-Байгалийн харилцан шүтэлцлийг хүмүүс бид хүндэтгэн хүлээн зөвшөөрч, түүнд нийцэж чадвал байгаль өөрийгөө анагаан эдгээх увидастай билээ-
Дэлхий хэмээх цэнхэр гараг дээр оршин суугаа хүн төрөлхтөний ирээдүйг технологийн хөгжилгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Гэвч ухрах замгүйгээр урагшилж буй энэхүү дэвшил байгалийн хүчин зүйлийн өмнө хааяа бууж өгдгийг бид анзаардаггүй. Технологийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй Япон, Солонгос, Хятад зэрэг гүрнүүд хавартаа дэгддэг шар шороон шуурганы үеэр бичил нарийн электрон төхөөрөмжүүд рүү шургалж амждаг нарийн ширхэгт тоосонцрын аюулыг хэрхэхээ мэдэхгүй байгаа гэдэгт хэн маань итгэх вэ?!
Тогтвортой хөгжлийн бодлого гэдэг нь алс хэтдээ улам ч томорч мэдэх аливаа асуудал, аюулыг урьдчилан тооцоолж, үр урхгаас нь зайлсхийх арга замыг угтуулан хэрэгжүүлэхийг хэлдэг. Энэ ч утгаар БНХАУ технологийн хөгжлийн өмнө хөндөлсөх байгалийн хүчин зүйл болох шар шороон шуурганы хөнөөлөөс зайлсхийхийн тулд говь, хээрийн бүс зонхилох хойд нутгуудаа ойжуулах ажлыг эхлүүлсэн юм. Энэ бол газар зүйн байршлын хувьд Монголын говь, хээртэй хил залгаа бүс нутаг бөгөөд байгалийн экосистемд хил хязгаарын ялгаа үгүй билээ. Улс орнууд урт хугацааны бодлогын үр дүнд сул шороон хөрсийг тарималжуулах, ойжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн ч өнөөх шар шороон шуурганы чимээгүй хөнөөл төдийлөн буураагүйг үүнд өртөгч улс орнууд онцлон тэмдэглэх болов. Тэгвэл шар шороон шуурга Монголын говиос дэгдэж байна уу?!
Төв Азийн өндөрлөг, хуурай, эх газрын уур амьсгалтай Монгол орны говь, хээрийн бүсээс дэгдэх шар шороон шуурганд хил гааль нэвтрэх, хэдэн улс орон дамнах зөвшөөрөл гэх зүйлс огт хамаагүй. Энэ бол байгаль дэлхийтэйгээ ойлголцох хэлийг биднээс шаардаж буй үзэгдэл юм. Эх дэлхий, байгаль ертөнц бол бидний бүтээгч. Бид хөгжил дэвшлийн оргил руу хэчнээн гайхамшигтайгаар дүүлэн нисэвч түүний өмнө л бууж өгөх болно. Гагцхүү түүнтэй ойлголцон түүний жам ёсонд нийцэх ёстой. Үүнийг ногоон хөгжил хэмээн тодорхойлж буй.

Монголын их говь, хээрээс дэгдэж буй шар шороон шуурга тэнгэр баганадсан барилгуудын өндөртэй зэрэгцэн агаарт хуйларч, хэчнээн нарийн технологийн хөшиг хаалт босговч компьютер, электрон эд ангийн гүн рүү үл үзэгдэх байдлаар нэвтэрч дөнгөдгийг үнэхээр гайхширам. Үүнээс сэргийлэх арга бий гэж үү?
Анзаарвал шар шороон шуурга зөвхөн хаварт л дайлаар морддог. Агаарын чийгшил өндөр улиралд огт үзэгддэггүй. Нэг үгээр бол чийг маш чухал нөлөөтэй байх нь. Магадгүй шийдвэрлэх нөлөөтэй. Энэ чухам юу гэсэн үг гээч? Тийм ээ, шар шороон шуургыг хазаарлая гэвэл сүүлийн хэдэн арван жилд эрчимжсэн цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, үүний тулд мод тарих ёс суртахууны үүрэг монголчууд бидэнд ногдсоныг сануулах мэт. Яг ийм цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын ногоон чулуун индрээс тэрбум мод тарих амлалтыг өгснөөр “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” өрнөсөн билээ.

