Энэ долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хурлын шийдвэр гарч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан.
Бүтэн зургаан өдөр хаалттай байдлаар үргэлжилсэн уг шүүх хурлын талаар Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.
40 ГАРУЙ ХҮН 50 М2 ӨРӨӨНД ЧИХДЭЛЦЭЖ ШҮҮХ ХУРАЛ БОЛСОН
-Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Олон өдөр үргэлжилсэн, өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал боллоо. Дотор уур амьсгал ямар байсан тухай яриагаа эхэлье?
-Есөн шүүгдэгчийн 13 өмгөөлөгч ажилласан. Ж.Батзандан нарын ярьж буй шиг 17 өмгөөлөгч биш. Эсрэг талд гурван хохирогч, дөрвөн өмгөөлөгчтэйгөөр, зэрэгцээ хяналтын прокурор нэрийн дор хоёр прокурортой шүүх хурал болсон. Нэг хэцүү зүйл байрны хувьд их жижиг буюу 50 м2 байсан бөгөөд 40 гаруй хүн дотор нь чихцэлдсэн байдалтай байв. Хэргийн хувьд ээдрээ төвөгтэй. Эрүүгийн хуулийн 2.6.2-т зааснаар уг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд ордог. Үүнийг нэг бүрэлдэхүүнтэй шүүгчийн удирдлага дор явуулж шийдвэрлэх ёстой. Гэтэл хэргийн ээдрээ төвөгт байдлыг харгалзан бүрэлдэхүүнтэй шүүгчтэй явуулах саналыг шүүх хурлыг даргалагч шүүгч Төв аймгийн шүүхэд тавьснаар хоёр шүүгч нэмэгдсэн. Бүрэлдэхүүнтэй явуулж буйгаараа их ээдрээ маргаантай, нотлох баримтууд ч төвөгтэй, үйл явдлын хоорондын шалтгаант холбоог тогтоох, тэдгээрт оролцож буй субъектүүдийн субъектив санаа зорилго, гэмт хэрэг үйлдэх хүсэл зорилго байсан уу гэдгийг тогтооход их төвөгтэй байдалтай явагдсан.
Хохирогч нарын зүгээс УИХ-ын гишүүдийн нэр бүхий хүмүүсийн дэмжлэгтэйгээр, гадаа иргэний хөдөлгөөнүүдийн туслалцааг авсан байдалтай, бидний хувьд яргачин тамлагч нарыг өмгөөлж буй мэт байдалтай байлаа.
-Нууцын зэрэглэлтэй хэрэг учир хаалттай байдлаар явуулсан гэх. Яг хуулийнхаа дагуу юуг нууцлаад байгаа юм бэ?
-Маш нууцын зэрэглэлтэй. Төрийн болон албаны тухай нууцын 19.1.2-т зааснаар энэ хэргийн шийдвэр үр дүн 20 жилийн турш хадгалагдах нууц. Гэтэл үүнийг хэрэг дөнгөж шалгагдаж эхлэнгүүт эрх бүхий албан тушаалтан, УИХ-ын гишүүд МҮОНТВ-ээр цацсан. Энэ бичлэг л хамгийн гол баримтууд байсан. Үүнээс болж энэ хэргийг шийдэхэд, нууцлахад их хэцүү болсон. Олон нийт мэдэж байгаа болохоор нууц биш. Гэтэл нууц гэдэг хэн бүхний мэдэхгүй зүйлийг хэлнэ. Сэтгүүлчид ч бүхнийг мэдэж буй өнцгөөс асууж, хэн хэн оролцсон, хэн хэн зодсон, хэргийн шүүгдэгчээр тэр бичлэгт байхгүй улс оролцоод л, Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүгээд буй нөхөд нь гэрч болчихсон зэргийн төвөгтэй зүйлсийг бүгд мэдэж байлаа.
ХАМГИЙН ГОЛ БАРИМТАА ХУУЛЬ ЗӨРЧИЖ ОЛОН НИЙТЭД ЦАЦСАН ТУЛ ШҮҮХ ХУРЛЫГ Ч НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ХАСУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН
-Нууцлах нь зөв гэж та бодож байна уу? Таныг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн гэж торгосон тухай та хэлж байсан?
