Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар тэрээр “Монгол Улсад ямааны годрон өвчин хамгийн сүүлд 1950-иад онд гарч байсан. 1950-иад оноос хойш гарахгүй байж байгаад 2024 онд хил орчмын бүсүүдэд гарсан. Тухайн үед 15 мянган ямааг устгалд оруулан, орон нутгаас малчдад нөхөн төлбөр олгож байсан. Годронгийн энэ удаагийн өвчний тархалтыг судлахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, “Саятан сүрэг” дэлгүүрээс худалдан авсан ухнаас годрон өвчин тархсан байж болзошгүй байна. БНХАУ-ын “Арвас” үүлдрийн ухнаас тархсан байж болзошгүй. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд уг ухны үүлдэр, угсааг тодруулахаар өгсөн. Өнгөрсөн баасан гарагт хариу ирсэн. Ингэхэд “Арвас” үйлдвэрийн ухна болох нь 100 хувь батлагдсан. Монгол Улсад гаднаас эцэг мал импортолж оруулж ирэх жагсаалтад “Арвас” гэдэг үүлдрийн ухна байхгүй. Хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал маш өндөр байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу ухныг бүртгэх, мал эмнэлгийн хяналтад оруулах процесс огт хийгдээгүй. “Саятан сүрэг” нь ч бүртгэлгүй. Худалдаж авсан хүмүүс дээр ч энэ бүртгэл хийгдээгүй. Монгол Улсын бүх хууль тогтоомжийг уландаа гишгээд энэ нөхцөл байдал үйлдэгдсэн байна гэж үзэж байна. “Саятан сүрэг” дэлгүүр хэдэн ухныг хааш нь зарснаа ч хэлж өгөхгүй байна. Тэр битгий хэл годронгийн вакцин санал болгож байна гэсэн ч мэдээлэл байгаа. Гэхдээ энэ мэдээлэл баталгаажаагүй. Тиймээс бид энэ асуудлаар өнгөрсөн пүрэв гарагт Тагнуулын ерөнхий газар руу хандсан. Баасан гарагт цагдаагийн байгууллага руу хандсан. Эрх бүхий байгууллагаар үүнийг шалгуулна” гэв.