Эдийн засаг

“Шатахууны хомсдолтой холбоотойгоор Монголын эдийн засагт ирэх шоконд бид бэлэн байна уу”

Таны сэтгэгдэл

Монголын Банкны Холбооноос банкны салбарын хагас жилийн тойм болон “Төсөв – Гадаад орчны шок” сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Банкны тойм тайлангаа танилцуулах хэвлэлийн бага хурлаа “Шоконд бэлэн үү” гэж нэрлэсэн. Шатахууны хомсдолтой холбоотойгоор Монголын эдийн засагт ирэх шоконд бид бэлэн байна уу. Энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулъя. Банкны салбар бол харьцангуй тогтвортой, нийт актив өмнөх онтой  харьцуулахад 26 хувиар нэмэгдсэн, зээл дийлэнхдээ бизнесийн салбарт олгогдсон. Тэгэхээр банкны салбар нь эдийн засгийн өсөлт 7,7 хувь гарахад үүргээ гүйцэтгэсэн байна. Харин хэрэглээний зээлийн өсөлт харьцангуй хязгаарлагдсан. Түүнийг дагаад өр, орлогын харьцаа улам чангарч, дахин санхүүжүүлэх боломж нь иргэдэд хязгаарлагдсан. Иргэд зээлийн эргэн төлөх чадвар муудаж, чанаргүй зээл хэрэглээний зээлүүд дээр нэмэгдсэн байна. Цалин, тэтгэвэр, карт, автомашин зээлийн чанаргүй байдал нэмэгдэж байгаа нь өрийн дарамт нэмэгдэх хандлагатай байна.

Албан ёсны зохицуулалттай банкны салбараас шахагдаж, хамгийн эмзэг хэсгийн иргэд хамгийн өндөр хүүтэй, нөхцөл муутай, албан бус зах зээл рүү шилжиж байна гэсэн үг. Энэ асуудалд төр засгаас анхаарч, зохицуулалт хийх шаардлагатай.

Улсын эдийн засаг өсөлт сайтай байна. Үүнд, уул уурхай, тээвэр, нүүрсний экспорт өндөр хэмжээгээр нэмэгдсэн. Оны эхэнд 60 гаруй сая тонн нүүрс экспортолсон бол хөдөө аж ахуйн салбар сэргэж байна. Барилгын салбар, боловсруулах салбар аажмаар нэмэгдэж, банкны салбарын зээл олголт байна. Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийг өргөн барьсан. Төсвийн төслүүдийг харахад, маш их өндөр дүнтэй, зардал нь 28 хувийн өсөлттэй байна. Одоо инфляцын түвшин 13 хувьтай байгаа бол төсвийн нөлөөг тооцохгүйгээр нийт инфляцын түвшин оны эцэст бараг 18 хувь хүрэх тооцоолол гарсан. Хэрэв төсвийн тодотгол батлагдаж, урсгал зардлууд нэмэгдвэл гал дээр тос нэмсэнтэй адил болж, нийт иргэдийн амьжиргаа доройтох эрсдэл тулгарна. Төсвийн тодотголоор тодорхой бүлэг иргэдийг дэмжиж байна. Төрийг дагасан албаныхан, тэтгэврийн насныхныг инфляцаас хамгаалж байгаа ч цаана нь хувийн салбарт байгаа 800 мянган хүний амьжиргаа улам дордох нь ээ. Төсөв дээр болгоомжтой хандаж, инфляцыг хөөрөгдөхгүй байдлаар амьжиргааг яаж дэмжих вэ гэдэг дээр анхаарах шаардлагатай. Энэ жил зээл бол 16 хувийн өсөлттэй харьцангуй тогтвортой байна. Өнгөрсөн 2025 онд зээл 30-40 хувьд хүрч байсан юм. Одоо бол банкны зээлийн өсөлтөөс халалт үүсэхээргүй  тогтвортой түвшинд хүрээд байна. Бизнесийн зээл бүх салбарт жигд олгогдож, 30 хувийн өсөлттэй байна. Тэр утгаараа бизнесийн салбарын чанаргүй зээлүүд хурдацтай буурлаа. Өнгөрсөн 2024 онд 17 хувьд хүрч байсан уул уурхай, барилгын салбарын чанаргүй зээл 8-9 хувьд хүрч буурсан бол нийт салбарын хэмжээнд чанаргүй зээл таван хувьд хүрсэн нь сайн дүн мэдээ юм. Иргэд хугацаагүй хадгаламжинд өнгөрсөн хугацаанд мөнгөө байршуулах нь нэмэгдсэн бол валютын хадгаламж буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, төгрөгт итгэх итгэл сайжирсан байна. Төгрөгийн хадгаламж 25 хувиар нэмэгдсэн. Энэ нь төгрөгийн бодит өгөөж эерэг байсан нь нөлөөлж байна. Цаашид бас инфляц энэ хэвээрээ өсвөл хадгаламжийн бодит өгөөж буурах, сөрөг болох эрсдэлтэй. Үүнийг төр засгийн зүгээс анхаарч, ам.долларын харилцах хадгаламжийг Хадламжийн даатгалаас чөлөөлөх арга хэмжээ авч, эдийн засгийг долларжих үзэгдлээс сэргийлмээр байна” гэв.

 

 

 

53
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

527 нийтлэл

Сэтгэгдэл бичих