-Хавтаст хэргийг нууцлах үүрэгтэй боловч хамгийн гол баримтыг нэгэнт олон нийт бүгд үзчихсэн. Тиймээс ч би олон нийтийн радио телевизээр нэгэнт явчихсан үйл баримтын хүрээнд сэтгүүлчдийн асуултанд хариулаад явсан. Түүнээс биш хавтаст хэргийн тэддүгээр хуудаст ингэж бичсэнээр гэж ярьж яваагүй. Энэ бүх ээдрээт нөхцөл байдал хэргийг шийдвэрлэхэд хэцүү байсныг харуулж байгаа юм.
Гэтэл шүүх хуралдаан явагдаж байх хооронд УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын их хурлын тухай хуулийн 37.1.3, 37.1.8, 37.1.10, 37.1.11-т заасан гишүүний нэр төр алдар хүндийг хувийн зорилгоор ашиглаж болохгүй, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно, бусдыг гүтгэх доромжлохыг хориглоно гэх зэрэг заалтуудыг зөрчөөд шүүхийн эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс халдаж эхэлсэн. Шүүх хуралд оролцоно гэх зэргээр. Яах гэж тэд үүнийг анхнаасаа олон нийтэд ил болгосон юм, нууцын зэрэглэлээс гаргаагүй байгааг мэдсээр байж ийм үйлдэл гаргаад байгаа юм.
Миний зүгээс энэ хэргийг нууцын зэрэглэлээс хасуулах тухай хүсэлт гаргасан. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19.1.3-т зааснаар үндэслэлгүйгээр нууцалсан, ил болгочихсон зүйлийг нууцалсан байна гэсэн. Хоёрдугаарт, нөхцөл байдлын хувьд нууцлах шаардлагагүй болчихсон, бүгд мэдчихсэн, илэрчихсэн гэж үзээд шүүхэд шилжүүлж байгаа юм бол ил тод явуулъя гэдэг хүсэлт удаа дараа гаргасан. Гэтэл Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.1.2 дахь хэсэгт зааснаар энэ бол төрийн болон албаны нууцад хамрагдана, хавтаст хэрэг доторх зүйлсийг ил болгож болохгүй учир хаалттай шүүх хурал явуулна гэсэн.
-Өөрсдөө мэдсээр байж хууль зөрчин нууцын зэрэглэлтэй нотлох баримтаа ил болгосны цаана ямар ашиг сонирхол байгаа гэж та бодож байна?
-Нууцын зэрэглэлтэй байсан хэргийн дотор баримтыг нууцаас ил гаргасан процесс нь өөрөө хууль зөрчсөн. Энэ талаар маргаашаас /2019.08.23/ ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах гэмт хэргийн хэлтэст гомдлоо гаргана. Учир нь энэ хэргийг нууц гэсэн хирнээ хамгийн гол юмаа өөрсдөө ил болгочихоод “нууцал” гээд бид нараас шаардаад байгаа юм. Яагаад гэдгийг ойлгохгүй юм. Өмгөөлөгчдийг та бүхэн харсан байх, юу ч хэлж чадахгүй бүлтэгнээд л. Гэтэл нэгэнт олон нийтэд ил болчихсон зүйлийн талаар иргэд мэдээлэл авах эрхтэй шүү дээ. Харилцан бие биеэсээ хамааралтай эрх үүргийн нэгдлийг зөрчөөд, “Юм ярьж болохгүй” гэх мэт дарамт бидэнд үзүүлж байгаа юм. Гэтэл би сэтгүүлчдийн, олон нийтийн мэдээд байгаа юманд хуулийн хүрээнд өөрийн байр суурийг илэрхийлэхээр “нууц задруулсан” гээд дарамтлаад байдаг. Нууцлагдчихсан олон түмний мэдэхгүй байгаа зүйлийг л ил гаргахыг хориглох зүйлээр хязгаарлагдахаас хүн болгоны мэдэж буй зүйлийг би ярина шүү дээ. Үүнтэй холбоотой маш их дарамтууд ирж байсан.
-Тухайлбал?