Мод сул шороон хөрсийг барьж, агаарт хүчилтөрөгч өгөхөөс гадна түүний ногоон навч, шилмүүс агаарт чийг түгээж, чийгний нөлөөгөөр өөртөө агаар дахь тоосонцор, бохирдлыг шингээдэг. Нэг мод нас бие гүйцэж энэхүү зохицуулагчийн үүргээ гүйцэтгэх хүртэл 20-30 жил шаарддагддаг тул ердөө хоёроос гурван жилд бүрэн төлждөг хөрсний таримал ургамлаар үүнийг шийдэж болох арга замыг өмнөд хөршийнхөн маань бас туршиж амжсан. Гэвч модыг юугаар ч орлуулшгүй гэдгийг л нотолсон гэх.
Өөр бусад арга замыг эрэлхийлсэн ч эцэстээ хамгийн төгс хариулт бол мод тарьж ургуулах…
Гэхдээ мод тарьж ургуулахаас гадна Монголын говьд өөр нэг шийдэл бий.
Нуур бий бол мод буй
Монголын их говьд мяралзан цэлэлцэх, ёроолын чулууд нь өнгө өнгөөр гялталзах цэнгэг уст цэлгэр нуурууд байдаггүй боловч элсэн говь цөлдөө далай мэт ачлалтай хэдэн арван нуур байснаас өдгөө 26 нь хэдийнээ ширгэжээ. Хамгийн гайхалтай нь тэдгээр ширгэсэн 26 нуурыг багтааж буй 250 км радиус бүхий газар нутаг шар шороон шуурганы голомт болж байгааг Монголын мэргэжилтнүүд тооцоолжээ. Тэдгээр нууруудыг эргэн сэргээхэд шар шороон шуурганы хөнөөлийг 20-30 хувиар бууруулах боломжтойг ч тооцоолсон юм. Харин нууруудыг сэргээх боломж бий юу гэдэгт ч хариулт бэлдээд буй.
Тэгвэл яаж?
Өвлийн улиралд тэдгээр нуурууд руу аль болох их хэмжээний усыг өгнө гэсэн үг. Хавар газар гэсэх үеэр хайлж гэсээд халиа тошин үүсгэж, хөлийн аясаар наль шаль хийх хэмжээнд усыг говь руу татах боломж байгаа. Үүний нэг шийдэл нь Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслөөс гадна Туул голын усыг ашиглах юм. Энэ нь ямар нэг инженер техникийн шийдэл, барилга байгууламж босгох тухай биш юм. Байгалийн өөрийнх нь хуулийг үүнд ашиглах бололцоо бий.
Улаанбаатар хотынхныг ундаалдаг Туул голын усыг урагш говь рүү чиглүүлэх байгалийн инженерчлэл бараг бэлэн гэж хэлж болно. Нийслэлчүүдийн хоногийн усны хэрэглээ 350 мянган шоо метр орчим. Үүнийгээ Туул гол руу нийлүүлдэг. Түүний урсцын хурд секундэд 20 шоо метр. Улаанбаатар хот дундуур зүүнээс баруун тийш урсдаг Туул гол явсаар Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дайрч өнгөрмөгцөө Лүн сумын нутагт огцом урагшаа тохойроод хойш чиглэн урсдаг онцлогтой. Лүн сумын нутаг тохойрдог хэсэг байнга үерлэдэг. Яг энэхүү байгалийн онцлогийг ашиглан үерийг дагуулан урагш говийн бүс рүү урсгалыг татах боломж бий гэж мэргэжилтнүүд хэдийнэ тооцоолсон юм.
Говийн нууруудын гүн ердөө 20-50 см-ийн гүнтэй учир мөнөөх ширгэсэн нууруудыг услах нь тийм ч хэцүү зүйл биш аж. Нуур орчмын хөрсний онцлог нь ногоон ургамал ургахгүй ч сэргэсэн тохиолдолд мод ургуулахад бүрэн боломжтой.

Шар шороон шуурганы голомт болж буй говийн нууруудыг сэргээснээр дэгдэлт буурахын зэрэгцээ мод тарих нөхцөл бүрдэнэ. Нуур бий бол мод буй. Нэг үгээр бол ширгэсэн нууруудаа сэргээж, нууруудыг дагуулан мод тарих нь бидний зорьж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үр дүнг улам бүр тодотгох үнэ цэн, бас сорилт. Мөн технологийн эрин үеийг сүрдүүлж буй шар шороон шуурга болон цөлжилт, хөрсний доройтлыг бууруулахад хүн төрөлхтний өмнө хүлээж буй үүрэг.
Говийн хөрсийг чийгээр тэтгэх өөр нэг арга харагдаж буй нь хөрс рүү цооног, худаг гаргаж гадаргын усыг нэвчээх. Гайхмаар сонсогдож байгаа биз? Газрын гүний усыг цооног, худгаар дээш татаж гаргадаг бол энэ нь эсрэгээрээ хөрс рүү ус өгөх арга. Говийн хөрсний нэг онцлог нь өнгөн давхаргынхаа дор ус үл нэвчүүлэх давхаргатай байдаг явдал. Чухамдаа ус үл нэвчүүлэх давхаргыг нэвтлэн хөрс рүү ус өгөх цооног, худгуудыг тодорхой цэгүүдэд байгуулвал тэнд мод ургуулах бололцоотой. Нэг модыг тарьж ургуулахад 70 литр ус хэрэгтэй ч түүнийг байгалийн аргаар илүү хялбараар шийдэж болно гэсэн үг. Усгүйгээр, наргүйгээр модыг төсөөлөх аргагүй, модгүйгээр усыг төсөөлөх ч боломжгүй. Гэхдээ байгалийн харилцан шүтэлцлийг хүмүүс бид хүндэтгэн хүлээн зөвшөөрч, түүнд нийцэж чадвал байгаль өөрийгөө анагаан эдгээх увидастай билээ.
Эх сурвалж: “Тэрбум мод” сэтгүүл №3