нийгэм

Хотын дарга С.Батболд талийгаачийн гэр бүлийнхэнд НЗД-ын нөөц хөрөнгөнөөс 10 сая төгрөг гардуулан өглөө

0

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож,  эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан талийгаачийн гэрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар очиж ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийллээ.

Энэ үеэр хотын дарга ар гэрийнхэнд нь хандаж “ Улаанбаатар хотынхоо иргэдийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан цагдаагийн албан хаагчаа гэмт этгээдүүдийн гарт алдсанд нийслэлчүүд эмгэнэн гашуудаж байна. Нийгэм, цаг төр хүндхэн болсон энэ цаг үед эх орноо, ард түмнээ гэсэн эх оронч залуус  байдаг гэдгийг талийгаач харуулж, бид бүгдэд их том сургамж үлдээлээ. Нийслэл хот амар тайван байгаа нь манай цагдаагийн байгууллагынхан хүч хөдөлмөр.  Албан үүргээ гүйцэтгэж явсан  цагдаагийн албан хаагчийн амийг хөнөөсөн этгээдүүд хуулийн хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар нийслэлийн Засаг даргад хандаарай” хэмээгээд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс буцалтгүй тусламж болгон 10 сая төгрөгийг гардуулан өгөв.

Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотынхоо амар амгалан, аюулгүй байдлын төлөө манай цагдаагийн байгууллагын албан хаагчид  цаг наргүй зүтгэдэг.  Тиймээс ч  хотын захиргааны зүгээс ажиллах орчин, ахуй нөхцөлд нь аль болох анхаарал хандуулдаг. Та бүхний санал хүсэлтийг хүлээн авлаа. Орон сууц, байрны асуудлыг эерэгээр шийдэхийн төлөө ажиллана” гэв.

Энэ сарын 15-ны өдөр залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болох 45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинаар мөргөн зугтжээ. Талийгаач ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүнд байсан учир ухаан оролгүй байсаар уржигдар нас барсан юм.

Оргон зайлсан этгээдүүдийг өчигдөр орой Майхан толгой орчмоос баривчилсан юм.

2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах тэтгэлэгт хөтөлбөрүүд

Өмнөх нийтлэл

“Ice top” хамтлагийн Коби нэг жилийн ял авлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм