Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ удаад Баянзүрх дүүрэгт хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр болон есөн дүүргийн Засаг дарга нарт, түлш боловсруулах цэгүүдийг нэмэх, авто замын түгжрэлийг бууруулах явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй “Нүхэн гарц” “Дүүжин замын тээвэр” төслийг хугацаанд ашиглалтад оруулахыг холбогдох удирдлагуудад чиглэл болголоо.
Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн бэлэн байдал, төрөлжсөн эмнэлгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээгээ иргэдэд илүү ойр, чанартай хүргэх ажлыг эрчимжүүлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарт үүрэг болгов.
Нийслэлийн 2026 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2027 оны төсвийн төлөвлөлтөд анхаарах асуудлууд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажлын зохион байгуулалтын талаар хэлэлцлээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа ажлын үр дүн болон тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж ажиллахыг нийслэлийн холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.