Чөлөөт түүх

АЖ Г.Мягмарнаран: Хүүхдүүдээ эмч болгох гэхээр л бүгд урлаг руу зүтгээд байх юм.Бүр ээжтэйгээ хуйвалдаад

0

Жүжигчин Г.Мягмарнаран урлагтай 40 гаруй жил амьдралаа холбохдоо драмын театрын алтан тайзнаа 100 гаруй жүжиг, дэлгэцнээ мөн тооны бүтээлд тоглож зуу зуугаараа тоологдох дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ.

Төв аймгийн Лүн сумын уугуул Г.Мягмарнаран багадаа үзэх дуртай киноныхоо гол дүрийн чикист шиг хүн болохыг хүсдэг байснаа өдгөө бодон инээд алдан суудаг юм. Магадгүй түүний энэ л томоогүй бодол нь жүжигчин болох нууцхан хүслийг өвөрлөхөд хүргэсэн биз ээ.

Г.Мягмарнаран гуай угаасаа ч баяжъя таргалъя, илүү дутуу хөрөнгө мөнгө хураая гэсэн бодолгүй явдгаа нуудаггүй нэгэн. Тэр ч үүднээсээ үр хүүхдүүдээ боловсрол мэдлэгтэй, толгойд нь хөрөнгө оруулалт хийхийг боддог гэнэ билээ. Гэргий Д.Дашзэвэг “Тээврийн сонин” салбарын сонинд, сүүлд нь “Хойчийг залгамжлагч” сонинд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

Урлаг халдварладаг гэсний учир нь Г.Мягмарнаран гуай урлагийн хүнд хэцүүг мэддэгийн хувьд хүүхдүүдээ урлагаар өвчлүүлэх дургүй, сэргийлж байжээ. Гэсэн хэдий ч хүүхдүүд нь багаасаа театрт жүжиг үзэж, театраар өсч хүмүүжсэн.

Саатуулахын эрхэнд заримдаа театрт өнжүүлж явсан нь театр урлагаар өвчлөх үндэс болж байсныг мэдэлгүй явж. Эр өсч эсгий сунана гэдэг. Хүүхдүүд ч өсч томрон мэргэжил сонгох болоход бүгд л урлаг театрыг сонгох хүсэлтэйгээ хэлж аавынхаа нүдийг орой дээр нь гаргаж орхиж.

Түүний ярилцлагын хэсгээс танд хүргэж байна

Хүүгийнхээ найруулсан жүжигт гол дүрээр ажиллаж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

Би театрт жүжигчнээр ажиллаад тавин жил болж байна. Тавин жил хөлс хүчээ зарцуулан байж урлагт зүтгэсний эцэст өөрийнхөө хүүхдийнхээ шинэ технологи шинэ илрхийлэмжээр бүтэж буй жүжигт гол дүр бүтээж байгаадаа тун их баяртай байна. Би энэ жүжигт гурван хүүтэйгээ цуг ажиллаж байгаа шүү. Миний хүү Батболдоос гадна миний том ач Батбилэг, дунд хүүгийн маань хүү Лхагваа бас туслах найруулагч болон Фаустын шавийн дүрд тоглож байна даа.

Та хэдэн хүүхэд, хэдэн ач зээтэй вэ тэднээс хэд нь урлагийн салбарт ажиллаж байгаа вэ?

Би гурван хүүтэй. Бүгд л өөр өөр мэргэжил эзэмшсэн ч явж явж эргээд миний явсан замаар явж байна даа. Урлагийн замыг хөөх хэцүү гэж хэлээд л байхад нэгэнт зүрх сэтгэлээ өгчихсөн хүүхдүүдийг яалтай билээ. Эхнэр маань хүртэл сэтгүүлч хүн шүү дээ. Насаараа л биднийг шүүмжилж зөвлөгч хийж байна.

Таны бага хүү Оросын театр урлагийн сургуульд суралцаад төгсөж байна. Та өөрөө ч бас сурч байсан шүү дээ. Энэ сургууль суралцуулах нь таны хүсэлт үү?

Би хүүхдүүдийнхээ хэнийг ч урлагаар хоолоо олж ид. Урлагийн хүн бол гэж байгаагүй. Уг нь бага хүү маань сэтгэл судлаач мэргэжлээр АШУҮИС-д сэтгэл судлаач мэргэжлээр төгсөөд бүр сэтгэцийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан юм шүү дээ. Гэтэл нэг л өдөр жүжигчин найруулагч болно гэсэн гүйж явсан.

Бүүр хоёр жил надаас нууцаар Т.Ганхуяг багшийн шавь болоод сурчихсан байсан. Ээжтэйгээ хуйвалдаад шүү дээ. Би үүнийг нь сонсоод даралт ихдээд хачин л юм болсон. Маш хүчтэй эсэргүүцсэн ч нэмэр болоогүй. Угаасаа хүсэл тэмүүлэл, сонирхлыг хорьж дийлддэггүй юм билээ. Тэгээд нэгэнт өөрөө зориг шулуудсан бол сурсан шиг сур. Харин эргээд би чамаас маш их зүйл нэхнэ шүү гээд л сургуульд явуулсан даа. Би чинь Батболдыг эмч болгох гэж 6 жил найруулагч болгох гэж 6 жил боллоо шүү дээ.

Урлагийн хүмүүсийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь сонин байна л даа?

