Дэлхийн үйл явдал

Францын нийслэлийн тодорхой бүсүүдэд 20:00 цагаас хойш жагсаал цуглаан хийхийг хориглолоо

Таны сэтгэгдэл

Францын эрх баригчид Парис, Лилль, Ницца зэрэг хэд хэдэн хотын зарим хэсэгт хөл хорио тогтоолоо.

Ерөнхий сайд Себастьян Лекорню Парис хотыг бүхэлд нь хөл хорионд оруулахыг үгүйсгэсэн ч онц байдал зарлах магадлалтай гээд тодорхой бүс нутгуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь илүү оновчтой гэж мэдэгджээ.

Парисын цагдаагийн газраас Францын нийслэлийн тодорхой бүсүүдэд 20:00 цагаас хойш жагсаал цуглаан хийхийг хориглосон захирамж гаргасан бөгөөд Place de la République болон Les Halles орчмын бүсэд 23:00 цагаас хөл хорио тогтоожээ. Эдгээр арга хэмжээ мягмар гаргийн өглөөний 06:00 цаг хүртэл хүчинтэй байх юм.

Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр, орон нутгийн захирагчдын зөвшөөрлөөр Лилль, Дуэ, Ваттиньи, Денан хотуудад дараагийн хоёр өдөр 20:00–06:00 цагийн хооронд насанд хүрээгүй хүүхдүүдэд хөл хорио тогтоосон байна.

Ницца хотын захирагч Эрик Чиотти цахим орчинд нийтэлсэн дүрс бичлэгтээ хотын төвд шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүдийг гадуур гарахыг хориглосон захирамжид гарын үсэг зурсан гэж мэдэгдэв.

Марсель хотод мөн олон нийтийн цуглаан, жагсаал хийхийг хоригложээ. Үүний зэрэгцээ Францын үйлдвэрчний эвлэлүүд арваннэгдүгээр сарын 5-нд ажил хаялт, жагсаал цуглааны шинэ давлагаа зохион байгуулахаар уриаллаа.

Даваа гарагт сургуулиудын амралт эхэлсэн нь нөхцөл байдлыг намжаахад тусалж магадгүй ч Парисын төвд байрлах Луврын музей, Улс төр судлалын дээд сургууль зэрэг газарт оюутнууд дахин цугларч, зам хаасан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсаар байв.

Парисын тансаг зэрэглэлийн зочид буудал, дэлгүүрүүд төвлөрсөн Вандомын талбайд даваа гарагт ихэнх дэлгүүр хаалттай байсан бөгөөд хамгаалалтын ажилтнууд байрлаж байв. “Диор” брэндийн дэлгүүрийн гол хаалгыг эвдэж сүйтгэсэн бол Парисын төвд байрлах “Ролекс”, “Луи Виттон”, “Ральф Лорен”, “Гуччи” зэрэг бусад тансаг брэндийн дэлгүүрүүдийн цонх гэмтжээ.

10
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

759 нийтлэл

Сэтгэгдэл бичих