2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га талбай буюу тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь нь түймэрт өртсөн байна.
Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах онцгой ач холбогдолтой.
Иймд түймрийн хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүйгээр хөрс, ус, ургамал, амьтан, ховор болон нэн ховор ургамлын амьдрах орчин, экосистемийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл, урт хугацааны экологийн үр дагаврыг цогцоор нь судалж, үнэлнэ.
Хохирлын үнэлгээг хийхдээ хиймэл дагуулын зураглал, газар дээрх хэмжилт, судалгаа, лабораторийн шинжилгээ болон холбогдох нотлох баримтад үндэслэн, хууль тогтоомжид заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.
Мөн мэргэжлийн баг орон нутгийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үнэлгээний ажлыг уялдуулан зохион байгуулах юм.
Үнэлгээний хүрээнд түймрийн улмаас учирсан экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардал, экосистемийн нөхөн сэргэх боломж, шаардлагатай хамгаалалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлно.