Монгол Улс UNCCD COP17-ын хүрээнд ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны тооцооллын дараагийн үеийн тооцооллын дэд бүтцийн хамтын ажиллагааг урагшлуулах нийт 10 санамж бичигт гарын үсэг зуржээ.
Эдгээр санамж бичигт Монгол Улс, АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапур улсын байгууллага, компаниуд болон Азийн хөгжлийн банк оролцож, ногоон дата төвийн дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны технологи, дижитал шилжилт, судалгаа, хөгжүүлэлт болон холбогдох дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагааны хүрээг бүрдүүлэв.
Нийт 10 санамж бичиг нь ойролцоогоор 863 МВт-ын дата төв болон холбогдох дэд бүтцийн хүчин чадлыг хамарсан төслийн багцыг бүрдүүлж байна. Эдгээр санамж бичиг нь эрчим хүч, технологи, дэд бүтэц, санхүүжилтийн чиглэлээр олон улсын болон дотоодын түншүүдийг нэгтгэж, төслийн боловсруулалт, техник, арилжааны үнэлгээ, санхүүжилт болон хэрэгжилтийг урагшлуулах хамтын ажиллагааны хүрээг бүрдүүлэх юм.

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БОДЛОГО, ДЭД БҮТЦЭЭР ДЭМЖИНЭ
Засгийн газрын зорилго нь бүх дата төвийг төрөөс барьж, ажиллуулах бус, харин дотоодын аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани, хөгжлийн санхүүгийн байгууллагууд Монгол Улсад дата төв, хиймэл оюуны тооцоолол, сэргээгдэх эрчим хүч болон дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Эдгээр санамж бичиг нь “Өгөгдлийн тухай хууль”-ийн төсөл болон “Sovereign by Design” стратегийн хүрээг багтаасан Монгол Улсын бодлогын чиглэлтэй уялдана. Тус хүрээ нь Эрчим хүчний бие даасан байдал, Сүлжээний бие даасан байдал, Хууль, эрх зүйн бие даасан байдал гэсэн гурван тулгуурт үндэслэж, Монгол Улсын ногоон хиймэл оюун, дата төвийн экосистемд аюулгүй, тэсвэртэй суурь архитектур бүрдүүлэх зорилготой.
24 САРЫН ДОТОР ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ БОЛОМЖ
Төлөвлөж буй төслүүд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц болон тусгай зориулалтын эрчим хүчний дэд бүтцэд түшиглэх боломжтой. Хувийн хэвшлийн хосолсон эх үүсвэрийн төслүүд шинээр хэрэгжих дата төвийн төслүүдийг 24 сарын дотор эрчим хүчээр хангах боломж бүрдүүлж, шинээр байгуулах тусгай зориулалтын эх үүсвэрийн цахилгааны өртгийг 1 кВт.цаг тутамд ойролцоогоор 3-5 цент байхаар тооцож байна. Ингэснээр эрчим хүчний эх үүсвэр болон дата төвийн бүтээн байгуулалтыг зэрэг урагшлуулах боломжтой.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Өнөөдрийн гол зорилго бол зөв түншүүдийг нэг ширээнд суулгах явдал. Эдгээр санамж бичгүүд нь Монгол Улсын ногоон дата төв, тооцооллын дэд бүтэц байгуулах боломж, мөн сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна. Одоо бидний анхаарах зүйл бол сонирхлыг бодит хэрэгжилт болгох – санхүүжилт татах чадвартай төслүүдийг хамтран хөгжүүлж, урт хугацааны хөрөнгө оруулалтын нөхцөлийг бүрдүүлэх явдал юм” гэв.
Монгол Улс COP17 арга хэмжээний хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчид, технологийн компаниуд, хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, санхүүжилт татах чадвартай бодит төсөл, урт хугацааны хөрөнгө оруулалт болгон хувиргахад анхаарна.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам