“Мобиком” корпорацын ажилтнууд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллах үеэр тээврийн хэрэгслээсээ гал алдсаны улмаас их хэмжээний түймэр гарч, тус дархан цаазат газрын 80 орчим хувь нь түймэрт өртсөн байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа.
Үүнтэй холбоотойгоор “Мобиком”-ын ажилтнуудад дархан цаазат газрын бүсэд нэвтрэх зөвшөөрлийг хэн олгосон бэ, тэднийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн үү гэх асуулт олон нийтийн дунд үүсээд буй.
Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох ажлын нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, “Мобиком” корпорацын удирдлага болон орон нутгийн иргэдээс бүрдсэн нийт 13 хүн, таван автомашинд энэ сарын 6–8-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгосон. Уг зөвшөөрлийг холбогдох хүсэлт болон хуулийн заалтыг үндэслэн гаргасан гэжээ.
Энэ асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийг сайд Г.Тэмүүлэн өнөөдөр сэтгүүлчдийн асуултад дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийгэмд үүсээд байгаа дарга нарын асуудлын учир зангилааг олж хариуцлага хүлээлгэх нь зарчмын асуудал. Хууль зүй дотоод хэргийн яам төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг шахаж шаардах ёсгүй. Харин бодлогын түвшинд үйл ажиллагааг нь явуулахад шаардлагатай эрх зүйн орчныг илүү боловсронгуй болох ёстой. Нэр бүхий хүмүүсийн холбогдсон асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, эрх бүхий байгууллагууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэдийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүлээж буй хүлээлт өндөртэй. Тодруулж хэлбэл, хууль сахиулдаг эрх бүхий байгууллагатай холбоотой асуудал болон улстөрчдийн олон тооны хэргийг дурддаг ба томоохон үнийн дүнтэй асуудлыг давхар ярьж ирсэн. Энэ бүх зүйлд өнгөрсөн хугацаанд нэгэн байдлаар цэг тавьдаггүй байжээ. Нөгөөтэйгүүр, эргээд мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг бүртгэлийн ажил болон шүүх ажиллагаа нь удаашралтай явагддаг асуудлууд энэ салбарт байна. Тиймээс эрх бүхий байгууллагууд хуулийн хүрээнд ажиллахаас гадна эргэлзээтэй асуудлын үнэн зөвийг олж тогтоож цэг тавих ёстой.
Дархан цаазат газарт гарсан ой хээрийн түймэртэй холбогдуулан мэдээлэл авсан. Тодруулбал, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл олгодог бөгөөд эрх зүйн орчны хүрээнд Хил хамгаалах тухай хуулиар ямар нэгэн үйл ажиллагаа хийхийн тул зөвшөөрлийг холбогдох төв газраас авч ирсэн. Харин ахуйн зориулалт, аялал зугаалга болон боомтоор нэвтэрч хил гарч байгаа үед тухайн хилийн заставаас зөвшөөрөл олгох эрх нь байдаг. Сая гарсан түймэртэй холбоотой асуудлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, эрх бүхий газруудаас хяналт шалгалтыг оруулж байна. Мөн гэм буруутай этгээдийг тогтоож хохирлын хэмжээг нөхөн барагдуулах болон хариуцлага тооцох асуудал хуулийн хүрээнд хийгдэнэ. Тодруулж хэлбэл, Дорнод аймгийн дархан цаазат гарсан ой хээрийн түймэртэй холбоотой хуулийн байгууллагын хяналт шалгалт эцэслэгдээгүй байгаа” гэлээ.