нийгэм

Амьдралд хайртай ээж өвчтэй охиныхоо төлөө амсхийх завгүй зүтгэж явна

0

 

Хүмүүний амьдралд хүрд эргүүлэх боломж цөөхөн байдаг гэж настай хөгшүүл ярьдаг юм билээ. Гэхдээ хүн л болсон хойно, тэр дундаа эмэгтэй хүн амьдралын хүрд эргүүлэх нь хорвоогийн жам юм.

Эмэгтэй хүний үүрэг, хариуцлага юу юм бэ гэж асуухад хүн бүр “Эх хүн болж үр удмаа үргэлжлүүлэх, эзэгтэй хүн болж гэрийн гэрэл галын оч болно доо” гэж ярьдаг.

Тэгвэл ийм сайхан амьдралаа амьдарч чадахгүй, амьдралдаа ахадсан ачаа үүрч, амсхийх ч завгүй зүдэрч зүтгэж яваа залуухан өрх толгойлсон ээжийг энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй охиных нь хамт онцолж сурвалжлага бэлтгэлээ.

Энэ орчлонд эдгэрэхгүй өвчтэй болох, эргэж ирэхгүйгээр үхэж үрэгдэх шиг зовлон байхгүй ээ. Түүнээс бусад зовлон бол зовлон биш юм шүү. Элэг бүтэн амьдралтай, өвчин зовлонгүй л байвал болоо гэж боддог.

Хөгжлийн бэрхшээлтэй охиноо ганцаараа өсгөж яваа өрх толгойлсон залуухан ээж Д.Мөнхзаяа долоон жилийн өмнө охин үртэй болсон. Хөлийг минь хучиж, ачийг минь хариулах анхил танхил үр минь гэж өхөөрдөн өлгийдөж авсан цаг саяхан мэт санагдана.

Гэвч өвчин гэж хэлж биш хийсч ирдэг хойно, гараас нь хөтлөх ганц охин үр нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрснийг 8 сартайд нь мэджээ. Охиноо ийм гэдгийг мэдсэн ээжид орчлон хорвоо утгагүй, хэцүү санагдсаныг нуух юун. Арван сар тээж, ангир уургаа шимүүлэн өсгөсөн ээжид тэнгэр хол, газар хатуу санагдсан үе олон бий.

Аль сайн гэсэн эмнэлгийн хаалга татаж, эмчийн гар харсан ч аврал байсангүй. Анагаах ухаан болон мэргэжлийн эмч нар охинд нь “Эмчилгээ байхгүй” гэж хатуухан хэлжээ. Нэгэнт төрүүлсэн хайртай үрээ харсаар байгаад хаялтай биш, үхүүлэлтэй биш гэж эрс шийдсэн ээж харин ч өөрөө асаргаа сувилгаа, эмчилгээ сайн хийсээр өдий зэрэгт хүргэжээ.

Хайртай охин Цолмон нь ирэх хоёрдугаар сард найман нас хүрнэ. Байнгын асаргаа сувилгаанд байдаг. Байсхийгээд хүчтэй таталт өгч эмнэлэгт хэвтэж, ээжийгээ сандаргана. Тэргэнцэртэй, жил ирэх тусам охин нь томорч тэргэн дээрээ суулгаж буулгаж, түрж явахад үнэхээр хүндрэлтэй болж байгаа талаар ярьсан юм. Байнга тэргэнцэр түрж явсаар байгаад ээжийн гарын алга эвэршжээ.

Хөхөө өвлийн хүйтэнд охиноо тэргэнцэр дээр нь түрээд явах хэцүү байдаг тул гэртээ ах, эгчдээ охиноо үлдээгээд гадуур гарч ажлаа амжлуулдаг байна. Өөрөөс нь  ургаж, өрцөн цаанаас унасан охиноо харж элгээ дэвтээдэг ээжид өдөр бүр “өвчтэй шүү” гэж бодох ч зав гардаггүй талаараа нэг удаа хуучилсан юм.

