Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-г зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд COP17 Үндэсний хорооны Ажлын албаны Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооноос мэдээлэл хийлээ.
Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хороо нь COP17-ын үеэр Соёл урлагийн хөтөлбөр, арга хэмжээнүүд, олон улсын төлөөлөгчид, зочид, оролцогчдын байр, зочид буудлын зохион байгуулалтыг бүрэн хариуцан ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд байр сууцыг урьдчилан захиалах, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулах, зочид буудлын мэдээллийг хурлын албан ёсны цахим системд нэгтгэн байршуулж, цахим захиалгын ажлыг зохион байгуулж байна.
Соёлын хөтөлбөрийн хүрээнд Цэнхэр бүс, Ногоон бүсэд Монголын өв соёл, урлагийг сурталчлах тоглолт, үзэсгэлэн, соёлын олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнд Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Монголын уран зургийн галерей, музей, соёлын өвийн байгууллагуудын хамтарсан тоглолт, үзэсгэлэнгээс гадна “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон төрийн өндөр, дээд түвшний зочдод зориулсан соёлын арга хэмжээнүүд багтаж байна. Тухайлбал хүрэлцэн ирсэн гаднын зочид төлөөлөгчдийг зам тээврийн хороотой хамтран “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцуулахаар төлөвлөсөн байна.
Эдгээр хөтөлбөр нь COP17-ын сэдэвчилсэн өдрүүд, соёлын арга хэмжээтэй уялдан хэрэгжинэ.
ССАЖЗ-ын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг “COP17 хурлын нийт 12 өдрийн хугацаа олон улсын хурал, зөвлөгөөнөөр хязгаарлагдахгүй, соёлын биет бус өвийг сурталчлан таниулах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн COP16 болон COP17 хурлыг холбосон “Тэмээн жингийн цуваа” арга хэмжээг зохион байгуулна. Уг арга хэмжээнд гадаадын 13 орчим төлөөлөгч оролцохоор Монгол Улсад ирэх бөгөөд наймдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хөдөө орон нутгаар аялж, дүрс бичлэгийн контент бэлтгэхээс гадна олон улсын малчдын оролцоотой уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна. Харин наймдугаар сарын 17-нд тэмээн жингийн цуваа COP17 хурлын цэнхэр бүсийн нээлтийн арга хэмжээтэй нэгдэн үргэлжилнэ” гэв.
COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлын зохион байгуулалтын ажлыг мөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын А болон Б зэрэглэлийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг нийт 85 зочид буудлаас 40 орчим буюу бараг талтай нь хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Ингэснээр олон улсын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлийг хангаж, одоогийн байдлаар 1000 орчим өрөөг бэлэн байдалд оруулжээ.