улс төр

А.Батпүрэв: Баялгийн удирдлагын тогтолцоогоо эвдээд иргэнд очих мөнгийг төр нь авъя гэж байгаа нь буруу жишиг

Таны сэтгэгдэл

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гарсан шийдвэрээр Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс 14 хоногийн хугацаанд санал асуулга явуулахаар болсон талаар мэдээлсэн. Санал асуулгын дүнг аравдугаар сарын 28-нд 2027 оны улсын төсвийн ажлын хэсэгт хүргүүлж, Засгийн газар нэгтгэн УИХ-д уламжлах юм. Сангийн сайд З.Мэндсайхан ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгохгүй бөгөөд гурван их наяд төгрөгийн нэг их наядыг Үндэсний хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наядыг эрчим хүч зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах саналтай байгааг мэдээллээ.

Тэгвэл энэ асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэв дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Ногдол ашигтай холбоотой хоёр туйлшрал байгаа. Нэгдүгээрт, Оюутолгойгоос орж ирэх ногдол ашиг Үндэсний Баялгийн хуримтлалын санд иргэний нэрийн дансанд орно гэж байгаа боловч шууд тэр чигтээ цаашаа нэг халаас руу орно гэсэн үг биш. Одоо байгаа хууль чинь тэнд нэрийн дансанд хуримтлал үүсээд тэр нь хөрөнгө оруулалт болно. 2030 оноос эхлээд би өөрөө боловсрол, эрүүл мэнддээ зарцуулна гээд би өөрөө хүсэлтээ гаргаад үүнийг зарцуулах боломжтой болох юм. Жишээлбэл, би байр авах гэсэн юм, урьдчилгаандаа миний нэрийн дансанд байгаа хуримтлалаа ашиглая гэх мэтээр. Тэгэхээр өнөөдөр шууд халаасанд хийх гэж байгаа мөнгө биш. Хүмүүсийн хэлээд байгаа халамж болгож тараах гэлээ, юу ч үгүй үрэн таран хийх гээд байгаа биш болохоор энэ нэг туйлшрал нь. Нөгөө талаас яг адилхан Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашиг дээр ярьдаг. Бас л бид бүгдээрээ хувьцаа эзэмшигч, хаяа ногдол ашиг хуваарилдаг, тэр нь шууд миний данс руу орж ирж байгаа. Энэ орж ирэхээс аргагүй. Учир нь би шууд хувьцаа эзэмшигч нь учраас. Оюутолгойд бол би шууд хувьцаа эзэмшигч биш Баялгийн сангаар дамжиж эзэмшиж байна. Хоёр ялгаа байна. Гэтэл Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг ард түмэнд тараахаа болиод түүгээрээ үйлдвэр барьж улсаа хөгжүүлнэ гэж ярьдаг нь нөгөө туйлшрал нь. Яагаад гэвэл би тэр компанийн хувьцаа эзэмшигч бол өөрт ногдох ногдол ашгаа авах эрхтэй. Бид бүгдээрээ нийлээд л 25 хувийг эзэмшиж байгаа. Үлдсэн 75 хувийг төр эзэмшигч байгаа. Түүнийхээ ногдол хувиар тэр үйлдвэрээ барина биз дээ.

Ямар нэг байдлаар аман тохиролцоонд хүрээд Монгол Улс гурван их наяд төгрөг авахаар болж байгаа юм байна гэж бодъё. Оюутолгойгоос мөнгө авахыг хэн ч буруутгахгүй байгаа. Тэр авсан мөнгө хаачих ёстой вэ. Одоо байгаа Монгол Улсын аливаа бүх хуулиар  тэр тусмаа Үндэсний Баялгийн сангийн хуулиар энэ нь Чингис хаан Үндэсний Баялгийн сан буюу түүний салбар сан болох Хуримтлалын санд Монгол Улсын иргэн бүр дээр нэрийн дансанд нь бичигдэх ёстой. Гурван их наяд төгрөгийг 3,6 сая хүний нэрийн дансанд бичих юм бол нэг хүнд 800-гаад мянган төгрөгийг дансандаа хүлээж аваад түүнийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцныхаа зориулалтаар ашиглах боломжтой. Тэр мөнгө нь бодлогын хүүгээс багагүй хувиар өсөөд хөрөнгө оруулалт болоод явж байх ёстой. Үүнийг үгүй ээ, нэг их наядыг нь л тийшээ хийгээд хоёр их наядыг нь Засгийн газар зардал буюу төсөвт хийе гэдэг нь нэгдүгээрт, маш хариуцлагагүй явдал. Тэр тусмаа өмнө нь авлигын замаар яваад үрэн таран болсон төсөвт буюу дулааны станцад дахиж мөнгө хийх гэж байгаа. Баялгийн удирдлагын тогтолцоогоо эвдээд иргэнд очих мөнгийг төр нь авъя гэж байгаа нь буруу жишиг. Оюутолгойн ногдол ашгийг төр чиний дансанд орох ёстой мөнгийг дээрэмдчихээд юунд зарцуулахыг чи яах вэ хэлчих би зарцуулъя гээд сууж байна” гэв.

20
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

743 нийтлэл

Сэтгэгдэл бичих