Ирэх аравдугаар сараас эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгуул оноохоор болжээ. Явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга хэлж байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дууссан байна. Иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх аж.
Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Энэ ажилд бид ихээхэн найдлага тавьж байгаа. Түгжрэлийн хамгийн гол шалтгаан нь жолооч нар дүрэм зөрчсөнөөс үүдэж байгаа. Өнөөдөр 300 гаруй цагдаа хянаж чадахгүй байгаа учраас иргэд биенээ хянадаг болно. Иргэд дүрэм зөрчсөн бүхний зургийг нь явуулж, тэр нь гэрийнх нь хаягаар торгуул болж очоод байвал бид Улаанбаатар хотыг бүхэлд нь хянах боломжтой болно. Ингэснээр хөдөлгөөнд соёлтой оролцож, замын хөдөлгөөний дүрэм биелэгдэж эхэлнэ” хэмээн тайлбарлав.
Одоо иргэд дүрэм зөрчсөн мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулж байгаа бол ирэх сараас эхлэн албан ёсны програм руу илгээж, дүрэм зөрчигчдөд торгуул оноох нөхцөлийг бүрдүүлэх аж.
Б.Учрал
Эх сурвалж: Shuud.mn
Сэтгэгдэлүүд