Эдийн засаг

Шатахууны хомсдлыг зохицуулахын тулд улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Таны сэтгэгдэл

Шатахуунтай холбоотой асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас хэвлэлийн хурал зохион байгуулж байна. Хэвлэлийн хурлын үеэр яригдсан онцлох асуудал нь шатахууны очерыг зохицуулахын тулд энэ сарын 15-ныг дуустал хязгаарлалт тогтоохоор болсон гэж хэлсэн сайдынх нь мэдэгдэл байлаа. Тодруулбал “Наймдугаар сарын 4-нөөс эхлэн Улаанбаатар хотод календарийн тэгш, сондгой өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно. Нэг удаагийн цэнэглэлтийг 50 000 төгрөгөөр хязгаарлана. Саванд өгөхгүй. Энэ бол нөөцөө зөв хуваарилах, орон нутгийн иргэддээ боломж олгох, нийт иргэнийхээ цагийг үрэхгүй байх, тэгш боломж олгох зохицуулалт” гэлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Бухимдуулж, оочерлуулж байгаадаа ард иргэдээсээ хүлцэл өчье. Ийм байдал үүссэн учир шалтгааныг тайлбарлая.

Монгол Улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95-97 хувийг ОХУ-аас авч ашигладаг. ОХУ нь сүүлийн хэдэн жил Украин улстай цэрэг дайны ажиллагаатай байгаа ч найрсаг хөршийн хамтын ажиллагааны үр дүнд сүүлийн нэг жил шатахууны боломжоороо нийлүүлж байсан. Гэвч энэ оны эхэнд Ормузын хоолойн асуудлаар дэлхийн нефтийн тээвэр, бэлэн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл учирсан. Газрын тосны салбарт түүхэнд байгаагүй хямрал үүсэж, бүх улс энэ хямралыг туулж байна.

Он гарснаас хойш Украин улс ОХУ руу 190 удаагийн дроны довтолгоо хийснээр газрын тос боловсруулах 16 үйлдвэр нь ажиллагаагүй болж, хүчин чадал нь 45 хувь хүртэл унасан. Манай гол нийлүүлэгч орон шүү дээ. Мөн 2026 оны 6-7 дугаар сарын байдлаар ОХУ-ын мужуудынх нь 90 хувьд шатахуун хомстсон, 78 муждаа 30 литрээс илүү хэмжээгээр олгохгүй байх хязгаарлалттай. Экспортдоо хориг тавьсан. Гэхдээ үүнд манай улс орохгүй байгаа. Онгоцны түлшээ гаднаас импортолж байна.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 14 хувиар өсөж байгаа. Шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 178 аж ахуйн нэгж байгаа ч 20 гаруй нь л импортолдог. Газрын тосны бүтээгдэхүүн бол түгээмэл олдоцтой зүйл биш.

Бид зургаадугаар сарын сүүлд гэхэд 40 хоногийн нөөцтэй байлаа. Харин долоодугаар сард нийлүүлэлт 40 хувь буурсан. Ийм байдлыг тооцоолж байсан тул нэгдүгээр сараас бүрдүүлж байсан нөөцөөрөө даваад гарсан. Долоодугаар сар бол түүхэнд байгаагүй олон фестивальтай, залгуулаад бүсийн наадамтай байлаа. Хэрэглээ эрс өссөн. Долоодугаар сарын хэрэглээ хамгийн багадаа хоёр дахин өссөн, зарим аж ахуйн нэгжийн мэдээгээр гурав дахин өссөн байна.

Зах зээлд бэлэн бүтээгдэхүүний олдоц тааруу байгаа. Гэвч бид ажилласаар байна. Бүх улс оронтой харилцаж байгаа” гэв.

Тэрээр мөн “Шатахуун нийлүүлэх асуудлаар бид дэлхийн боломжит бүх орнуудтай ярилцаж байна. Казахстан улстай ярилцсан, боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Одоо БНХАУ, Сингапур улстай ярилцаж байна. Одоогийн байдлаар БНСУ-аас сард тутам 10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн АИ92, автомашин импортлох улс төрийн тохиролцоо хийгээд ирсэн. Би 2025 оны 6-р сард сайд болсон. 3-6 сарын хэрэглээний шатахууныг нөөцлөх савтай болно гэж 20 жил яригдсан ч хэрэгжээгүй юм билээ. 2025 оны 12-р сарын 30-нд төсөв нь батлагдаж, 3-р сараас нийт 300 мянган тонны багтаамжтай сав барих ажил нь эхэлсэн. 150 мянган тонны багтаамжтай савыг энэ онд багтаан ашиглалтад оруулна. Гурван сарын савны нөөцтэй болбол нэг удаагийн 40 хувийн ачааллыг ажралгүй давах боломжтой болно” гэсэн тайлбар хийсэн.

Ашигт малтмал, газрын тосны газраас танилцуулсан мэдээллээр, Сүхбаатар боомтоор 2026 оны долдугаар сарын 30-ны өдөр 51 вагон буюу 4020 тонн АИ-92 автобензин, 31-ний өдөр 41 вагон буюу 2460 тонн нийт 6,480 тонн Аи-92 автобензин орж ирсэн. Энэ нь Монгол Улсын гурван өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ бөгөөд 30-ны өдөр орж ирсэн 51 вагоныг буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд хүргэж агуулахад буулгаж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилтуудыг хийжээ.

16
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

385 нийтлэл

Сэтгэгдэл бичих