-Шүүх хурлаас 5,10 минут хоцроход л торгох жишээтэй. Учрыг нь лавлахад шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.5-аар торгож байгаа юм. Торгож болно. Гэхдээ дарамтад оруулах арга хэрэглэж байгаа шиг санагдсан. Шүүх хуралдаан дээр ёс зүйгүй үг хэлж, хэн нэгнийг мэтгэлцэж байхад нь юм хум авч шидэж, ёс зүйгүй авирлаад байсан бол шүүх хуралдааны дэг зөрчихөд орно. Гэтэл “Гурав, дөрөв хоногийн дараа хурал дуусах байхаа” гээд ирээдүйд болох зүйлийг мэргэжлийн хуульчийн хувьд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр л “таамаглаж хэлсэн” гээд торгочихно. Шүүх дотроо ийм байхад шүүхээс гарч ирэхээр “Аа, энэ Батбаяр шүүхээ базчихсан байна, шүүхтэй хуйвалдаад байна” гээд муу хэлнэ. Гэтэл бид тэр дотор ямар хүнд, хэцүү дарамтад байгааг мэдэхгүй. Тэр дотор бөөн л заналхийлэл, сүрдүүлэг байгаа шүү дээ.
С.ЗОРИГ АГСНЫ АМЬ НАСАА АЛДСАН ХЭРЭГ ХУГАЦААНЫ ХУВЬД НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРЧИХСАН, АХИН НУУЦЛАХ ТОГТООЛ ГАРААГҮЙ БАЙГАА
-Шүүх бүрэлдэхүүнийг хамгаалалтад авсан ч өмгөөлөгчдөд ямар нэгэн хамгаалалт байхгүй. Бие болон сэтгэл санаагаар хохироох үйлдлүүд шүүх хурлын туршид харагдаж байсан. Та өмгөөлөгчийн, хувь хүний хувьд ямар бэрхшээл туулж байж энэ хэрэг дээр ажиллаж байгаа вэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12.1 дэх хэсэгт “Шүүхийн өмнө бүгд эрх тэгш байна” гэж байдаг. Энэ эрх тэгш байхыг алдагдуулсан. Шүүгч нарыг л зөвхөн хамгаалалтад авчхаад бид нарыг “Та нар янз бүрийн юм ярих юм бол хохино шүү” гэнэ. Бид ядаж арын хаалгаар гарах гэхээр гаргахгүй. Урагшаа гарахаар түмэн сэтгүүлчид хүлээж байна. Өдөржин хүлээсэн сэтгүүлчидтэй нүүр тулчихсан хүн хүндлэхээс яах юм. Өдөр болгон нэг үгээ давтаад байх ч хэцүү учир төрийн нууцад үл хамаарах зүйлээр хариулт өгөхөөр “Юм ярилаа” гээд торгочихно. Ярилцлага өгөхгүй зугтахаар “Хулгайч, гэмт хүн гэлбэлзэнэ” гээд байдаг. Зогсоод ярихаар “Шоучин” гээд байдаг. Хэцүү шүү дээ.
Энэ чинь биднийг шүүх хуралдаанд эрх тэгш оролцох, ямар нэгэн дарамт шахалт үүсгэхгүй байх, нэр төр алдар хүндийг гутаан доромжлохгүй байх зарчмаа зөрчөөд байгаа юм. Шүүх өөрөө тэр хуралдааны дэгийг л сахиулах үүрэгтэй болохоос бид нарын үзэл бодол, итгэл үнэмшил, үг хэлэх эрхийг хаан боогдуулах, өөрийнхөө ойлгосон зүйлээр ярихыг тулган шаардах эрх байхгүй. Энэ зургаан хоногт бид маш хүнд дарамттай явсан.
