Номхон далайд энэ онд үүссэн хамгийн хүчтэй шуургануудын нэг болох Чампи хар салхи ойртож байгаатай холбогдуулан Тайванийн ихэнх нутагт өнөөдөр байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, олон зуун нислэгийг цуцаллаа.
Хар салхи хүчээ алдаж байгаа, мөн Тайванийн эх газрыг шууд дайрахгүй гэж таамаглаж байгаа ч хүчтэй салхи, аадар бороо дагуулах төлөвтэй байна.
Тайванийн Цаг уурын төв байгууллагын мэдээлснээр, өмнө нь супер хар салхины зэрэглэлд хүрч байсан “Чампи” шуурганы төвийн ойролцоох салхины хурд цагт 191 километр хүрч байгаа аж.
Тус байгууллагын мэдээлснээр, хар салхи Тайванийн өмнөд үзүүрээс зүүн тийш 330 километрийн зайд байрлаж байна. Урьдчилсан тооцооллоор шуурга Тайванийн зүүн хойд эргийн ойролцоо өнгөрч, улмаар хойд зүгт эргэн Хятадын эрэг орчмыг чиглэж, эцэст нь Японы өмнөд хэсэгт хүрэх төлөвтэй байна.
Хар салхины нөлөөллийн радиус ойролцоогоор 320 километр байгаа нь Тайванийн ихэнх нутгийг хамрах хэмжээний өргөн хүрээтэй гэсэн үг юм. Цаг уурын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шуурганы нөлөө бараг хоёр өдөр үргэлжилж болзошгүй аж.
Хар салхины улмаас Тайванийн санхүүгийн зах зээлүүд баасан гарагт ажиллахгүй. Харин Хятадын эргийн ойролцоо байрладаг, Тайванийн захиргаанд харьяалагддаг Киньмэнь арлуудад сургууль, төрийн байгууллагууд хэвийн ажиллана.
Тайванийн Тээврийн яамны мэдээлснээр, баасан гарагт хийхээр төлөвлөсөн дотоодын бүх 262 нислэгийг цуцалсан бөгөөд олон улсын 350 гаруй нислэг мөн цуцлагджээ. Нийслэл Тайбэй хотод хүчтэй салхи дагалдсан аадар бороо орж байгаа ч метро зэрэг нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.
Тайвань нь хар салхинд өртөх эрсдэлд сайн бэлтгэгдсэн бүс нутгийн нэг бөгөөд үүний үр дүнд ийм төрлийн байгалийн гамшгийн үеэр хүний амь нас эрсдэх тохиолдол харьцангуй цөөн гардаг.