Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Иргэн Х.Нямбаатар буюу УИХ, ХЗДХ-ийн сайд асан, Хотын дарга асан хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн Монгол Улсын Ерөнхийлөгч рүү удаа, дараа гүтгэлэг, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Энэ нь олон улсад Монгол Улсын нэр хүнд, үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх сөрөг мэдээлэл гэж та бүхэн ойлгож болно. Эдгээр асуудлуудад баримт бүхий есөн няцаалтыг товч тодорхой өгье.
Нэг. Ерөнхийлөгчийг хувьдаа нисдэг тэрэгтэй мэтээр ярьсан.
Монгол Улсад хэчнээн нисдэг тэрэг байдаг талаар та бүхэн ИНЕГ-аас асууж болно. Бидний лавласнаас Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг байна. Үүний 18 нь хувийн компани, хувь иргэнд байна. Төрд гэвэл “Зэвсэгт хүчний жанжин штаб”-д бий. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчид уг нисдэг тэрэг үйлчилдэг.
Хоёр. Ерөнхийлөгчийг Австрали улсад хувийн хаустай мэтээр ярьсан.
Энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Монгол Улсын Ерөнхийлөгч тус улс руу зорчилгүй 12 жил болж байна.
Гурав. Удаа дараа “Андууд тауэр” гэж ярьсан.
“Андууд тауэр”-ын барилгыг судалж үзсэн. Ингэхэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд баригдаж байгаа оффис эзэн нь Нийслэл өөрөө байна. Хотын дарга байсан хүн өмчөө мэдэхгүй байх учиргүй. Тодорхой хэлэх юм бол Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай концепцын гэрээгээр барьж байгаа барилга юм билээ. Барьж байгаа компани нь “Асар өргөө” ХХК. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй огт хамааралгүй компани. Эзэмшиж байгаа хүмүүс нь ах дүү нар байсан. “Андууд тауэр” нь тэднийх гэсэн үг. Ардчилсан намаас ИТХ-д сонгогдож байсан Л.Наранбаатар гэх хүн энэ компанийг өмнө нь эзэмшиж байсан байна.
Дөрөв. Ерөнхийлөгчийг Гачууртад олон зочид буудлуудтай гэж ярьсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Тэрэлжид байрлалтай “Илт хаан” гэж аялал жуулчлалын компанийн 58 хувийг эзэмшдэг. ХОМ-тээ үүнийгээ тайлагнадаг. Хуулийн сайд баримттай ярих ёстой. Хэн нэгний зургийг өнгөтөөр хэвлээд ярихыг баримт гэж хэлэхгүй.
Тав. Бага тэнгэрт 30-40 сая ам.доллараар үнэлэгдэх хаус хорооллуудтай гэсэн.
Төгрөгт шилжүүлвэл 120-140 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Ийм их мөнгөөр хэчнээн хороолол барьж болох вэ. Зураг, бичлэгээр үзүүлээд байгаа тэр Бага тэнгэр дэх байрнуудын эзнийг нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд “Грийн ресурс” ХХК-ийн нэр дээр, иргэн Г.С, С.Б-ын өмч байна. Судалж үзэхэд Бага тэнгэр орчимд 164 амины орон сууц 260 нийтийн орон сууц байна. Нийт 444 орчим амины болооод нийтийн орон сууц Бага тэнгэрт байна. Ерөнхийлөгч өөрийн хадгаламжнаасаа амины орон сууц худалдаж авч байсан баримт нь байна. Үүнийг нууж, хаах зүйл огт байхгүй. 2022 онд 360 мянган ам.доллар шилжүүлж байсан. 2025 онд 200 сая төгрөг шилжүүлж, амины орон сууц захиалж байсан. Энэ нь ХОМ дээр маш тодорхой байгаа. Байршил нь Бага тэнгэр орчимд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны ХОМ дээр 1.7 тэрбум орчим төгрөгийн хадгаламж байсан. 2025 он гэхэд 561 сая орчим болсон. Хадгаламжнаас нь хасагдсан 1.2 тэрбум орчим төгрөг байр захиалсантай нь холбоотой. Энэ бол АТГ-ын ХОМ нээлттэй сайт дээр байдаг хэн ч харж болох мэдээлэл. 30-40 сая ам.доллараар үнэлэгдэх буюу 120-140 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 30-40 өндөр зэрэглэлийн хаус хороолол хаана байна. Нэг дор баригдаж байгаа амины орон сууж, харш байгаа бол баримтаар гаргаж ирж, ярих хэрэгтэй. Хүний зураг биш баримт нь тодорхой байх ёстой.