Хүүхдийн хүмүүжил гэдэг зүйл эцэг эх нь л зөв чиглүүлж өгөхөд өөрсдөө л аяндаа явдаг юм байна. Би хүүхдүүддээ урлагийн боловсрол олгох гэж ерөөсөө хичээгээгүй. Ерөөсөө л хөгжмийн, дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг хүмүүсийн хүүхдүүд бүгд яг тэрүүгээр өвчилдөг юм байна. Жишээлбэл манай нэг ач Сүмхүү гэдэг алдартай найруулагчийн зээ хүү нь. Тэр хүү бол тэр чигээрээ кино жүжгээр өвчилсөн. Бид ерөөсөө тэг ингэ ийм, тийм бол гэж зөвлөж байгаагүй. Аавтайгаа, өвөөтэйгөө ойр байсан болохоор аяндаа л урлаг руу сэтгэл шулууддаг юм байна. Бүүр хар багаасаа л сэтгэл зүрх нь урлаг руу тэмүүлдэг юм байна.

Танай хүүхдүүд ихэнх нь урлагийн салбарт ажиллаж таны мэргэжлийг өвлөж байна. Аав хүний хувьд сэтгэл хангалуун байна уу?

Хангалуун байлгүй яах вэ. Хүүхдүүд минь миний явсан замаар явж, миний алдааг засаж залруулах, миний онож явсан зүйлийг улам сайжруулах ийм сайхан зүйл тохиож байна. Хүүхдүүд маань урлагийн салбарт сайн явна гэдэг би театрт мөрөө сайн үлдээж байна гэсэн үг шүү дээ. Миний Лхагваа гээд ач хүү Москвагийн театрт гурван жил ажилласан юм шүү. Энэ Лхагваагийн дүү нь МУИС-ийг сэтгүүлчийн ангийг төгссөн. Бас кино руу орж эхэлж байна. Киноны зохиол бичиж байна. Энэ зунаас киногоо эхлэх гэж байгаа юм гэсэн. Ингээд л бараг бүгд шахуу л урлаг руу зүтгээд байх юм. Би бол одоо хорьж дийлэхгүй хэцүү л байна. Том хүүгийн маань тэр Орхон, Тэмүүлэн гээд хүүхдүүд чинь жүжигчин биш шүү дээ. Шүдний эмч болох гэж байгаа хүүхдүүд. Тэгээд л бас жүжиглээд л байна.

Хүүхдүүд тань багадаа ямар хүүхдүүд байсан бэ. Тэр дундаас Фауст жүжгийн найруулагч Батболдын тухай яриач?

Хүүхдүүд маань бүгд хичээл номдоо их сайн, бидэнд огт дараа болдоггүй байсан. Бага хүү маань аавыгаа дагаад л театр кино гээд л явна. Байнга л дэлхийн сонгодог зохиолууд уншдаг. Нэг уншсан зохиолоо дахин дахин уншина. Их л хичээнгүй хүүхэд байсан даа.

Та жүжигчний хувьд үнэхээр сайн жүжигчин. Харин аавын хувьд ямар бол. Аавын үүргийг сайн гүйцэтгэж чадаж байгаа болов уу?

Аав хүний хувьд хүүхдүүддээ цаг зав бага зарцуулж байсан байж магадгүй юм шүү. Гэхдээ ах нь чөлөө зав олдвол л хүүхдүүдтэйгээ хамт байхыг хичээдэг юм. Жүжигт кинонд маш олон удаа сайн аав болж байсан. Энэ бүхэн амьдралтай минь их ойр байсан юм шүү дээ. Ер нь тэгээд Мягмарнаран ах нь одоо далан нас гарч явна. Өдий насандаа өөрийнхөө хүүгийн найруулсан жүжигт тоглож хоёр сайхан ачтайгаа театрын тайзан дээр хамтдаа тоглох гэж байна. Ах нь одоо юу гэхэв дээ. Үнэхээр их бахархаж байна даа. Урлагт би хойч үеэ үлдээлээ гэж бахархахаас өөр арга байхгүй.

Эцэг эхчүүд ер нь хүүхдүүдээ хэрхэн дэмжих ёстой байдаг юм бэ. Та хүүхдүүдээ яаж дэмждэг вэ?

Эцэг эхийн гол үүрэг бол хүүхдүүддээ зөв сайхан өсгөж, хүмүүжүүлэх, амьдрах арга барилыг зааж өгөх. Амьдрах арга барилыг нь зааж өгнө гэдэг хүүхдүүддээ бэлэн будаа идүүлээд бүгдийг нь өөрөө хийж өгөхийг хэлэхгүй. Мэдээж эцэг эх хүүхдээ дэмжиж, туслах хэрэгтэй. Хийх зүйлийн арга замыг нь зөв залж өгөх нь бидний хамгийн чухал үүрэг. Би бага хүүгээ их дээд сургуульд суралцуулахад бүтэн 12 жилийг зарцуулсан. Ялангуяа театр урлагийн сургуульд суралцаад ирсэн болохоор нь хүүгээсээ маш их зүйл хүлээж байгаа. Хүүгээ дэмжих үүднээс Фауст жүжгийн продюсер хийж тусалж байна. Ялангуяа миний замналаар явж театр сэтгэл зүрхээ зориулж буй хүүгийнхээ хийсэн бүтээсний үр дүнг одоо үзэх гээд муу ах нь чухам их догдолж байна даа.

MISS WHEELCHAIR WORLD ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ БҮСГҮЙ ОРОЛЦОНО

Өмнөх нийтлэл

Нэг орой иртэл анхны хайр гэх бүсгүйгээ дагуулаад ирчихсэн зочны өрөөнд аав ээжтэйгээ намайг тоосон шинжгүй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Чөлөөт түүх