Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 15-ны өдөр Ардчилсан намын дэргэдэх “Ардчилсан залуучуудын холбоо”-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Уг сонгуульд 21 аймаг, 9 дүүргийн 368 төлөөлөгч оролцжээ. 

Тус сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, Ардчилсан намын ажлын албаны дарга байсан Э.Галбадрал 57 хувийн саналаар ялалт байгууллаа.

Түүнтэй УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ардчилсан намын партизануудын нэг МОАХ-ын Дарвсүхбаатарын хүү Билгүүдэй нар өрсөлдлөө. С.Цэнгүүний хувьд эхний санал хураалтад 38 хувийн санал авсан бол хоёр дахь шатны санал хураалтаас 42 хувийн санал авсан юм. Ийнхүү Э.Галбадрал нийт төлөөлөгчдийн 57 хувийн саналаар Ардчилсан залуучуудын холбооны найм дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Ардчилсан залуучуудын холбоо нь Ардчилсан намын дүрмээр намын дэргэдэх байгууллага бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн залуусын асуудлыг эрхэлдэг холбоо юм.

Найм дахь ерөнхийлөгч Э.Галбадрал энэ жил 37 настай. Тус намын дүрмийн дагуу 40-оос доош насны залуучууд холбоонд хамаарах тул ажиллах 2-3 жилийн хугацаандаа хийж, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулсан нь цорын ганц мөрийн хөтөлбөртэй нэр дэвшигч байлаа хэмээн хурлын олон төлөөлөгч нар сошиалд хуваалцжээ.

Ардчилсан залуучууд холбооны 10-р чуулганы үеэр Э.Галбадрал  “Дүнжингаравын гэх газ дэлбэрэлтийн осолд би дүүтэйгээ хамт зүүнээс баруун урсгалд явж байгаад дэлбэрэлтэд өртсөн. Өнгөрсөн хоногуудад энэ ослын хохирогч нь байтал хохироогч болж удаа дараа гүтгүүлсэн нь өнгөрсөн жилүүдийн эмчилгээний хажуугаар хамгийн их эмзэглэм гүтгэлэг байсан” хэмээн нэгэн асуудалд онцлон хариулав.

Түүний хувьд 2006 онд Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн, УТЗ-ийн гишүүн, Ардчилсан намын ажлын албаны дарга зэрэг сонгуульд ажлыг анхан шатнаас эхлэн хийж өдгөө ийнхүү АЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо.