улс төр

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлэв

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв.

Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо.

Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч энэ цаг үед манай гараг дээр 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаагийн 30 гаруй нь олон улсын шинжтэй болсон нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, геополитик, геостратегийн өрсөлдөөн улам хурцдаж байгааг илтгэж байна.

Улмаар дэлхийн эдийн засгийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож, эрчим хүч, түлш шатахуун, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улс орнуудын эдийн засаг хүндрэл, бэрхшээлтэй тулгарлаа.

Энэ нь олон улсын харилцаанд Дэлхийн II дайнаас хойш тогтсон дэг журмыг сулруулж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөн, олон талт харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж байна.

Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг.

Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм.

Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.

Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Мөн Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирсэнийг тэмдэглэн хэлэв.

39
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

620 нийтлэл

Сэтгэгдэл бичих