UNCCD COP17 “Хотын дарга нарын чуулга уулзалт” -ын нээлт өнөөдөр /2026.08.21/ Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын цэнхэр бүсэд боллоо. Чуулга уулзалтын нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож үг хэлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:
-Дэлхийн улс орнуудын адил Монгол орон газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудлын сорилт, бэрхшээлийг дагуулж байна. Өнөө цаг үед дэлхийн хотууд байгаль, газарзүй, уур амьсгалын өөр өөр нөхцөлд хөгжиж байгаа ч тулгарч буй сорилт нь улам бүр ижил болж байгааг харуулж байна. Байгаль, хот хоёр тусдаа оршдоггүй гэдгийг бид өдөр тутмын амьдралаасаа мэдэрч байгаа билээ. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, түүнээс үүдсэн шар шороон шуурга зэрэг сөрөг үр дагавар нь нэг улсын хилээр хязгаарлагдахгүй. Тиймээс нэг улс, нэг хот шийдэх боломжгүйг бидэнд сануулж хотуудын түншлэл, олон улсын нягт хамтын ажиллагааг шаардаж байна.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал бидэнд олон улсын сайн туршлагаас суралцахын зэрэгцээ бүс нутгийн хувьд тулгарч буй сорилт, шийдлийг бусадтай хуваалцах, хамтдаа шийдвэрлэх томоохон боломж гэж харж байна. Улаанбаатар хот нь Монгол Улсын ДНБ-ний 70 орчим хувийг бүрдүүлдэг. Эдийн засаг, санхүүгийн хамгийн том төв юм. Энэ ч утгаараа хотуудын түншлэл, ногоон эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих замаар бэлчээрийн доройтлыг бууруулахад гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-аар хотуудын нийтлэг байр суурь хамтын зорилтыг илэрхийлэх Улаанбаатарын тунхаглал тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах Улаанбаатарын санаачилгыг дэвшүүлэхээр төлөвлөж байна. Хурлаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна.
Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөв бий. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил болон байгаль орчны тогтвортой байдлын огтлолцлын гол цэг болгож буй.
“Хотын дарга нарын чуулга уулзалт” нь өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг, шинжлэх ухаан, технологийн солилцоо, хотуудын туршлага хуваалцах хэлбэрийг хослуулсан олон талт бүтэцтэйгээр зохион байгуулагдана. Чуулга уулзалтаар дэлхийн хотуудын удирдлага, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүд, санхүүгийн институц, хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэсэн нээлттэй, интерактив хэлэлцүүлгүүд өрнөнө.
Энэхүү чуулга уулзалт нь хотуудын түвшинд хэрэгжиж буй бодлого, сайн туршлага, технологи, инновац, байгальд суурилсан шийдлүүдийг олон улсын түвшинд нэгтгэн түгээх, нутгийн захиргааны байгууллагуудын дуу хоолой, оролцоог UNCCD-ийн үйл явцтай илүү нягт холбох, цаашид хотуудын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх институцын болон санхүүгийн суурийг бий болгох ач холбогдолтой юм.