нийгэм

Цагдаагийн алба хаагч иргэнтэй муудалцаж, ангийн зориулалттай буугаар хий бууджээ

Таны сэтгэгдэл

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Цагдаагийн хэсэгт энэ сарын 19-20-нд шилжих шөнө иргэд хоорондоо маргалдаж, буун дуу гарсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тухайн газарт очиж, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдоржоос тодруулахад, “Шалгалтын явцад гал нээсэн гэх иргэн нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч болохыг тогтоосон” гэв.

Тэрбээр ажлын бус цагаар, амралтын өдөр Сэлэнгэ аймагт зорчиж явахдаа иргэнтэй маргалдсан бөгөөд тухайн үед ангийн зориулалттай буугаар хий буудсан нь тогтоогджээ. Мөн ашигласан галт зэвсэг нь цагдаагийн байгууллагын албаны галт зэвсэг биш бөгөөд хамт зорчиж явсан “А” гэх иргэний ангийн зориулалттай буу байсан байна.

Одоогоор уг үйл явдалтай холбоотойгоор ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас дотоод хяналт шалгалт явуулж байгаа аж. Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдэл тогтоогдвол Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасны дагуу гаргасан зөрчлийн шинж чанарт тохирсон сахилгын арга хэмжээ авах юм байна.

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгалтыг бүх талаас нь бүрэн хийж, зөрчил гаргасан нь тогтоогдвол хариуцлага тооцно гэдгийг онцоллоо. Мөн цагдаагийн алба хаагчийн гаргасан аливаа буруу үйлдлийг удирдлагын зүгээс өмгөөлж, хамгаалахгүй гэдгийг мэдээлэв.

44
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

620 нийтлэл

Сэтгэгдэл бичих