Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа. Тэрээр “Монгол Улсын хэмжээнд баригдаж дуусаагүй 2173 орон сууц байна. Эдгээр барилгууд гэрээ давхардуулан олгох байдал үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагад орон сууцны залилантай холбоотой 173 хэрэг бүртгэлтэй байна. 2208 иргэний эрх ашиг хөндөгдсөн 173 тэрбумын хэрэг байна. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс орон сууцны залиланг зогсоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Төр иргэнээ эрсдэлээс хамгаалах ёстой. Энэ үүднээс баригдаж дуусаагүй байгаа орон сууцны мэдээллийн санг бий болгож, иргэд хянах боломжийг бүрдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэсэн. 11 дүгээр сарын 15-н гэхэд мэдээллийн цахим санг бий болгоно. Одоог хүртэл баригдаж дуусаагүй барилга болон цаашид баригдах барилгууд дээр тухайн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгохоос эхлээд барилгын зөвшөөрөл, газартай холбоотой мэдээлэл, барилгын техникийн нөхцөлтэй холбоотой төрд байгаа бүх мэдээллийг ил тод болгоно. Эдгээр мэдээллүүд дутмаг байгаагаас үүдээд иргэд тухайн орон сууцны залиланг хянах, нягтлах боломж бүрдэхгүй байна. Тиймээс нэг тоот дээр 2-3, 5-6 иргэн дээр гэрээ давхардан байгуулах асуудал үүсээд байна. Хоёрдугаарт, хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлэн болгосон. Ирэх 7 хоногт УИХ-д өргөн барина” гэлээ.