УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн. Төсвийн тодотголын талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр “Төсвийн тодотгол иргэдийн орлогыг хамгаалахын зэрэгцээ стратегийн нөөц бүрдүүлэн үнийн өсөлтийг хязгаарлах бодлого хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Өнгөрсөн онд 2026 оны төсвийг өргөн барьсны дараа боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг нэмэх шийдвэр гарсан. Засгийн газар төсөвт суугаагүй дутагдаж буй уг зардлыг үйл ажиллагааныхаа зардлыг танах байдлаар шийдвэрлэнэ. Түүнчлэн өмнө нь орхигдсон төрийн үйлчилгээний салбарын цалинг боловсрол, эрүүл мэндийн салбарын хэмжээнд хүргэнэ. Төсвийн тодотголоор 80.1 тэрбум төгрөгийг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулна. Эрүүл мэндийн салбарын цалинг 20 хувь нэмэгдүүлнэ” гэв.