ОХУ-ын Бүгд найрамдах Чечень улсын Грозный хотноо зохион байгуулагдсан Муслим Магомаевын нэрэмжит “Орфей-2026” олон улсын гоцлол дуучдын IX уралдаанд Монголын дуучид амжилттай оролцлоо. Тодруулбал, “Duo tenor” төслийн санаачлагч, продюсер, нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлч, А.Наранбаатар 31-38 насны ангиллын вокал төрөлд тэргүүн байр эзэлсэн бол Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгын флейт хөгжимчин, “Баянмонгол” чуулгын гоцлооч Б.Одмандах дэд байрын шагнал хүртсэн байна.
XX зууны нэрт дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан тус уралдаан арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Аднан Шахбулатовын нэрэмжит Чеченийн Улсын Филармонийн тайзнаа ес дэх жилдээ зохион байгуулагдсан юм.
Энэ удаагийн уралдаанд анх 130 гаруй мэргэжлийн дуучин оролцсоноос 72 нь төгсгөлийн шатанд шалгарсан байна. Тэдний дунд ОХУ, Монгол, БНХАУ, Киргиз, Казахстан зэрэг улсын 18-38 насны дуучид багтжээ. Мөн ОХУ-ын Большой, Мариинский, Новая опера, Геликон-Опера зэрэг нэр хүндтэй театрын гоцлол дуучид оролцсон байна.
ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Чеченийн Соёлын яам, Аднан Шахбулатовын нэрэмжит Улсын Филармони хамтран зохион байгуулдаг “Орфей” олон улсын уралдаанд Монголын дуучид тав дахь жилдээ оролцож байгаа аж.