улс төр

Бизнесийн итгэл сул, зардлын дарамт өсч байна

Таны сэтгэгдэл

Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлөөс бизнесийн орчны бодит нөхцөл байдал, хувийн хэвшлийн хүлээлт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор явуулсан “Бизнес пульс” судалгааны 2026 оны наймдугаар сарын тайланг танилцууллаа.

Судалгааны дүнгээр бизнесийн итгэлийн үзүүлэлт 33.0 (100 онооноос) гарсан нь өнөөгийн нөхцөл болон ирэх 3-6 сарын төлөвт бизнес эрхлэгчдийн итгэх итгэл сул байгааг харуулжээ. Бизнесүүдийн хүчин чадлын дундаж ашиглалт 60.3 хувьтай байгаа нь зах зээлийн эрэлт хангалтгүй, одоо байгаа нөөц боломж бүрэн ашиглагдахгүй байгааг харууллаа. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд шинэ хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох шийдвэрт болгоомжтой хандах эрсдэлтэй байна.

Бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж буй дарамтуудаас санхүүжилтийн дарамт 72.3 оноогоор хамгийн өндөр түвшинд үнэлэгдэв. Банкны зээлийн хүү, барьцааны шаардлага болон санхүүжилт авахад тулгардаг хүндрэл нь бизнесийн мөнгөн урсгал төдийгүй хөрөнгө оруулалт, өргөжилт, шинэ бүтээгдэхүүн болон зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлаж байна. Зардлын дарамтын үзүүлэлт 60.5 гарсан бөгөөд түүхий эд, түрээс, цалин хөлс, тээвэр, логистикийн зардлын өсөлт бизнесийн ашигт ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлсөн бөгөөд цаашид нэмэглэх хандлагатай байна. Борлуулалт, эрэлт сул байгаа үед үйл ажиллагааны зардал нэмэгдэж буй нь бизнес эрхлэгчдэд давхар дарамт учруулж буйг онцолжээ. Зохицуулалт, захиргааны дарамт 57.9 оноотой байна. Татварын хяналт шалгалт, тайлагналын шаардлага, зөвшөөрөл, лиценз, гааль, хөдөлмөр болон нийгмийн даатгалын хяналттай холбоотой үйл явцыг бизнесүүд мэдэгдэхүйц ачаалал гэж үнэлжээ. Харин төрийн байгууллагатай харилцах ачааллын үзүүлэлт 40.6 гарсан байна.

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг 5 хүртэл оноогоор үнэлэхэд:

  • татварын дарамт 4.04;
  • хэрэглэгчдийн худалдан авах чадвар, эрэлт сулрах 3.14;
  • гаалийн бэрхшээл 3.11;
  • зохицуулалтын тогтворгүй байдал 3.00;
  • гадаад зах зээлийн хүндрэл 3.00 оноогоор хамгийн түгээмэд байна.

Түүнчлэн санхүүжилтийн хүртээмж, ханшийн савалгаа, авлига болон ил тод бус байдал, ажиллах хүчний дутагдал бизнесүүдэд тодорхой дарамт үзүүлж байна.

Судалгааны үр дүн нь бизнесийн идэвхийг сэргээхэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулахаас гадна татвар, гааль, зөвшөөрөл, хяналт шалгалтын орчныг хялбаршуулах, бодлогын тогтвортой бөгөөд урьдчилан таамаглах боломжтой байдлыг хангах шаардлагатайг харууллаа. Мөн хэрэглэгчдийн худалдан авах чадвар, дотоодын эрэлтийг дэмжих нь хувийн хэвшлийн борлуулалт, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг сэргээхэд чухал ач холбогдолтой байна.

Наймдугаар сарын судалгаанд нийт 122 бизнесийн байгууллага хамрагджээ. Оролцогчдын 75 хувь нь 1-19 ажилтантай жижиг бизнес, 87 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны чиглэлээр 72 хувь нь дотоодын зах зээлд төвлөрдөг бол 25 хувь нь импорт, 3 хувь нь экспортын үйл ажиллагаа эрхэлдэг байна.

“Бизнес пульс” нь Монголын бизнесийн орчны бодит нөхцөл, хүлээлт, зардал болон санхүүжилтийн дарамт, зохицуулалтын ачаалал, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийн төлөвийг сар бүр хэмжих судалгаа юм. Судалгааны тайлантай дараах холбоосоор танилцана уу. https://business.an.mn/research

 

АРДЧИЛСАН НАМЫН
ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕС, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

37
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

497 нийтлэл

Сэтгэгдэл бичих