Тасралтгүй шинэчлэлээр хамтын үнэ цэнийг бүтээж, хүн бүрийн итгэлт хамтрагч байх нь “Мобинет” компанийн алсын хараа. Тиймээс компанийн зүгээс кино, контент бүтээгч уран бүтээлчдэдээ боломж, давуу тал, хамтран ажиллах таатай нөхцөл санал болгохыг эрмэлзэж, эрхэм зорилгоо болгон ажилладаг.
Бид хамтран ажиллагчид, хэрэглэгчид, түншүүдийнхээ бодол, сэтгэл, мэдрэмжийг ойлгон ажиллах зорилгынхоо хүрээнд бизнесийн нэгэн шинэ арга барилыг нэвтрүүлж байна. Тодруулбал, Мобинет компани дижитал шилжилтийг дэмжин цоо шинэ вэб сайтын төслийг хэрэгжүүлж STUDIO.VOO.MN сайтыг ашиглалтад орууллаа. Энэ нь уран бүтээлчид VOO үйлчилгээнд нийлүүлсэн кино, контентын төлбөр тооцоо, тайлангаа цахимаар үйлдэх, үзэлтийн тоог цаг тухай бүрд нь харах, хянах боломж бүхий шилэн систем юм.
Уран бүтээлчид системийн тусламжтайгаар VOO Cinema санд нийлүүлсэн кино, контентынхоо бүртгэлийг хянах, байршуулсан хугацаа, гэрээний дугаар мөн тус кино контент нь кино санд байршиж байгаа болон буусан эсэх гэх мэт мэдээллүүдийг цахимаар харах боломжтой гэдгээр онцлогтой юм.
Жишээ нь, системд Нийлүүлэгч-Тооцоо нийлүүлэх гэсэн цэс бий. Энэ цэсийг ашиглан үзэлтийн тайлан нийлэх процессыг цахимаар хийх боломж бүрдэж байна. Тодруулбал, “Мобинет” ХХК-аас тухайн сарын нийт хандалтын тоо болон хуваарилагдсан орлогын дүнг харуулсан тооцооны баримтыг дараа сарын 10-нд багтаан STUDIO VOO системээр дамжуулан илгээсэн байна.
Энэ баримт “Тооцоо нийлэх” хэсэгт харагдах бөгөөд үүнтэй танилцан сар бүрийн 15-нд багтаан “Баталгаажуулах” товч дарж, төлбөрийн баримтыг Ebarimt.mn системээр дамжуулан илгээснээр таны төлбөр хүлээн авах хүсэлт баталгаажна. Энэ байдлаар та тайлант хугацаа, тайлангийн төлөв зэргийг цаашид хянаад явах боломжтой. Ингэснээр өөрийн үнэт цаг, заваа хэмнээд зогсохгүй цаасны хэрэглээг бууруулж ой модоо хайрлахад багахан ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулах юм.
Дэлгэрэнгүй заавар видеог үзэх бол ЭНД дарна уу.
Сэтгэгдэлүүд