Зовлонд хатуужсан ээж, охин хоёрын ажил эрхлэлт

Ээж охин хоёрын нэг өглөө ингэж эхэлдэг. Цолмон охин их эртэч. Ээжээсээ түрүүлж сэрнэ. Охиноо дагаж босоод өглөөний хоол цайг нь хийж өгөх, памперсийг нь солих, өдрийнх нь эмийг уулгахаас амьдралын нэг өглөө эхэлнэ.

Д.Мөнхзаяа өөрийгөө зовлонд “дархлагдсан” гэж ярьдаг. “Охин минь өвдөхгүй, таталт өгч сандаргахгүй, эм тарианых нь мөнгө нь тасарчихгүй бол бид хоёр болдог юмаа” гэж ярина.

Охиноо төрүүлснээс хойш ганц удаа ч ажил хийж үзээгүй тэрбээр хувиараа ажил хөдөлмөр эрхэлж эхлэв. Ямар сайндаа “Нийгмийн харилцаанд орж үзэх юмсан. Байгууллагын гоё шинэ жилд орж үзэх юмсан” гэж мөрөөддөг. Охиноо төрөнгүүт “Энэ ганган хөөрхөн охиноо бүжигчин болгоно доо” гэж мөрөөддөг байсан нь ийнхүү талаар өнгөрчээ.

Гэртээ зүгээр суухыг хүсээгүй дайчин ээж өвчтэй охиноо харахын хажуугаар өөрийгөө дайчилж, манекюрийн сургалтад сууж, хумс буддаг болжээ. Мөн гэрээрээ гар урлалаар хүүхдийн үсний боолт, даруулга хийж зарж, өрхийн төсвөө бүрдүүлдэг байна.

Хумсаа будах ажил руугаа охиноо байнга авч явдаг. Одоо шинэ жил дөхөж байгаа учраас ээж охин хоёрын ажлын ачаалал нэмэгдэнэ. Яагаад гэвэл шинэ жил, Цагаан сараар хумсаа будаж, боолтоо гайгүй зарж сардаа 100-200 мянган төгрөгийн орлого олдог гэнэ. Тэгээд бусад үед орлого зогсох ч үе бий. Охиноо эмнэлэгт аваад хэвтчихвэл ажлууд нам зогсоно гэсэн үг.


Охин нь сард 250 мянган төгрөгийн эм тариа хэрэглэдэг

Д.Мөнхзаяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа гэж халамжаас сард 70 мянган төгрөг авдаг. Харин охин нь эмний мөнгө гэж 155 мянган төгрөг авдаг байна. Гэвч сардаа 250 мянган төгрөгийн эм тариа хэрэглэдэг. Дээр нь памперс, тос, хуурай нойтон салфитека гээд хэрэглээ их байдаг аж. Яагаад гэвэл байнгын асаргаатай хүүхэд гэхээр ямар байх нь ойлгомжтой. Өөрөө хоолоо барьж идэж ууж чадахгүй, асгаж цутгах бол энүүхэнд аж.

Өөрийн гэсэн гэр оронгүй ээж охин хоёр ах эгчийндээ амьдардаг. Айлд байгаа хоёр сард хоол хүнсэнд нь нэмэр болох байрны мөнгөнөөс нь төлөлцөх гээд зардал их гарна. Тиймээс зогсолтгүй ажиллахгүй бол зоосгүй болчих үе бий.

Ээж, охин хоёрын мөрөөдөл өөрийн гэсэн машинтай болох

 

 

Тэр бүр такси барьж чаддаггүй хоёр автобусанд хаягдах нь энүүхэнд. “Миний охиныг хаалгаараа хавчаад явж байсан автобусны эмэгтэй жолоочид их гомддог. Тэргэнцэртэй хүүхдээ түрээд орж байгаа ээжийг харсаар байж хаалгаа хаагаад явсан шүү дээ” гэж нэг удаа хоолой зангируулж ярьсан.

