Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцасны брэнд болох “Victoria’s Secret”-ийн 2026 оны загварын шоу АНУ-ын Лос-Анжелес хотын “Sony Pictures Studios”-д аравдугаар сарын 18-ны ням гарагт амжилттай зохион байгуулагдлаа. 2019 оноос хойш хэсэг хугацаанд завсарлаж, 2024 оноос эргэн сэргэсэн тус шоу сүүлийн хоёр жил Нью-Йорк хотноо болсон бол энэ жил 19 жилийн дараа Лос-Анжелест эргэн ирснээрээ онцлог байв.
Найман жилийн дараа “Fantasy Bra” эргэн ирэв
2018 оноос хойш тайзнаа харагдаагүй, Victoria’s Secret шоуны хамгийн гол бэлгэ тэмдэг болох олон сая ам.долларын үнэтэй “Fantasy Bra” энэ жил албан ёсоор эргэн ирлээ. Тусгай загварын уг чамин хөхөвчийг дэлхийд алдартай үнэт эдлэлийн Jacob & Co. компанитай хамтран бүтээсэн нь шоуны хамгийн хүлээлттэй үе байв.
Тайзнаа гялалзсан “Сахиусан тэнгэрүүд”
Шоуг алдарт модель Белла Хадид гайхалтай үзүүлбэрээр нээсэн бол түүний эгч Жижи Хадид, түүнчлэн тус брэндийн нүүр царай болсон домогт моделиуд болох Адриана Лима (өөрийн 21 дэх шоундаа алхсан), Алессандра Амбросио, Кэндис Свейнпоел нар дахин далавчаа зүүн тайзнаа гарч ирлээ. Мөн Эшли Грэм, Анок Яй, Алекс Консани, Кайли Женнер зэрэг олны танил одод хувцаслалтуудыг амилуулжээ.
Түүнчлэн, загвар өмсөгч Барбара Палвин анхны хүүхдээ төрүүлснээс хойш ердөө зургаан долоо хоногийн дараа төгс галбиртайгаар тайзнаа эргэн гарсан нь олныг гайхшруулсан үйл явдал байлаа. Мөн брэндийн түүхэнд тод мөр үлдээсэн супер модель Жизель Бюндхен шоуны нээлтийн видео бичлэгт гэнэтийн байдлаар дүрсээ үлдээж, үзэгчдэд том бэлэг барьсан юм.
Зуун хувь эмэгтэй уран бүтээлчдийн бүрэлдэхүүн
Энэ жилийн шоуны хөгжмийн хөтөлбөрийг зөвхөн эмэгтэй уран бүтээлчид бүрдүүлсэн бөгөөд тайзнаа:
- Реппер Megan Thee Stallion
- Поп од Tate McRae
- Кантри дуучин Megan Moroney
- Дэлхийн хэмжээнд эрчээ авч буй охидын KATSEYE хамтлаг нар амьд дуу хоолой, халуухан үзүүлбэрээрээ загварын тайзыг хөглөлөө.



