Домог болсон Мэрилин Монрогийн өдрийн тэмдэглэлд л хадгалагдан үлдсэн шүлгүүдээс хүргэе.
Уг шүлгүүдийг уншихаас өмнө түүний талаар багахан тэмдэглэлийг хүргэе.
“Та амьдралдаа ядаж Үлиссийг эхлүүлж байсан уу ? Дуусгаж чадсан уу? Тэгвэл Мэрилин Монро гэх уг хатагтай хоёуланг нь хийж чадсан юм… Тэрээр өөрийн хувийн номын сандаа Сонгодогуудаас Достоевский ба Милтон болон орчин үеийнхээс дурьдвал Хемингуй ба Керуак зэрэг зохиолчдын романуудыг оролцуулсан нийт 400 гаруй номтой байсан. Үүнээс гадна Калифорниагийн их сургуулийн оройн ангиудад түүх болон утга зохиолын хичээлийг үздэг байв. Гэсэн ч нийгэм дэхь түүний шаргал үст, гялалзсан эмэгтэйн нүүр царай нь өөрийнх нь зан суртахууныг дарж, зүрх сэтгэлд нь бугшин даамжирсаар амийг нь авч одох гол үндэс болсон билээ“
Ингээд хатагтай Мэрилин Монрогийн дотоод сэтгэлийн тухай агуулсан шүлгүүдийг уншицгаая.
* * *
Миний өмчилж авсан бүхнээс
Цорын ганц, бүрэн бүтэн баярлан бахдмаар эд (надад л заяасан)
Надад буй чиний зүрх.
* * *
Бидний нэгээхэн хэсэг үргэлж
Бусдын нэгээхэн хэсгийг л мэдэрч –
Хэн нэгэний жинхэнэ үнэн гэсэн зүйл угтаа-
Хувийн л жинхэнэ үнэн байх болно.
Бид бусдад хүлээн зөвшөөрөгдөх төрхөө л
ил гаргадаг болохоор
Үлдсэн төрх нь
Үргэлж ганцаар байна.
Байгалиасаа бид ийм байхаар заяагдсан юм бол – энэ нь магадгүй,
Бид бүхэнд бусдын ганцаардлыг ойлгоход л тусалдаг байх.
* * *
Эндээс,
Аль ч газраас холын холд
Ердөөсөө оршиж байгаагүй мэт,
Үхчихсэн байсан ч болоосой гэж хүсэх юм, новш гэж.
Гэхдээ тэнд Брүүклиний гүүр байхад
Би яахан чадах билээ.
Яагаад гэвэл
Солиотой юм шиг машинууд хурдлан давхиж байсан ч
алхаж явахад амар тайван санагддаг болохоор
Би энэ гүүрэнд тун их дуртай. (тэндээс бүх юм сайхан харагддаг бөгөөд агаар нь ч тунгалаг) .
Би онцгойрсон бүхий л гүүрэнд дуртай –
Тэнд ямар нэгэн зүйл нуугдах шиг санагддаг юм.
Гэсэн ч үүнээс гадна үзэшгүй муухай гүүрнүүд ч
байх ёстой л доо.
Даанч би тийм үзэшгүй муухай гүүр нэг ч харж явсангүй.
* * *
Өөрийгөө танихын тулд
Өөрийнхөө мэдэрч буйг би мэдрэнэ.
Тэгээд бас өөрийнхөө сэтгэлээс, бодлоос – санаануудаас ичилгүйгээр
Бусдын доторхыг мэдрэх гэж хичээнэ.
* * *
Хэн нэгэн хэзээ ч өөр нэгнийг
Чин сэтгэлээсээ, үүрд хайрлахгүй гэдгийг
Амьдралаас мэдэх болохоор
Хүний эхнэр байхаасаа
үргэлж эмээж явах вий гэж
Би бодно.
Мэрилин Монрогийн шүлгээ бичсэн ноорог…
Эх сурвалж : Brainpickings.org
Орч : Bookquotesmongolia
Сэтгэгдэлүүд