Цаг хугацааны эрхээр Цолмон охин томроод ээж нь даахаа болиод байгаа. Тэргэнцэр дээр нь суулгаж, буулгана гэдэг ганц эмэгтэйд ахадаж байгаа юм. Мөн хол газар түрээд түлхээд явах хүндрэлтэй, хашлага давах, зам гарах зэрэгт хүн гуйна. Зарим нэг муухай хүн чанаргүй, хүнлэг сэтгэлгүй хүмүүс гайхаж хараад өнгөрдөг гэнэ. Өөрийнх нь үр хүүхэд, хамаатан садан дотор нь иймэрхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаггүй болохоор мэддэггүй байх, ойлгодоггүй байх гэж Д.Мөнхзаяа өөрийгөө буруутгаж, өрөөлийг зөвтгөх тохиолдол ч зөндөө бий.

Гэхдээ л амьдралд очир алмаз шиг гялалзах охин үр нь насаараа хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг ямар олигтой санагдах билээ дээ. Харамсалтай. Гэвч амьдралд бууж өгөөгүй буцаж хариагүй, хатан зориг нь мохоогүй ээж, охин хоёрын мөрөөдөл нь хамгийн түрүүнд хөл дүүжлэх унаатай болох. Дараа нь өөрийн гэсэн орон гэртэй болох. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ дээ.

Ээж охин хоёр олсон орлогоо болон халамжийн мөнгөө “тас” хадгалж байгаад өсгөж үржүүлж машинтай болох боломж бий. Гэвч охин нь сар бүр 250 мянган төгрөгийн эмчилгээ хийлгэдэг болохоор “хураах юмсан” гэж бодохоос цаашгүй гэв. Дээр нь идэж ууж, эдэлж хэрэглэмээр болдог болохоор төсөв санхүү нь ер хүрэлцдэггүй аж.

“Ээжээ” гэж дуудуулж үзээгүй ч инээднээс нь бүхнийг мэдэрдэг

Хандлагаа өөрчилцгөөе хүмүүсээ, ээж аавуудаа, нүүр номын найзуудаа

Түүний охин одоо 7 настай. ДЦП Эпилепси оноштой байнгын асаргаанд байдаг юм. Явж, ярьж чадахгүй учир гадуур гарахдаа байнга тэргэнцэр дээр суулгаад түрээд явдаг юм. Охин ээж хоёрт гадуур явахад элдэв янзын бэрхшээл их л тулгардаг. Жишээлбэл, автобусанд хаягдана автобусны хаалганд хавчигдана хүүхдүүдэд шоолуулна томчууд элдэв янзаар хэлнэ хялалзаж муухай харна гээд бараг өдөр бүр тохиолддог бэрхшээлүүд. Гэхдээ Д.Мөнхзаяа охиноосоо ичиж бусдаас нууж байгаагүй, “Ээжээ” гэж дуудуулж хараахан үзээгүй байгаа ч нүдээрээ хөөрхөн инээдээрээ “Ээжээ” гэж дуудаж байгаа нь сэтгэлд сайхан мэдрэгддэг.

Яагаад ийм зүйл бичиж байгааг минь та бүхэн магадгүй гайхаж байгаа байх.

 

Хандлагаа өөрчилцгөөе

Охин цэцэрлэгээсээ хасагдсан учир ээжтэйгээ хамт ажил хийхээр явдаг юм (маникюр хийдэг юм).
Д.Мөнхзаяа охиныг нь хүүхдүүд шоолсон талаар өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ. Тэрбээр “Өнөөдөр мөн л охинтойгоо хамт ажилдаа яваад орой 20.00 цагийн үед харих гээд Фантамын хашаанд охиноо түрээд явж байтал 5-7 насны 4,5 хүүхэд урдуур хойгуур ээрч гүйгээд охиныг нь “Мэдрэл муутай хүүхэд,мэдрэлээ мэдрэлээ” гэж зэрэг орилж шоолоод явуулдаггүй ээ. Өмнө нь нээх эмзэглэж хүлээж авалгүй тоохгүй өнгөрөөдөг байсан ч өнөөдөр сэтгэл өвдөөд нэг л хэцүү цээжинд нэг юм хөндүүрлээд унтаж чадахгүй байгаа болохоор бичиж байна. Тоолгүй орхиод явах гэсэн ч хойноос гүйлдэж ирээд дахин 2 шоолоод болдоггүй ээ тэгээд зогсож байгаад аав ээж нь хаана байна хүүхдүүдээ гээд асуутал ресторанд байгаа гэлээ. Тэгээд тэр хүүхдүүдэд охиныхоо талаар эвтэйхэнээр тайлбарлаад бие нь өвдсөн учраас явж ярьж чадахгүй ингээд тэргэнцэр дээр суудаг юмаа тэрнээс та нартай л адилхан хүүхэд мэдрэл муутай муухай хүүхэд бишээ гээд эвтэйхэн хэлэхэд хүүхдүүд бүгд ойлгож хүлээн авч шоолж гүйсэндээ зарим нь гэмшиж байгаа харагдсан.

