улс төр

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг тулгамдсан зүйлд зарцуулна

Таны сэтгэгдэл

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцууллаа.

Тэрээр “Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт бол орон нутгийн төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийн тодорхой хэсгийг хүнээ бодож, хүндээ зориулах үндсэн ганц зорилготой. Үүний хамт төсвийн сахилга бат, тогтвортой байдлаа бататган бэхжүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгалаа.

Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Иймд ашиглагдаагүй энэ эх үүсвэрээ хүнээ бодсон, хүндээ хүрэх зайлшгүй хэрэгцээт зардал болгохоор хуулийн төслөө боловсрууллаа. Орон нутагтаа нэгэнт эхэлсэн болон зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлэхээр бэлтгэлээ. Иргэддээ зориулсан төрийн бүх үйлчилгээг хэвийн явуулах нөхцөлийг хангахаар давхар тооцооллоо.

2026 онд орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг нээж, үүнтэй уялдуулан төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа.

Үүнээс бусад төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг энэ удаад өөрчлөхгүй байхаар тооцсон болно.

Засгийн газар төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг огтхон ч орхигдуулаагүй болно.

Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн хүрээний мэдэгдлийн 9 үзүүлэлтэд 2024 оноос өмнө хэрэгжиж байсан “Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн хоёр үзүүлэлтийг нэмж  тусгалаа.

Үүнтэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг өөрчлөн найруулж, уул уурхайн орлогыг дагасан төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах чухал ач холбогдолтой зохицуулалт тусган оруулсан гэдгийг онцлон хэлье.

Энэхүү өөрчлөлтөөр:

1-рт, Төсвийн эх үүсвэрээ илүү үр өгөөжтэй, иргэндээ хүртээмжтэй ашиглах

2-рт, Хэрэгцээ шаардлагатай хөрөнгө оруулалтаа зогсоохгүй үргэлжлүүлэх

3-рт, Төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилгыг хангах болно” гэв.

46
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

527 нийтлэл

Сэтгэгдэл бичих