Алуурчин байсан ч тэр хүнд “Би гэм буруугүй” гэх өөрийн дотоод итгэл үнэмшил, байр суурийг шүүхэд үнэн зөвөөр ойлгуулах хуульд заасан эрх бий. Би тэр эрхийг нь л гаргаж өгөх, нийгэмд зөвөөр ойлгуулах, тэр хүний эрхзүйн байдлыг дээрдүүлэхээр хамгаалаад ярихаар “Алуурчныг өмгөөллөө, муу яргачин” гэнэ. Гэтэл яг тэр бичлэгт олон жилийн хүний амины гэмт хэрэгтэн, хуучнаар 2002 оны Эрүүгийн хуулийн 24.1-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтнүүд хүн зодож байгаа юм шүү дээ. Үүн дээр захиалга өгсөн үү, захиалга өгөөгүй юу гэдэг дээр л маргаж байгаа юм. Тэгэхэд өөрийнхөө “Би гэмт хэрэг үйлдсэн” гэдэг үйлдлээ хэрэгсэхгүй болгуулах гээд хүн рүү хэргээд чихээд, хүн зодож буй нь Тагнуулынханд ямар хамаатай юм бэ? Тэрийг мэдээгүй байсан гээд байхад л “Та нар мэдэж байсан”, “Та нар зохион байгуулалттайгаар өрөө дамжуулж байгаад хэрэг хүлээлгэсэн” гэнэ. Гэтэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг гэж нэгэнт ил болчихсон, хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дуусчихсан хэрэгт юуг үндэслэж шийдвэрээ гаргасан гэдгийг ил болгох хэрэгтэй.
Эрүүдэн шүүсэн гэх цаг үетэй давхацсан буюу 2015 оны есдүгээр сард болсон үйл баримтыг үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан юм уу, өөр бусад нотлох баримтуудыг шүүсэн юм уу гэдгээ харах хэрэгтэй. Үүнийг харахгүйгээр зөвхөн л тэр камер дотор зодож байгаад л хүчээр мэдүүлэг аваад, тэр мэдүүлэгт нь л үндэслээд хэрэг шийдчихсэн юм уу. Үүний цаана С.Зориг агсны амь насаа алдсан, Отгонбаатар гэж гэр бүлтэйгээ шатаж амь насаа алдсан долоон хүн амь, хоёр нялх хүүхдийн амь нас хэнд ч хэрэггүй юмуу. Тэднийг Содномдаржаа, Чимгээ нар гэмт хэргээ нуун далдлахын тулд шатааж алсан гэдэг нь тогтоогдчихсон шүү дээ. Үүнийг шийдчихсэн, нэгэнт шийдчихээд байхад хүн тамлалаа гээд байдаг. Тагнуулынхан ороод зодчихсон бол өөр. Ганцхан захиалга өгч үү, үгүй юу гэдгийг л харах гээд байгаа юм шүү дээ, өөр юм байхгүй, өөр ямар ч хэргийн талаар яриагүй.
-Захиалга өгсөн гэх нотлох баримт байгаа юм уу?
-Тийм нотлох баримтаа харин гаргаад л ирэх хэрэгтэй байна шүү дээ. Бидний хамгийн гол маргаан, нийгэм, төр засаг ойлгохгүй байгаа шалтгаан бол “Захиалсан юм уу, захиалаагүй юм уу” гэх л асуулт. Энэ л юм, үүн дээр л маргаад байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн ч, сэтгүүлчид ч “Өрөө өрөө дамжуулаад л яваад байсан шүү дээ, тэд өөрсдөө өрөө өөрөө хэсээд яваад байж чадахгүй шүү дээ” гэж асууж байсан. Өмнө хэлсэнчлэн бидэнд байгаа баримт нь л тэр 26 минутын бичлэг. Түүн дээр л гэмт хэрэгтэн өөрийнхөө хийсэн хэргийг бусад руу чихээд, ичсэн нүүрэндээ хүн өшиглөөд байгаа юм уу, эсвэл Тагнуулынхны захиалгаар хүн өшиглөөд байгаа юм уу гэдэг дээр маргаж байна. Тэр зодоод байгаа үйлдэлд хэн хяналт тавих ёстой юм? Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн хяналт тавих ёстой юм уу? Эсвэл Тагнуулынхан хяналт тавих ёстой юм уу? Энэ л асуулт.
Яагаад тэр хүн зодуулчхаад гомдол гаргахгүй явж явж байснаа гэнэт л бүх юм дуусаж, ял авсныхаа дараа, УИХ-ын гишүүн “илрүүлсний” дараа л гомдол гаргаад яваад байгаа юм.
