Авто ослын улмаас нэг гэр бүлийн 7 гишүүн амь насаа алдсан хэрэг 2016 онд гарсан билээ.
Уг хэргийн буруутан одоог хүртэл сул чөлөөтэй явж буй юм. Хэргийн талаарх үнэн одоог хүртэл ил болоогүй байгаа билээ. Тэгвэл хэрэг гарсан тухайн өдөр хийгдсэн бичлэгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ил болгожээ.
Хэргийн тухай дурьдвал: Осол 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр эмээлтийн замд болсон бөгөөд осолд өртсөн 7240-УБҮ дугаартай Prius-20 машинд 3 хүүхэд, 4 том хүн нийт 7 хүн зорчиж явсан юм. 8558-УНС дугаартай Ланд 100 маркийн автомашин тус машиныг нэгдүгээр эгнээнд явж байхад нь хоёрдугаар эгнээнээс шахан орж ирснээр замын хажуу руу орж онхолдохдоо 0116-УНА дугаартай Ланд 200-автомашинтай мөргөлдөж шидэгдсний улмаас машин шатаж дотор нь зорчиж байсан нэг гэр бүлийн 7 гишүүн бүгд амь насаа алджээ. Тухайн хэрэг гардаг өдөр машин мөргөсөн н.Цэцэгшагдар гэх жолооч хэргийн газраас зугтаасан учир түүнийг жилийн дараа олжээ. Гэвч нэг гэр бүлийн 7 хүний аминд хүрсэн энэ хэрэг өнөөг болтол шийдвэрлэгдэхгүй тэр бүү хэл хэргийн буруутнаар нэрлэгдээд буй н.Цэцэгшагдарт үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй болж харин нас барсан дүүд нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд буйг амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа хэлсэн юм.
Тэд “Монголын шүүх цагдаагийн байгууллага яагаад үнэн зөв ажиллаж чадахгүй, хэргийг одоо болтол хэрэгсэхгүй болгоод байгаад үнэхээр их гомдолтой байна“ гэдгээ ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдээд байгаа билээ.
Сэтгэгдэлүүд