Би юу хэлэх гээд байна бэ гэхээр та бүхэн минь хандлагаа жаахан л өөрчилөөд хүүхдүүдэдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар эерэг зүйл ярьж ойлгуулж тайлбарлаж өгч байгаасай л гэж хүсч байна Аав ээж,багш нар,ах эгч нар нь эерэг зөв талаас нь тайлбарлаад өгвөл хүүхдүүдийн хандлага ч бас өөрчилөгдөх болов уу. Хандлагаа өөрчилье хүмүүсээ” гэж бичжээ.

Нээрээ л хөгжлийн бэрхшээлтэй болохоос хүүхэд шүү дээ. Өвчтэй хүүхдийг тохуурхаж дооглох онцгүй.
 

Автобусны жолооч тэргэнцэртэй хүүхдийг минь хаалгаараа хавчсан

Эвэртэй туулай харсан юм шиг хаалгаа хаагаад суулгадаггүй автобусны жолооч нарыг бурхан өршөөг.  Ер нь тэр эвэртэй туулай нь ээж охин хоёртой тийм адилхан амьтан байдаг юм болов уу.
Тиймээс автобусанд суух дургүй болсон. Охиноо түрээд 6-7 буудал алхаж дасгал хийх сайхан байна шүү. Ээж охин хоёр тусгай цэцэрлэгтээ дахиж явахгүй ээ.

Хаалгаараа хүүхэд хавччихаад хөдөлдөг ард түмний унаа гэж байгаад ч яадаг юм. Нэртэйгээр нь хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд суухыг хориглоно гэсэн бичиг наавал суухгүй шүү дээ гэж нэг удаа уурлаж байсныг сайн санаж байна. Өвчтэй хүүхдээ харснаас хойш Д.Мөнхзаяа нэг ч удаа эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн үйлчилгээ авч үзээгүй. Охиноо л бодож, охиноо эмнэлгээр их авч явсан байгаа юм.

Монголчууд ядарсан нэгэндээ туслах, өвдсөн нэгнээ өргөөд босгоод ирдэг чадалтай, тустай ухаантай ард түмэн. Тиймээс амьдралын төлөө, өвчтэй охиныхоо төлөө өөрөө ч өвдөж зовох эрхгүй зүтгэж яваа залуухан ээжид хандивын гараа сунгаач. Энэ хоёр хэн нэгнээс хандив тусламж гуйгаагүй. Харин хөндлөнгөөс харж яваа миний бие ээж, охин хоёрт чадах чинээгээрээ тусламаар санагдлаа. Олны хүч оломгүй далай гэдэг. Ээж, охин хоёрыг хөл дүүжлэх унаатай болгож, үүрч авч яваа ачаанаас нь бага ч болов хагаслаж өгөхийг элэг нэгт монголчуудаасаа хүсч байна. Нөгөөтэйгүүр шинэ жил дөхөж байна эмэгтэйчүүд хумс хуруугаа гоёдог билээ. Энэ ээжээрээ хумсаа будуулж орлого оруулж өгвөл сайн байна.

Холбоо барих утас Д.Мөнхзаяа 96890885, 99938477…..ХААН банкны данс 5011396958 Д.Мөнхзаяа.


 

Ажилд хүрэх зам 

О.Гэрэл

Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

Өмнөх нийтлэл

Буурах боломжтой ч биелэлээ эс олсон зээлийн хүү

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм