УИX-ын дaрга Г.Занданшатарын Энэтхэг Улсад хийсэн айлчлалын талаар ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогосоос тодруулга авлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсад айлчлахдаа Далай ламтай уулзсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарлаа. Энэ талаар тодруулга өгнө үү.
– Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын дэд Ерөнхийлөгч, Парламентын дээд танхимын дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхимын дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны 12 дугаар сарын 1-5-нд Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Энэтхэг Улсад Парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжсэн чухал ач холбогдолтой айлчлал болсон юм.
Айлчлалын зорилго нь манай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, манай хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршсон.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхимын дарга Ом Бирла, Гадаад харилцааны сайд С.Жайшанкар, Гангийн сайд Рамчандра Прасал Сингх нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцсон.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, харилцаа холбоо, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлууд яригдсаны дотор Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг хоёр улсын парламент дэмжиж ажиллахаар тохиролцсон байдаг.
Энэхүү айлчлал нь манай Cтратегийн түнш Энэтхэг Улстай тогтоосон улс төр, эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэх, хоёр улсын иргэд хоорондын оюун санааны нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд тус дөхөм болсон. Парламент хоорондын харилцаа улам бэхжиж байгаа бөгөөд энэ онд ч энэ чиглэлд төлөвлөсөн ажлууд бий.
Таны асуусан зүйлийн тухайд, дээд, өндөр түвшний айлчлалын хөтөлбөрийг хоёр улсын ГХЯ дипломат шугамаар тохирч, нарийн дэг жаяг, ёслолын дагуу албан уулзалтууд хэрэгждэг. Өөр аливаа уулзалт айлчлалын хөтөлбөрт тусгагдах боломжгүй, тийм уулзалт болоогүй.
Сэтгэгдэлүүд