Зургаа. “Юнтиед Молл” хувийн их дэлгүүрийг Ерөнхийлөгч эзэмшдэг гэж гүтгэсэн.
Дата мэдээллээс харахад энэ дэлгүүр нь нэр бүхий иргэдийн нэр дээр байгаа. Б.Даваадорж, С.Ганбаатар гэх иргэдийн нэр дээр байна. Эдгээр иргэд Ерөнхийлөгчтэй ямар ч холбоо хамаарал байхгүй. Иргэний өмчийг ингэж гүтгэлэгт ашиглаж болохгүй.
Долоо. Тансаг машины цуглуулгатай, нэр дээрээ машиныг нь хадгалдаг гэж удаа дараа гүтгэсэн.
н.Нямдаваа гэж залуу бол Ерөнхийлөгчтэй фитнест л таардаг. Ерөнхийлөгч хаана ч явна, хамгийн их хүнтэй зураг авхуулдаг. Ийм зургуудын нэгээр хамаатуулж болохгүй. н.Нямдаваа тэдний л нэг бизнес эрхэлдэг залуу юм билээ. Энэ залуу гүтгэлэгээ хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандсан. Энэ хүний Ерөнхийлөгчийн машиныг эзэмшдэг мэтээр гүтгэсэн эзэн холбогдогчийг хууль хяналтын байгууллага тогтоосон нь Хотын даргын хэвлэлийн ажилтан, Сэлбэ дэд төвийн ТУЗ-ийн гишүүн байсан Г.Золзаяа гэх хүн. Одоогоор БНХАУ-д зугтаж гарсан байгаа. . Нэмэлт мэдээлэл хэлэхэд, энэ хүн Х.Нямбаатарын захиалгаар н.Нямдаваагийн машинуудын зургийг авч татвар төлөгчдийн мөнгөөр тараасан гэдгээ бидэнд хандаж мессэж, захиагаар ирүүлсэн.
Найм. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, ЕТГ-ын ажилтнууд хагартлаа баяжсан гэж гүтгэсэн.
ЕТГ, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дотор G-Class унадаг хүн байхгүй. Төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгээд явж байгаа хүмүүс. Энэ хүмүүсийн зургийг тавиад гүтгэсэн. Энэ хүмүүс ч гэсэн өөр өөрсдийн нэр төртэй. Хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм билээ.
Ес. Х.Нямбаатар Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн.
Үе үеийн улс төрчид суудлаасаа бууж, хууль хяналтын байгууллагад яллагдагчаар татагдаад ирэхээрээ Ерөнхийлөгчийг дарангуйлагч болгон хувиргадаг, бүх гэмт хэрэгт холбож гүтгэдэг
Х.Нямбаатар Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн. Та бүхэн мэдэж байгаа, АНУ, Канад тэргүүтэй улсуудаас гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ авчрахад хуулийн хувьд төвөгтэй учир энэ мэт хүмүүс орогнох талбараа болгодог. Мэдээж шүүмжлэлт сэтгэлгээ, бусдад үг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монгол Улсад байх ёстой. Байх ч болно. Энэ хүн тодорхой хэрэгт холбогдсон талаар АТГ-аас та бүхэнд тодорхой мэдээлэл өгснийг харсан. Туулын хурдны замтай холбоотой 500 тэрбум төгрөгийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн. Нийслэлээс зохион байгуулсан 20 гаруй тендерийг хамаарал бүхий этгээдүүддээ олгосон болохыг АТГ-аас онцолсныг энд дурдъя.
Ийм учир шалтгаан байгаа. Дээрх гэм буруугаа нуун дарагдуулж, гэмгүй хохирогчийн дүрд шилжих гэж ноцоод байна гэж үзэхээс өөр арга алга. Алив нэг улсад улс төрийн тэмцэл өрнүүлээд орогнол хүсэх, авлигын гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан үедээ орогнол хүсэх гэдэг өдөр шөнө шиг ялгаатай зүйл шүү. Канад улс нийтийн хөрөнгийг шамшигдуулсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст улс төрийн орогнол олгодоггүй. Канад улсад орогнол хүсэхэд албан ёсны хариу иртэл 12 сар болдог. Х.Нямбаатар цаг хугацаа хожиж байна.
Ерөнхийлөгчийг, ЕТГ-ын ажилчдыг ор үндэсгүй гүтгэсэн үйлдэлд хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна. Дараа дахин дэлгэрэнгүй хариулт өгье” гэв.