олоход Дэвид Стейндл-Растын илтгэл туслах болов уу. Тэрбээр энэхүү илтгэлдээ талархал биднийг аз жаргалтай болгодог тухай мөн хэрхэн талархаж сурах тухай тайлбарлажээ. Дэвид Стейндл-Раст бол католик шашны номлогч бөгөөд “Gratefulness, the Heart of Prayer”, “Deeper Than Words”, “99 Blessings” номын зохиолч юм.
Монгол хэлнээ орчуулсан: Т.Одгэрэл
Стресстэй хэрхэн нөхөрлөх вэ? – Келли Макгонигал
Стресс таны зүрхний цохилт, амьсгалын тоог олшруулж, биеийг хөлрүүлдэг. Стресс эрүүл мэндийг муутгадаг. Гэтэл сонирхолтой нэгэн шинэ судалгаанд стрессийг өөрсдөд нь муу гэдэгт итгэж явдаг хүмүүст л зөвхөн хор учирдаг гэсэн санааг дэвшүүлж байна. Сэтгэл судлаач Келли Макгонигал стрессийг эерэгээр харах санааг түгээж, бусадтай дотно байх нь стрессийг бууруулах хамгийн оновчтой арга зам болохыг хуваалцлаа.
Монгол хэлнээ орчуулсан: Э.Чинзориг
Та яг одоо урлагийн хүн бай! – Ким Ионг Ха
Бид бүгд төрөлхийн артистууд. Яагаад бид хөгжилдөж, бүтээлч байхаа больсон бэ? Өмнөд Солонгосын зохиолч Ким Ионг Ха “Та яг одоо урлагийн хүн бай!” илтгэлээрээ өөрийн доторх урлагийн тэнгэрээ хэрхэн сэрээх мөн яагаад урлагийн хүн байх хэрэгтэй болохыг ярилаа. Энэхүү илтгэлийн монгол хэлнээ хөрвүүлсэн хувилбарыг эндээсуншаарай.
Биеийн хэл бодож байгаагаас тань чухал – Эми Кадди
Биеийн хэл нь бидний тухай бусдын бодол санаанд нөлөөлөхөөс гадна өөрсдийгөө хэрхэн харахад бас нөлөөлж чадна. Нийгмийн сэтгэл судлаач Эми Каддигийн үзсэнээр хүчирхэг хүнийг илэрхийлэх зогсолт нь биднийг өөртөө итгэлтэй болоход тусалдаг. Тэр ч бүү хэл энэхүү “хүчирхэг зогсолт” нь бидний тархин дахь тестостерон болон кортизол дааврын хэмжээнд нөлөөлж магадгүй цаашдын амжилтад ч нөлөөлж болзошгүй гэдгийг Эми энэхүү илтгэлдээ харууллаа.
Монгол хэлнээ орчуулсан: Б.Түмэндэмбэрэл
Ном оюун ухааныг хэрхэн тэлдэг вэ? – Лиза Бу
Багаасаа тээсээр ирсэн мөрөөдөл чинь биелэхгүй бол яах вэ? АНУ-д амьдралаа шинээр зохиох хэрэгтэй болсон Лизад оюун ухаанаа тэлэх шинэ арга зам олоход ном тусалжээ. Лиза Бугийн энэхүү илтгэлээс номын гайхамшгийн тухай, түүнчлэн номыг үр дүнтэй унших аргыг олж мэдээрэй.
Монгол хэлнээ орчуулсан: А.Дэлгэрмаа
Эмзэг байдлын хүч – Брине Браун
Брине Браун бол хүн хоорондын холбоо буюу бусдыг ойлгох, бусдыг энэрэх, хайрлахын учир утгыг судалдаг судлаач юм. Тэрээр “Эмзэг байдлын хүч” хэмээх сэтгэл хөдөлгөм илтгэлдээ бидний эмзэг тал биднийг бий болгодог тухай, түүнийгээ хүлээн зөвшөөрөх нь бусдыг чин сэтгэлээсээ ойлгож, хайрлахын үндэс болдгийг хуваалцсан байгаа.
Монгол хэлнээ орчуулсан: Т.Дэлгэрсайхан
Сэтгэгдэлүүд