Фантастик продакшны шинэхэн уран бүтээл “37-Р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны кино есдүгээр сарын 07-ны өдөр нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Тус киноны баг өнөөдөр хэвлэлийн хурал хийж, трэйлерээ цацлаа. Тус киноны нэг анги нь бүрэн хэмжээний киноны дайтай зураг авалт, дуу, дүрслэлтэйгээр хийгдэж, уран бүтээлчдийн асар их хөдөлмөрөөс бүтжээ.
Тус продакшны залуус дэлгэцээр гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадна гэдэгтэй итгэл төгс байгаа гэдгээ энэ үеэр онцлов. Монголын олон ангит киноны түүхэн дэх хамгийн их үзэгдэлтэй буюу нийт 180 терабайт дүрсийг авсан нь тухайн киног ямар түвшинд бүтээгдсэн бэ гэдгээрээ “чансаа” нь харагдаж байгаа гэнэ.
“37-Р ТОЧКА” киноны зохиолыг бичсэн Б.Тамир: Анх Фантастик продакшныг байгуулж байхад эрчүүдийн нууцхан хүсэл байсан. Найзуудаараа ингэж явах далд рамонтик байхгүй юу даа. Бид нар 2010 онд иймэрхүү хувцаслалттай шинэ жилээ тэмдэглэж байлаа. Манай Можух өвлийн өвгөн болоод нэгэндээ үрлэн сумтай гар буу бэлэглэж байлаа. Залуусын гэгээлэг л үзэл бодол. Тухайлбал, Загалмайлсан эцгээс эхлээд гоё кино зөндөө байна. Эдгээр киноноос сэдэв авч монголчууд яагаад гоё кино хийж болохгүй гэсэн сэдэл төрсөн. Олон ангит киноны зах зээл дээр монгол залуус хийж чаддаг гэдгийг харуулахыг хүссэн. Нэг ангит кино цуврал кино бол эрс ялгаатай. Урт цаг хугацаанд хийгдэж байгаа киноны баг хамт олны зүрх сэтгэлийг дэмжээд шантраахгүйгээр ард нь гарна гэдэг маш том сургамж болж өгсөн. Би маш их туршлага хуримтлуулсан. Ер нь бол дахин нэг их сургууль төгссөн дайтай боллоо.
Нэг ангид кинонд дурлаж авсан сценээ хасах шиг хэцүү зүйл байдаггүй. Харин олон ангит кинонд сценээ оруулж чаддаг юм байна. Манайхан зүгээр жүжигчдийг харж биш, ухаж үзээсэй гэж хүсэж байгаа. Соёлтойгоор үзээрэй. Шүүмжлэх маш амархан. Цаана нь байгаа далд санаа, агуулгыг ярихгүй орхидог байдал ажиглагдсан.
Кино зураг авалтын ард хүндрэлтэй зүйл учирсан. Тухайлбал, жүжигчин Шагайгийн хөл хугарсан гээд яривал их. Олон асуудлыг киночид болгон л хэлдэг. Хамгийн жаргалтай зүйл нь 700 гаруй хүн нэг гэр бүл болж чадсан тэр л миний хувьд гоё кайф. Кино зураг дуусаад кино группээ харсан чинь бүгд ядарчихсан байсан. Эд нар яагаад ядарчихав гээд эргээд харахад их ажилласан байна лээ. Зургийн талбай дээр тэднийгээ ажилтнаар хараад байж. Тэгээд зураг авалт эхлүүлсэн бүрэлдэхүүнээрээ дуусгасан нь хамгийн сайхан. Дундаас нь ганц ч хүн шантарч, орхиж яваагүй.
“37-Р ТОЧКА” кино агуулгаар нь хуваасан хоёр бүлэгтэй бөгөөд нийт 20 ангитай. Киноны үйл явдал нь 1970, 1980-аад оныг хамарчээ. Зохиолч, найруулагчийн төсөөлөл сэтгэлгээнээс бүтсэн дүрүүд үйл явдалд хачир нэмсэн аж. Тус киног СТАР ТВ болон NTV телевизээр есдүгээр сарын 21-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болно. Мөн есдүгээр сарын 09-нд СКАЙмедиа IPTV болон дэлхийн хаанаас ч үзэх боломжтой SKYGO үйлчилгээгээр гадаадад амьдарч буй үзэгчид үзэх боломжтой. Хэвлэлийн хурлын үеэрээ кинонд хэрэглэсэн хувцасыг дэлгэн тавьсан байсан юм. Ингээд фото зургийг сонирхуулъя.
Сэтгэгдэлүүд