-Захиалагчтай гэж үзвэл өөр захиалагч байх боломжтой гэж та харж байна уу?
-Эрүүдэн шүүсэн гэх гэмт хэргийг олон нийтэд ил болгосон зүйл бол С.Зоригийн хэргийн захиалагч нарын л хийж буй зүйл. Учир нь С.Зоригийн хэргийн захиалагч нарыг сая наймдугаар сард барьж хийх гэж байсан. Тэгэнгүүт гуравдугаар сараас эхлээд энэ хэргийг гаргаж ирээд, зургаадугаар сараас маш шуурхай сэтгүүлчдэд үзүүлээд л, зарим нь уйлж дуулж жүжиглээд, ТББ-ынханд үзүүлээд л, тэгснээ олон нийтэд дэлгэсэн. Ард түмний сэтгэлзүйг бэлдээд байгаа юм шүү дээ. Тэд алдаа гаргасан уу гэвэл гаргасан.
ХЭРГЭЭ ХҮЛЭЭН МЭДҮҮЛСЭН ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИЙН МЭДҮҮЛЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ
-Ямар алдаа?
-Өмнө хэлсэнчлэн маш нууцын зэрэглэлд байсан хэргийн дотроос материал авч цацсан. Энэ өөрөө төрийн болон албаны тухай нууцын хуулийн 19.3-т “Тагнуулын газрын даргын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэр гаргана” гэж байдаг. Тэгэхэд тэр байхгүйгээр эд нар цацсан гэж би дотроо бодож байгаа. Нууц юмыг тэгж цацдаггүй байхгүй юу.
1998 оны аравдугаар сарын 03-ны өдрөөс эхлээд С.Зоригийн хэргийг маш нууц зэрэгт авсан. Гэтэл Төрийн албаны нууцын тухай хуулинд 19.1.20 дээр 20 жил гэж байдаг. Ингэхээр 2018 оны аравдугаар сарын 03-ны өдөр нууцлах хугацаа дуусчихсан. Тэр 67 хуудас төрийн нууцын зэрэглэлд оруулсан материалын хугацаа дуусчихсан. Одоо энэ хэрэг бүхэлдээ ил болох ёстой. 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын 115 дугаар тогтоол гарч С.Зоригийн хэргийн зарим материалыг ил болгосон. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас долоон сарын өмнө. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш дахин нууцлах тухай шийдвэрүүд гараагүй. Тэгэхээр энэ хэрэг ил байхгүй юу, үүнийг яагаад нууцлаад байгаа юм. Ингэвэл яг энэ хүнийг эрүүдэн шүүж байх үед авсан мэдүүлгийг үндэслээд шүүх шийдвэрээ гаргасан юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхой болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3.8.3-т “Хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Тэгэхээр логикийн хувьд тэднийг мянга яргалаад яах юм, тэдний мянга “би хэрэг хийсэн” гэж хэлээд тэр чинь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Манай ард иргэд яргалж байгаад хэргийг нь хүлээлгэчихлээ гээд буруу ойлгоод байгаа юм.
-Та үйлчлүүлэгчтэйгээ хэзээ сүүлд уулзсан бэ?
-Үйлчлүүлэгчийн байр суурь хэвээр байгаа. Цаашид ер нь маш их зүйл төлөвлөж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтад буцлаа. Анхнаасаа ч би нэг хэргийг ийм хурдан шийддэггүй юмаа гээд байхад тэд өөрсдөө “Шүүх дээр болчихсон, одоо найдвартай, нотлох баримттай” гээд л яаруу сандруу орсон. Тэд маш нууц зэрэглэлтэй бичлэгийг олон нийтэд цацчихсан тул ард иргэд хашгаралдаж, чулуу шидэж байгаад л маш хурдан шийдэгдчихнэ гэж бодсон байх. Гэвч гэмт үйлдэл, үр дагавар хоёрын хооронд заавал шалтгаант холбоо байдаг. Энэ шалтгаант холбоог тодруулах ёстой. Энэ нь мөнөөх захиалсан уу, үгүй юу гэдэг асуудал. Гэтэл үүнийг шүүгч, прокуроргүй бүгд хадуураад л тойроод байгаа юм.
Сэтгэгдэлүүд